Монгол залуусын дуу хоолой
-Хүүхдүүдийг хамгаалах үндсэн зарчим болоод залуусыг хөгжүүлэхүй-
Дэлхийн Зөн Олон улсын байгууллагаас Азийн орнуудад хандан “Хүүхдийн эрх зөрчигдсөн, олон нийт тэдний эрхийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хүүхэд залуусын дуу хоолойг өргөх бодлогын орчныг бүрдүүлж, тэднийг аливаа мөлжлөг, хүчирхийлэл, доромжлол, үл хайхрах явдлаас хамгаалах хамгаалалтаа сайжруулахыг уриалж байна.
Монгол Улсын нийт хүн амын 24 хувийг 15-24 насны залуучууд эзэлдэг бөгөөд тэдэнд үе тэнгийнхнийхээ дунд элбэг тохиолддог хүчирхийлэл, дарамт, 24 хувийн ажилгүйдэл, ХДХВ/ДОХ гэх мэт бэлгийн замын халдварт өвчинд өртөх өндөр эрсдэлтэй 22 хувь гэх мэт санаа зовоосон асуудлууд дээр тэдний дуу хоолойг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Өнөөдрийн байдлаар Монголын залуус, тэдэнд тулгарч буй асуудлуудыг тодорхойлох тогтсон бодлого, чиглэл байхгүй байна. Дэлхийн Зөн Олон улсын байгууллага бол хүүхдэд чиглэсэн, хөгжлийн байгууллага бөгөөд Засгийн газар болон хүүхэд залуустай хамтран хийсэн “Монголын хүүхэд, залуучуудын оролцоо, дуу хоолойгоо сонсгох эрх зүйн орчин”-ы судалгаагаар үндэсний хэмжээнд болон орон нутгийн төвшинд энэ чиглэлээр хийх ажил нэлээдгүй их байгаа нь харагдаж байв.
Өнгөрсөн тавдугаар сард болсон “Залуучуудын чуулга”-ны үеэр цугласан хүүхэд, залуус Засгийн газраас залуучуудад чиглэсэн “Үндэсний бодлого”-ыг дараахь байдлаар боловсруулахыг хүссэн юм. Үүнд:
• Залуусын оролцох эрхийг хуулиар дэмжих
• Залуусын мэдээлэл авах эрхийг дэмжих
• Хууль журамд нөлөөлөх боломжийг дэмжих
“Яагаад Монголын залуучууд үүнийг ажил хэрэг болгож, түүнийгээ хүмүүст сонсгох хэрэгтэй вэ?” Монголын Скаутын Холбооны залуу тэргүүн н.Баяржаргал “Үндэсний залуучуудын чуулга уулзалт”-ын үеэр үеийнхнийгээ төлөөлөн хэлсэн үгэндээ “Бид бол үе тэнгийнхнийгээ төр засгийнхаа бүх л төвшинд оролцох, сайхан ирээдүйн төлөө сайн дураараа ажиллахад уриалан дуудах нийгмийн хариуцлагатай хүмүүс” хэмээсэн.
Мөн Дэлхийн Зөн Олон улсын байгууллагаас Азийн орнуудад хандан, эрх нь зөрчигдсөн үед хүүхэд залуусын дуу хоолойг өргөх “Олон улсын хэлэлцээр”-т нэгдэхийг уриалж байна. Хүний эрхийн чухал гэрээ хэлэлцээрүүдийн нэг болох энэхүү Хүүхдийн эрхийн конвенцийн нэмэлт III протокол “Мэдээлэх журам” нь Монгол Улсын 1990 онд нэгдэн орсон НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенцийг улам бэхжүүлж өгөх юм.
Уг нэмэлт протоколыг анх хүүхдийн эрхийн байгууллагуудын нөлөөллөөр танилцуулсан бөгөөд хэрэв батлагдвал хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд дотоодын хамгааллын шийдлүүд үр дүнгүй болсон тохиолдолд “НҮБ-ын Олон улсын комисс”-т шууд мэдээлэх боломжтой болох ажээ. Ингэснээр Монгол Улсад хүүхэд хамгааллын тал дээр мэдээлэх механизмыг сайжруулахаас гадна хүүхдүүд давхар олон улсын нэмэлт хамгаалалттай болж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Азийн орнуудаас Тайланд, Малдив гэсэн хоёрхон улс л уг протоколд нэгдэн орох тухайгаа илэрхийлсэн гэрээнд гарын үсэг зурсан байна. “Гашуун үнэнийг хэлэхэд хүүхэд, залуус маань хүчирхийлэл, хөдөлмөрийн мөлжлөг, тэр бүү хэл хүний наймаанаас үүдсэн бие махбодийн болоод сэтгэл санааны дарамтад өртөж байгааг бид байнга сонсч байдаг” хэмээн Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч Винсент Эдвардс хэллээ. Тэрбээр үргэлжлүүлэн “Дэлхийн Зөн Олон улсын байгууллага нь 1995 оноос хойш Монгол Улсад хүүхэд хамгааллын чиглэлээр төр засгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хүүхдэд тулгарч болох олон янзын заналхийллийг арилгах зорилготой үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Бидний хувьд уг протокол батлагдсанаар энэ зорилгодоо хүрэх чухал алхмыг хийж, хүүхдүүдэд өөрсдөд нь хамаатай асуудлынхаа талаар дуу хоолойгоо шууд хүргэх боломжийг бүрдүүлнэ” гэлээ.
Уг протокол нь Монгол Улсын нийт хүн амын 36 хувийг эзэлдэг 18-аас доош насныханд нөлөөлөх боломжтой гэж үзэж байгаа. Хүүхэд, залуус доромжлуулах болон бие махбодиороо гэмтэхээс хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхтэй байхыг хүсдэг. Энэхүү протокол болон “Залуучуудын үндэсний бодлого” нь хүүхэд залуучуудыг үндэсний болон олон улсын тавцанд дуу хоолойгоо сонсгох, тэднийг хүчирхийлэл, доромжлолоос хамгаалагдан өсөх боломжийг бүрдүүлэх мөн Монгол Улсын Засгийн газрыг хүчирхэгжүүлэхэд ихээхэн дэмжлэг болох юм.
“Тэд Монголын ирээдүй учраас бид залуусынхаа дуу хоолойг сонсох ёстой. Тэд аливаа асуудлыг шийдэх шинэлэг, бүтээлч аргачлалыг сэддэг. Бид Монголын төрийг уг ПРОТОКОЛ-д гарын үсэг зуран, залуучуудад зориулсан бодлогыг дэмжиж, шийдвэр гаргах бүхий л төвшинд тэдний дуу хоолой хүрэх боломжийг бүрдүүлэхийг ятгаж байна” хэмээн ноён Винсент Эдвардс хэллээ.
/Монголын мэдээ/
URL: