Нас барсан гэх ихрүүд эрүүл бойжиж байна

ihruud-middleДархан-Уул аймагт эмчийн буруугаас болж ихэр нярай нас барсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан юм.

Цагдаагийн ажилтнууд мөрдөн байцаалтын ажил явагдаж байгаа тухай ч мэдээлсэн байв. Гэтэл уг мэдээлэл ташаа болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн. Аймгийн цагдаагийн ажилтнууд, эмнэлгийн ажилтнууд хэрэг гарсан, шалгаж байгаа хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн атал салбарын яамнаас үгүйсгэсэн үйлдлийг бататгахаар Дархан-Уул аймгийг зорьж, дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХЭРЭГ БҮРТГЭГДЭЭГҮЙ ГЭВ

Ихэр хүүхэд нэг дор амиа алдсан гэх мэдээлэл аймгийн эрүүл мэндийн байгууллагууд төдийгүй ард иргэдийн дунд төөрөгдөл, эмзэглэл үүсгэжээ. Ялангуяа эмчийн буруутай үйдлээс болсон гэсэн нь эрүүл мэндийн салбарыг сандралд оруулах нь гарцаагүй. Хэдийгээр ташаа мэдээлэл хэдий ч ард иргэдийн дунд төөрөгдөл байгаа ажээ.

Аймгийн Эрүүл мэндийн газарт очвол дархлаажуулалтын төвд ирсэн эцэг эхчүүд эмч нараас асууж тодруулж байж хүүхдэдээ вакцин хийлгүүлж байна. Эмч нарыг буруу вакцин хийсэн гэсэн мэдээллийг үнэн болохыг лавлаж, хүүхдэдээ хийчих вий гэсэн хандлагатай байлаа. Учир нь ихрүүд товлолын вакцинаа хийлгэх үеэрээ амиа алдсан гэсэн мэдээлэл гарсан юм. Ихрүүд өнгөрснийг аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа гэсэн мэдээлэл хэдэнтээ цацагдсан учир хамгийн түрүүнд Цагдаагийн газарт хүрсэн юм.

Тус газрын удирдлагууд амралтаа авсан байна. Ахалж буй мөрдөн байцаагчаас тодруулбал мэдээллийг хараахан нягтлаагүй бололтой, мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Харин тус газрын Мэдээлэл судалгааны байцаагч, цагдаагийн ахмад Ө.Амарсанаагаас тодруулбал энэ сард ихэр хүүхэд эндсэн гэх гомдол, мэдээлэл бүртгэгдээгүйг батлан хэллээ.

ИХРҮҮД ДУТУУ ТӨРСӨН БАЙЖЭЭ

Дархан-Уул аймагт эхний найман сарын байдлаар 1582 хүүхэд төрснөөс 42 ихэр мэндэлжээ. Нийслэлийн дараах хот гэдэг утгаар хүн амын нягтаршил ихтэй болохоор төрөлт олон бололтой.

Амиа алдсан гэх ихрүүд Л.Эрдэнэбаатарын Улсболд, Төрболд хоёр. Ихрүүд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд Дархан-Уул аймагт мэндэлжээ. Л.Эрдэнэбаатарын том хоёр нь тавдугаар ангийн сурагч болон гурван настай охид юм байна. Бүл нэмсэн ихрүүд төрөх хугацаанаасаа хоёр сарын өмнө мэндэлсэн учир нэг нь 0.9 кг, нөгөө нь 1.1 кг жинтэй байж.

Дутуу төрсөн ихрүүдэд товлолын вакцин хийх боломжгүй учраас хугацааг нь хойшлуулсан байна. Ихрүүдийг аймгийн нэгдсэн эмнэлгийн эх хүүхдийн тасгаас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шилжүүлжээ.

Ингээд хоёр сар орчим нийслэлд эмчилгээнд орсон ихрүүдийн бие тэнхэрч аймагтаа очиж, 14 хоногийн зайтай нэг нэгээрээ вакцинаа хийлгэжээ. Арай бие сайтай нь өнгөрсөн долдугаар сарын 17-нд, нөгөө нь 31-нд хийлгэсэн аж. Энэ хугацаанд ихрүүдийг ээж нь ханиад авч, энэ сарын 1-нд эмнэлэгт хэвтсэн гэнэ. Найман хоног ханиад, хатгалгааны эсрэг эмчилгээ хийлгэсэн ихрүүд одоо эрүүл саруул байна.

Хөвгүүдийн ээж Б.Должингоос дараах мэдээллийг тодруулсан юм.

Б.Должин: ЭРҮҮЛ БАЙГАА ХҮҮХДҮҮДИЙГ ҮХСЭН МЭТЭЭР БИЧСЭНД ХАРАМСАЛТАЙ БАЙНА

-Хөвгүүдийг эрүүл саруул байгааг харахад таатай байна. Дутуу төрсөн гэсэн. Одоо тэд зүгээр биз дээ?
-Хөвгүүд маань төрөөд гурван сар өнгөрч байна. Алтан гартай эмч нарын буянд одоо эрүүл саруул бойжиж байгаа.

-Хөвгүүдийг нас барсан гэсэн ташаа мэдээлэл гарч та бүхнийг багагүй хямраасан бололтой. Энэ талаар хэзээ сонсов?

-Ийм мэдээлэл гарсанд гомдолтой байна. Энэ мэдээллийг сонссон хамаатнууд маань багагүй сандарсан гэсэн. Хүүхдүүдийг маань эндчихэж гэж бодоод. Үнэндээ тийм юм болоогүй. Эрүүл саруул байгаа хүүхдүүдийг маань үхсэн мэтээр бичсэнд харамсалтай байна.

-Вакцинаа хийлгэсний дараа ямар нэгэн хүндрэл өгсөн үү?

-Хийсэн өдрөө биеийн байдал зүгээр байсан. Гадуур авч гарахдаа ханиад хүргэчихсэн юм. Тийм болохоор эмнэлэгт хандаж, эмчилгээ хийлгэсэн. Тэгэхээр вакцинтай ямар нэгэн байдлаар холбоогүй.

-Одоо эмч нарын хяналтад байгаа гэж сонслоо?
-Өрхийн эмч нар өдөр болгон ирж хөвгүүдийг үзэж, зөвлөгөө өгч байна. Хэдий дутуу төрсөн ч гэлээ хүүхдүүдийг анхаарч сувилж байгаа эмч нарт баярлалаа” хэмээсэн юм. Ихэр хөвгүүдийг гардан үзэж, зөвлөгөө өгч буй эмч бол Дархан сумын “Амин холбоо” өрхийн эмнэлгийн эмч Ц.Чулуунчимэг.

Тэрээр “Хүүхдүүд эхний үеэ бодвол дээрдэж байгаа. Гэхдээ зүгээр гээд орхиж болохгүй. Дутуу төрсөн, жингийн алдагдалтай, суурь өвчтэй, хатгаатай байгаа хүүхдүүдэд өдөр бүр хяналт тавих ёстой. Ихэр хөвгүүдийн талаар таагүй мэдээллийг сонсоод харамсалтай санагдсан. Эрүүл бойжиж байгаа хүүхдийг үхсэн мэтээр бичсэнд эмч бидний хувьд хэцүү мэдээлэл” хэмээв.

Б.Батцэнгэл: БУРУУ МЭДЭЭЛЭЛ ЦАЦСАН ТАЛААР ШҮҮХЭД ГОМДОЛ ГАРГАСАН

Ямартаа ч ихрүүд эрүүл саруул бойжиж байгааг харахад таатай байлаа. Килограмм хүрэхгүй жинтэй хүүхдүүдийг өдий зэрэгтэй сэтгэл гарган эмчилж буй эмч нарын хувьд ийм мэдээлэл сонсоно гэдэг хэн хүнд харамсалтай санагдана. Өөрсдийн гараар эмчилж байсан нярай нас барсан гэх мэдээллийг сонссон эмч нар багагүй сандралджээ.

Нярайн вакцин тусгай зориулалттайгаар хадгалагддаг болохоор энгийн тариатай нийлэх боломжгүй гэнэ. Энэ талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалт хариуцсан эмч Ж.Жаяан “Өнгөрсөн сард найман ихэр вакцинд хамрагдсан.

Хүүхдүүдээс дархлаажуулалтын дараах урвал хүндрэлүүд илрээгүй. Харин дээрх ихрүүд дутуу төрсөн учраас товлолын вакцинаа хойшлуулж, биеийн жин гүйцэх үеэр B, С-ийн вакцин, саагийн зэрэг гурван вакцин хийсэн юм. Вакцин зориулалтын хөргөгч, савтай учир холилдоно гэж хэзээ ч байхгүй” гэв.

Энэ талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл ийнхүү ярьж байна.

-Танай эмнэлгийн ажилтны буруутай үйлдлээс хүүхдүүд эндсэн мэдээлэл гарлаа. Харин газар дээрээ энэ мэдээлэл ташаа болох нь батлагдлаа?
-Энэ мэдээлэл эмч, эмнэлгийн ажилчдын нэр хүнд, ард иргэдийн эрүүл мэндийн байгууллагад итгэх итгэлийг бууруулж болзошгүй үйлдэл боллоо. Халдварт өвчнийг вакцинаар урьдчилан сэргийлдэг. Гэтэл вакцинд хамрагдсан хүүхдүүд эмчийн буруугаас болж амиа алдсан гэсэн мэдээлэл зарим мэдээллийн хэрэгслээр гарсан.

Тэр даруйд бид шуурхай арга хэмжээ авч вакцинд хамргадсан ихэр хүүхдүүдийн мэдээллийг нягталж үзэхэд биднийг гүтгэсэн болох нь тогтоогдсон. Дархан-Уул аймагт нярай хүүхдүүдэд буруу вакцин хийснээс амь насанд нь хүрсэн тохиолдол гараагүйг албан ёсоор мэдэгдье.

-Энэ мэдээллээс үүдэж эмч нарт итгэх итгэл буурах хандлагатай байгаа нь олон нийтийн ярианаас харагдаж байна. Хаанаас ийм мэдээлэл гарсныг тодруулсан уу?
-Дархлаажуулалт нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүчин зүйл учраас нийгэмд эцэг эхчүүд дархлаажуулалтын тоо буурах сөрөг үр дагавар гарч болзошгүй.

Энэ мэдээллийг цацсан хэвлэлийн мэдээллийн хэрэгслүүд эмч, эрүүл мэндийн салбарын нэр хүндийг унагаж, олон нийтийн сэтгэл санааг үймрүүлсэн учраас залруулга хийж, хариу мэдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Салбарын яаманд бид цаг тухайд нь мэдээллээ хүргүүлсэн. Тиймээс яамны зүгээс буруу мэдээлэл гаргасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг шүүхэд өгөхөөр гомдол гаргасан гэж албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс энэ хэрэг удахгүй шийдэгдэх байх.

Б.Энхзаяа


URL:

Сэтгэгдэл бичих