Байрныхан газраа өмчилмөөр байна
Муу ёрлож байгаа юм биш шүү. Саяхан даа, Улаанбаатар хотод ашиглалтын шаардлага хангаагүй, нурж мэдэхээр 535 орон сууц байгааг Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлж байсан.
Хуучирч муудсан орон сууцанд цаашид хүн амьдрахад аюул тулгараад байгаа учир эдгээр барилгуудыг нурааж, шинэ орон сууц барих шаардлагатай байгааг хэлж байсан юм. Барилгын хөгжлийн төвөөс орон нутагт мөн хяналт шалгалт хийхэд 17 аймагт 100 гаруй барилга байшин шаардлага ханагахгүй ашиглалтын хугацаа дууссан байж.
Харин манай улсад эдгээр барилгуудыг нурааж, дахин барих талаар хууль, эрх зүйн орчин байхгүй ажээ. Тиймээс Хот дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөлд энэ талаар тусгахаар болсон юм.
Үүнтэй холбоотой нэгэн таатай мэдээний сураг аль сонсогдоод чимээ алдарсан. Тэр бол орон сууцны иргэд тухайн барилгын доорх газрыг өмчилж болох юм гэсэн санал байлаа. Ийм хэрэгцээ шаардлага байгаа юу гэвэл бий.
Тод жишээ нь хуучнаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны урд талд байсан “Цэргийн-44” нэртэй барилга. Хуучирч муудсан барилгыг нь нурааснаас болж оршин суугчид нь барьцаалах зүйлгүй хоцорч, одоог хүртэл газрын асуудал маргаантай хэвээр байна.
Барилгын хог, шороо нь яг л тэр хэвээрээ дөрвөн жилийн нүүрийг үзэж байна. “Цэргийн-44” барилгын оршин суугчидтай ижил хувь заяа олон хүнийг хүлээж байж болзошгүй. Энэ бол заавал газар хөдлөлт гэлгүй ирээдүйд болох тодорхой үйл явдал. Улаанбаатар хот болон төв суурин газруудад 1950-1960 онуудад нийтийн эзэмшлийн орон сууцууд баригдаж эхэлсэн байдаг.
Модон хийцтэй зарим барилгуудын эдэлгээний хугацаа аль хэдийнэ дууссан. Хүн амьдрах боломжгүй нурах дөхсөн 44 барилга байгаа гэдэг. Хуучирч муудсан барилгыг нурааж л таарна. Харин оршин суугчдад нь барьцаа болж ядаж газар нь үлдэх ёстой. Энэ шаардлагыг гол нуруу болгож орон сууцны иргэдэд газрыг нь өмчлүүлэх санал гарч байсан гэнэ. Энэ саналыг нийслэлийн удирдлагууд зарчмын хувьд дэмжжээ.
Харин судлах зүйл нэлээд олон байгаа тул өдийг хүртэл дорвитой арга хэмжээ авалгүй ирсэн байна. Хамгийн наад зах нь нийслэлд байгаа хуучирсан барилгын тоог нарийвчлан гаргах хэрэгтэй. Тэнд хэчнээн оршин суугч амьдарч байгаа, таван давхар, есөн давхар барилга хэд байгаа, газрыг нь хэрхэн үнэлэх гээд асуудал олон гэнэ. Холбогдох хууль тогтоомжийг ч батлах ёстой юм.
Одоогийн байдлаар манайх лав энэ талаар судалж эхлээгүй байгаа гэж Нийслэлийн кадастрын хэлтсээс мэдээлсэн юм. Цаг хугацаа, хэрэгцээ шаардлагын хувьд энэ бол яах аргагүй оновчтой ажил болно гэж олон хүн хэлж байна. Нийслэлийн иргэдийн гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлөх ажил туйлын хангалтгүй буюу 96.3 хувь нь газар өмчилж аваагүй байгааг албаныхан саяхан мэдээлсэн.
Орон сууцны иргэдэд газрыг нь өмчлүүлэх нь дээрх асуудлыг ч давхар шийдэх таатай боломж юм. Энэхүү санал санаачилга нь зөвхөн хуучин барилгын оршин суугчдад хамаатай бус. Шинээр орон сууц авч байгаа хэн бүхэн газрыг нь хувааж өмчлөнө гэдэг зүй ёсны явдал.
Өнөөдөр орон сууцанд орохын тулд бид амьдралынхаа 15-20 жилийг барьцаалж, насан туршийн орлогоо хэдхэн метр дөрвөлжин хананд зориулж байна. Барилгын компаниуд байшин барих газраа олж авахын тулд хэдэн тэрбумаар нь цацсан тэр зардлыг өнөөдөр бид төлж байранд орсон.
Саяхны ханшаар Зайсан, нэгдүгээр хороолол чиглэлийн газрын үнэ нэг сая ам.доллараас давсан байлаа. Бидний төлж авсан нэг метр квадрат талбайн үнэд энэ үнэ хангалттай шингэсэн байгаа. Тиймээс ирээдүйд учирч болох эрсдлийг тооцоолж байрныхан газраа өмчлөх нь зүй ёсны хэрэг билээ. Хэрэв би орон сууцныхаа доорх газраас өмчлөөд авчихвал түүнийгээ барьцаа хөрөнгө болгоод банкнаас зээл хүсэх ч боломжтой болно.
Ерөөс барилгаас илүү газар нь үнэ цэнэтэй байх зарчмыг улс орнууд баримталдаг. Японд 10, 20, 30 давхар байшинг 20-30 жилийн дараа нураагаад суурин дээр нь шинээр байшин барьдаг.
Доор нь байгаа газар дээр нь байгаа барилгаас илүү үнэ цэнэтэй учраас тэр. Тэр байшинг нураагаад доорх газрынхаа эрхээр баталгаажуулаад дахиад байшин барьж болж байна. Тэгэхээр нэгэнт эхлүүлсэн санал санаачилгыг ажил хэрэг болгомоор байна. Байрныхан газраа өмчилмөөр байна.
Б.Солонго
URL: