Ноёдын Г.Буяндорж мөрдөн байцаалтаас оргон зайлжээ
Саяхан хэд хоногийн өмнө Сэлэнгэ аймгийнхаа “Талархалын Баяр”-т үзэгдэж явсан Ноёд группийн захирал Г.Буяндоржийг өнөөдрөөс эхлэн Нийслэлийн прокурорын газраас эрэн сурвалжилж буйгаа мэдэгдлээ.
Мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан, ор сураггүй алга болсон хэрэгт ийнхүү буруутган орон даяар эрэн сурвалжлах болсон аж.
Түүнийг бусадтай бүлэглэн онц их хэмжээний мөнгө угаасан хэрэгт Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалган, улмаар эрүү үүсгэн Нийслэлийн прокурорт шилжүүлсэн юм байна.
Г.Буяндорж нь 2008 онд орлогын албан татвараас зайлсхийсэн, төрийн цагдаа нарт авилга өгсөн хэрэгт нь сэжиглэн шалгаж байсан юм.
Мөн тус хэрэгт холбогдуулан “Ноёд” группийн санхүүгийн албаны дарга Д.Мөнхзул, нягтлан бодогч К.Ергали, Б.Гантулга, П.Энхцэцэг нарын хэд хэдэн хүнийг саатуулан шалгаад байна.
Харин 10 сая төгрөгийн хахууль авсан мөрдөн байцаагч Д.Бямбадорж, Д.Саруул нарыг тус бүрт нь 5 жил 10 хоногийн ял өгсөн бөгөөд мөн хоёулангаас нь 5 сая төгрөг гаргуулан улсын орлого болгохоор шүүхээс шийдвэрлэсэн юм.
Дашрамд өгүүлэхэд, Г.Буяндорж нь урьд нь өөрөө хуулийн байгууллагад ажиллаж байсан, эхнэр хүүхэдтэй нэгэн байсан бөгөөд сүүлд дуучин Т.Ариунаатай сууж, нэг хүүхэдтэй болсон юм.
Нийтлэсэн: С.Батгүр
URL: