Г.Занданшатар: Эрх баригчид буруу ажилласнаас эдийн засаг аюулд орчихлоо
Удаан хүлээлгэсэн МАН-ын Бага хурал өнгөрсөн долоо хоногт болж, намынхаа дотоод асуудлаас гадна улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн илтгэлд улс орны эдийн засаг хүндэрч болзошгүй талаар болон валютын ханшийн огцом өсөлтийн талаар онцолж, УИХ-аар нэн яаралтай Төсвийн тухай хуулийг хэлэлцэж, төсөвт тодотгол хийх шаардлагатай байгааг анхааруулж байв. Түүнчлэн тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал зарлаж, “Эрх баригчид хаана, бооно, хорино, цагдана гэсэн имижээсээ татгалзаж хийнэ, бүтээнэ, дэмжинэ, хөгжүүлнэ…” хэмээж байв. Иймд түүнтэй дээрх сэдвийн хүрээнд “Ярилцах танхим”-д урьж, ярилцлаа.
-Танай намын зүгээс сүүлийн үед эрх барих хугацаандаа “17 хувийн өсөлттэй эдийн засагтай улс орныг бид хүлээлгэн өглөө” хэмээн Ардчилсан намд гүйцэтгэх засаглалын тамга шилжүүлэх үедээ мэдэгдэж байсан. Харин өнөөдөр эдийн засгийн өсөлт эсрэгээрээ эргэж байх шиг байна. Та үүнд ямар “онош” тавьж байна вэ?
-Дэлхийн эдийн засгийн хямралын үеэр буюу 2008-2009 онд МАН сонгуульд ялж, Засгийн газраа байгуулаад нэг жилийн дотор эдийн засгийн хямралыг даван туулж чадаж байсан. Тодруулбал 2009 онд эдийн засгийн өсөлт хасах 1.6 хувьтай байсныг 2010 он гэхэд 6.4 хувийн өсөлтөд хүргэсэн. Бүр дэлхийд тэргүүлэх хэмжээнд буюу жилийн 17.5 хувьд хүргэсэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг жилд дөрвөн тэрбум ам.доллараар татсанаар ядуурлыг 39 хувиас 26 хувь хүртэл бууруулсан.Ингэснээр энэ жилдээ экспортыг хоёр дахин нэмэгдүүлж, Монголын эдийн засгийн үсрэнгүй өсөлтийн үндэс суурийг тавьсан. Өнөөдрийн нөхцөл байдлыг тэр үетэй харьцуулбал дэндүү харамсалтай дүр зураг харагдаж байна. Эдийн засгийн орчин дахь төрийн оролцоо, зохицуулалтын хэрээс хэтэрлээ. Хэт их улстөржсөн, популист шинж чанартай, бодлогогүй, ялгаварласан алхмууд олноор хийгдэж байгаа нь өөрөө эдийн засаг хүндрэх үндсэн шалтгаан болж байна.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өмнөх Засгийн газрын өрийг төлж байгаа учраас нүүрснээс орлого орохгүй байгаа…” гэж ярьсан. Түүний үгийг худлаа биш байх гэх бодол олон нийтэд төрж байж болох юм?
-Одоогийн хийгдэж байгаа томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийн бэлтгэлийг өмнөх Засгийн газар буюу Ардын нам хийсэн. Ингэснээр бид энэ Засгийн газарт Монголын түүхэнд хамгийн өндөр өсөлттэй, валютын нөөцтэй, хөгжлийн санхүүжилтийн бэлэн эх үүсвэртэй Монгол Улсыг Н.Алтанхуягийн Засгийн газарт хүлээлгэж өгсөн. Тэд хэрэв зөв ажиллаж чадсан бол Монголыг өнөөдрийн нөхцөл байдалд хүргэхгүйгээр хөгжүүлэх боломжийг бид бүрдүүлсэн. Тэр бүх боломжийг бид хулгайлж авч үлдээгүй. Төрийн уламжлал гэдэг утгаараа тэр хэвээр нь үлдээсэн. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж томоохон дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулж, бизнесийг дэмжих жил зарласныхаа хүрээнд энэ орчин дахь төрийн дарамт, хүнд суртлыг арилгах олон бодит ажлыг хийсэн. Үүний хүчинд 2009 оноос хойш Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 6.5 их наядаас 14 их наяд болж тэлэн, нэг хүнд ногдох орлого Дэлхийн банкны аргачлалаар тоооцоход 1855 ам.доллараас 3335 буюу 1.8 дахин өсч, төсвийн хөрөнгө оруулалтыг жилийн 433 тэрбум төгрөг байсныг 1.4 их наяд болгож нэмэгдүүлсэн байдаг. Энэ хугацаанд экспортыг 1.8 тэрбум ам.доллараас 4.3 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Хөрөнгийн биржийг шинэчлэх, Хөгжлийн банк байгуулах, хөдөлмөрийн зах зээлийг боловсронгүй болгох, МСҮТ-ын тогтолцоог шинэчлэх гээд одоо ч үргэлжилж байгаа олон том ажлуудын суурийг үнэндээ л өмнөх Засгийн газар тавьсан. Үүнийг сэтгүүлчид та бүхэн ч мэдэж л байгаа. Харин өнөөдөр эрх баригчид “Үүрэхийг нь чи үүрч, аахилххыг нь би аахилая” гэгчийн үлгэрээр тууз хайчлахад л хошуурч байна шүү дээ.
-Гэхдээ одоогийн нөхцөл байдлын тухайд гадаад хүчин зүйл нь чамгүй бэрхшээл учруулж байх шиг байна. Наад зах нь дэлхийн зах зээлд экспортын барааны хэлбэлзэл нөлөөлсөн гэдэг шалтгаанаар эрх баригчдыг өмгөөлж болох юм?
-Манай намын дарга Ө.Энхтүвшин Бага хурлын үеэр тавьсан илтгэлдээ анх удаа “Гадаад худалдаа асар их буурсан” гэдэг мэдээллийг нийтийн анхаарлын төвд оруулж ирлээ. Цаашид бид асуудлыг улам бүр бататган задлан шинжилж, эрх баригчдад шаардлага тавина. Учир нь одоо л хэлэхгүй бол оройтох гээд байна. Улс төрийн хэт их захиргаадалт, төрийн дарамт, татварын ачаалал эрс нэмэгдэж ДНБ-ний 39 хувьтай тэнцэх түвшинд хүрч, судалгаа, үндэслэлд суурилаагүй популист шийдвэрүүд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад ихээхэн цаг хугацааны болон мөнгөний хохирол авчирлаа. Хөрөнгө оруулалтуудыг зогсоох аюулын хэмжээнд хүрлээ. Хэрэгжүүлэх гэж байсан томоохон хөрөнгө оруулалтын төслүүд, тухайлбал улсын аюулгүй байдлыг хангахад нэн чухал, улсын эрчим хүчний систем, Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргах хувийн хэвшлийн санхүүжилттэй 1.4 тэрбум ам.долларын “ТЭЦ V”-ын ажил бүрмөсөн зогсож, Тавантолгой-Гашуун Сухайтын төмөр замын ажлыг хувийн хэвшлийнхнээс үндэслэлгүйгээр булаан авч, татвар төлөгчдийн нуруунд хүнд ачаа үүрүүлэх боллоо.
-Гадаадын хөрөнгө оруулалт асар ихээр унасан гэдэг яриа тань зарим хүнд ердөө л муулахын төлөө муулж байгаа юм шиг сонсогдох нь бий. Иймд бодит тайлбарыг нь тодруулахгүй юу?
-Хэт улстөржсөн, популист уур амьсгалаар бизнесийн орчныг муутгасан болохоор гадаадын хөрөнгө оруулалт 2012 оны түвшнээс 60-40 хувиар буурсан албан баримт байна. Төсвийн орлого ихээхэн тасарсан. 2013 онд олон улсын байгууллагын дүгнэлтээр нэгдсэн төсвийн нийт алдагдал 2013 онд ДНБ-ний 13 орчим хувьд хүрэхээр гарсан байна. Энэ нь 2012 оноос бараг хоёр дахин буурсан үзүүлэлт. Ер нь сүүлийн 13 жилд байгаагүйгээр доройтсон үзүүлэлт юм шүү. Олон улсын байгууллагын дүгнэлтээс харахад, нийт хөрөнгө оруулалт 2012 оны эхний улиралд 68 хувиар өсч байсан бол сонгуулийн дараа 2012 оны дөрөвдүгээр улиралд өсөлт 16.3 хувь болж эрс саарсан байна. Манай Үндэсний статистикийн хорооны мэдээллүүдэд ч нүүрсний экспорт 2013 онд өмнөх үетэй харьцуулахад 50 хувиар унаж, экспорт сүүлийн жилүүдэд байгаагүйгээр унасан байгаа. Төгрөгийн ханш өнгөрсөн жилийн өдийд 1319 төгрөг байсан бол одоо 1600 руу ойртож байгаа нь импортын бүх барааны үнийг өсгөж, имфляцийг улам хөөрөгдөх шалтгаан боллоо. Товчхондоо хэлбэл эрх баригчид буруу ажилласан учраас эдийн засаг аюулд орчихсон гэж ойлгож болно.
-Гэхдээ Таныг салбарын сайд байх үед баталсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас болж хөрөнгө оруулалт зогсч байгаад танай нам хариуцлага хүлээх ёстой юм биш үү. Нэг ёсны нөхцөл байдлыг өнөөдрөөс бус өчигдрөөс хайх хэрэгтэй гэдэг бодол төрж байна л даа?
-Би анхлан Гадаадын стартегийн хөрөнгө оруулалтын гэрээ контрактуудад Засгийн газар зөвшөөрөл олгодог журмын тухай хууль санаачилсан. Тэр хуулийг би олон улсын стандартын дагуу Австрали, ОХУ-ын ижил төстэй хуулиудыг судалж байж түүндээ үндэслэн боловсруулсан. Угаасаа дэлхийн олон оронд байдаг тийм л хууль. Харин хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед зөвшилцлийн журмаар хоёр намын бүлгийн ажлыг хэсгүүдээс нэмэгдсэн саналуудаар өнөөгийн хууль төрсөн. Миний анх санаачилсан хууль УИХ-ын Тамгийн газарт байгаа. Авч үзээрэй. Тэгээд ч ер нь хууль болохгүй байгаа бол засч, залруулж, сайжруулах боломж нь одоогийн олонхид бий. Урд өмнөх үеэ шүүмжилж суухаар урагшаа харж ажиллах цаг болсон байна. “МАН задарвал АН цуурах нигууртай…” гэж ирээд нийтлэл гарсан байсан. Хоосон улстөржиж, МАН-ын гэсэн бүхнийг нулимаад өөрсдийгөө алтан биетэй, мөнгөн бөгстэй гэж харахын тулд юу ч хийхэд бэлэн суух нь улс орны эрх ашиг, ард түмний хувь заяанд хэчнээн хал балтайг эрт олж харах нь чухал байгаа юм.
-Тэгвэл бондын тухайд гэхэд танайх нэлээн шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ нь сөрөг хүчнийхээ үүргийг бүх цаг үед биелүүлэх үүрэгтэй тань холбоотой юу?
-Энэ 1.5 тэрбум ам.долларын зээл улсын өрийг эрс нэмэгдүүлэх бодлогогүй, төлөвлөлтгүй ажил болсныг тухайн үед нь буюу хахир өвлөөс эхлээд л шүүмжилсэн. Зуны сар гараад иртэл эргэн төлөх найдваргүй гудамжны засвар мэтийн ажилд зарцуулсан эсэх нь мэдэгдэхгүй үгүй хийж, гарынхаа салаагаар гоожуулж байна. Одоо ч гэсэн найман хувьтай зээл болгоод цацаад эхэлж байгаа юм байж. Мөн үнэ тогтворжуулах бодлого гээд 720 тэрбум төгрөгийг компаниудыг ялгаварлан байж та-раасан. Ингэснээр зөвхөн эхний хагас жилд л инфляци өмнөх оны мөн үеийнхээс 8.8 хувьд хүрч, энэ оны зорилт болсон найман хувиас он дуусаагүй байхад хэтрээд явж байна. Санхүүгийн хямрал үнэт цаасны зах зээлд илэрч 2013 оны эхний зургаан сард үнэт цаасны гүйлгээ 79.8 хувь, арилжигдсан үнэт цаасны тоо 79.7 хувиар буурч, “Чингис” бонд буюу Монголын өрийн бичгийг одоо дэлхийн зах зээлд бүр анхны үнийн 93 хувь хүртэл хямдруулан арилжиж байгаа олон улсын “Ройтерс” агентлаг мэдээлж байна.
-Ерөнхийдөө таны дээрх бүх яриа одоогийн нөхцөл байдалд МАН бус Ардчилсан намын засаг буруутай гэсэн үндсэн санаан дээр төвлөрөв бололтой. Тийм үү?
-Буруутгахын тулд буруутгаад байгаа юм огт байхгүй л дээ. Наад зах нь “Чоно борооноор” гэгчээр ид амралтын үеэр бараа бүтээгдэхүүний суурь үнэ болох цахилгааны үнийг өргөн зөвшилцөлгүйгээр дур мэдэн нэмсэн нь хэрэглэгчдэд хүнд цохилт болчихлоо. Ер нь тэгээд энэ эрчээрээ явбал аравдугаар сараас эхлээд Монгол Улсын эдийн засаг улам бүр хүнд байдалд орох төлөвтэй байна. Тавантолгойгоос Хятадын “Чалко” компанитай үүссэн өрийг хоёр талдаа хохиролгүйгээр хэрхэн шийдвэрлэх, Оюутолгойн гэрээнд харилцан ашигтай байх нөхцөлөөр зарим өөрчлөлт оруулах талаар манай намаас зохион байгуулсан эрдэмтэн, судлаачид, улс төрийн намын төлөөлөл оролцуулан өнгөрсөн гуравдугаар сард Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан байгаа. Эндээс гаргасан зөвлөмжийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн ч одоо хүртэл арга хэмжээ авсангүй. Ингэж байдлыг хүндрүүлсний хариуцлагыг эрх баригчид хүлээх ёстой.
-Та өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт энэ бүх шалтгаанаас үүдэн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг УИХ-ын даргаас шаардсан. Гол нь ээлжит бус чуулган хуралдлаа гэхэд ямар асуудлыг хэлэлцэж, ямар үр дүнд хүрэх ёстой юм бэ?
-Нэн даруй Төсвийн тухай хуулийн тодотголыг хэлэлцэж, улс орны өмнө тулгарч байгаа энэ санхүү эдийн засгийн хүнд байдлыг хэрхэн аврах талаар бодлого гаргах шаардлагатай байна. Нэн яаралтай улсын экспортыг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, экспортын төмөр замын дэд бүтцийг яаралтай байгуулах, Монголын экспортын транзит тээврийн нөхцөл, баталгаат борлуулалтын таатай нөхцөл бий болгох мэтчилэн ажлыг хугацаа алдалгүй хиймээр байна. Хураах, хаах, боох, хязгаарлах, хорих, цагдах гэсэн эдийн засгийн бодлогоо өөрчилж хувийн хэвшлийн дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, урамшуулах эрх зүйн орчин бий болгох бодитой арга хэмжээ авах, төрийн зохицуулалтыг оновчтой болгож улс төржсөн, гадуурхсан, ялгаварласан төрийн дарамтыг болих,улс орны хөгжлийн төлөө бүх хүчээ дайчлах шаардлагатай байна. Үүний төлөө цаг алдахгүй, төр ажлаа хиймээр байна.
Г.Отгонжаргал
URL: