УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн хэргийг нийслэлийн шүүх хянана
УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох хэргийг Нийслэлийн шүүхэд хянахаа болжээ.
Д.Дондог нар УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохын өмнө хотын “А” зэрэглэлийн бүсэд барилга барих газар хайж байсан “Меритон” компанийн удирдлагаас “Сум бар” ХХК-ийн захирал А.Батбилэг, өөрийн туслах Д.Сайнбаяр нараар дамжуулан их хэмжээний мөнгө авсан болох нь гэрч нарын мэдүүлэг болон мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэж байгаа.
Түүнийг тухайн үед хуулийнхан шалгаж эхэлсэн боловч УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянаж, шийдвэрлэх явцад саад учирч хэргийг түдгэлзүүлээд байсан юм. Харин УИХ-ын 2012 оны сонгуулийн дараагаас дахин шалгаж эхэлсэн байна.
УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, онц аюултай гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр буруутгаж буй. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол шүүхээс эд хөрөнгийг нь хурааж, 10-15 жилийн ял оноох юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох хэргийг хоёрдугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцээд нэмж шалгах зүйлс байна, нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Харин Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас сэргээн шалгасан уг хэрэгт хяналт тавьсан прокурор үүнийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Ингэснээр нийслэлийн шүүх энэ хэргийг хянахаар болсон байна. Албаны эх сурвалжийн мэдээллээр Нийслэлийн шүүх уг хэргийг энэ сарын сүүлээр хэлэлцэх гэнэ.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=10661
URL: