26 унаач хүүхэд мориноос унасан гэв
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүй долоон худагт Гиннесийн амжилтад бүртгүүлэх “Монгол морь 3000” арга хэмжээ зохион байгуулагдсан.
Энэхүү уралдаанд 3000 морь оролцоно гэж зохион байгуулагчид төлөвлөсөн боловч 4249 морь уралдсан байна.
Энэ үеэр унаач хүүхдүүдийн бэртэл гэмтэл хэр байсан талаар Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгээс тодрууллаа.
-Уралдааны үеэр унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хэрхэн хангасан бэ?
-Манай байгууллага энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахын өмнө хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад байгууллагуудаас унаач хүүхдийг хэрхэн хамгаалах гэж байгаа талаар лавлаж асууж байсан.
Энэ тал дээр манай байгууллага ХТҮГ /Хүүхдийн төлөө үндэсний газар/ болон цагдаагийн байгууллагатай нягт холбоотой ажилласан. Үүний үр дүнд 4249 морины уралдаанд 26 хүүхэд мориноос унасан, нэг нь ч бэртэл гэмтэл аваагүй. Мөн уралдааны замаа сайн засаж янзалсан бөгөөд унаач хүүхдүүд бүгд хамгаалалтын малгай, цээживчтэй оролцсон” гэв.
Энэ талаар Төв аймгийн цаг-даагийн хэлтсийн ахлах дэслэгч Д.Чулуунбаатараас тодруулахад “Одоогоор манай байгууллагад энэ талаар ямар нэгэн хэрэг бүртгэгдээгүй байна” гэв.
Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс лавлаж асуухад “Статистикийн алба амарч байгаа учраас энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Лавлах утсанд унаач хүүхэдтэй холбоотой гэмтлийн дуудлага бүртгэгдээгүй байна” гэв.
Н.Баасандэмбэрэл
URL: