Эмсийн хүрээлэнгийн эзэд шангаа хүртсээр…

Эмсийн хүрээлэнгийн эзэд шангаа хүртсээр...

Сүүлийн хэдэн сар Баянгол дүүргийн нутаг биеэ үнэлэгч нарын үйл ажиллагаа явуулах хамгийн тохиромжтой газар байсан гэдэг нь харагдлаа.

Өнгөрсөн сарын 24-нд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гандангийн дэнжид үйл ажиллагаа явуулдаг саунд нууцаар биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийг баривчилсан.

Энэ хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй байтал тус дүүрэгт дахин биеэ үнэлэгчдийн үүр уурхай болсон газар олдлоо. Тодруулбал, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ale house Inn” гэх газрын подвалд байрлах саунд биеэ үнэлж байсан есөн эмэгтэйг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж, илрүүлсэн байна.

Тодруулбал, гурав хоногийн өмнө Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст “Ale house Inn” гэх газрын подвалд үйл ажиллагаа явуулж байгаа саунд хүмүүс биеэ үнэлж байна гэх мэдээлэл иржээ.

Үүний дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн тус газарт очиж шалгалт хийсэн байна. Шалгалт хийхэд тэнд саун ажиллах бус биеэ үнэлэгчдийн орогнодог газар  гэдгийг тогтоожээ. Улмаар шалгалт хийх үед тэнд байсан эмэгтэйчүүдийг саатуулж, энэ газрын эзнийг олж тогтоосон ажээ. Тэд одоо гадуур байцаалт өгч байгаа бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Олсон орлогынхоо  50 хувийг О-д тушаах  ёстой

“Ale  house  Inn”  гэх том хаягтай дөрвөн давхар энэ байшинд зөвхөн саун биш, зочид буудал, паб, pc тоглоомын газар үйл ажиллагаагаа явуулдаг байна. Үйл ажиллагаа явуулж байгаа газруудын эзэн нь тус тусдаа боловч байшинг эзэмшиж байгаа эзэн нь нэг. Сауныг ажиллуулж байсан эмэгтэй О нь энэ газрыг худалдаж аваад удаагүй байжээ.

Мөн худалдаж авсан мөнгийг нь гүйцэд төлөөгүй гэнэ. Тэрбээр “Саунд массажист авна” хэмээн зар байрлуулж хүнээ олдог байна. Түүний энэ хавханд ихэвчлэн хөдөөний гэх тодотголтой болоод амар хялбар аргаар мөнгө олох гэсэн эмэгтэйчүүд ордог байжээ.

Биеэ үнэлэгчид нэг удаад 40 мянгаар үйлчилгээ үзүүлдэг  бөгөөд  үүнийхээ 50 хувь буюу 20 мянган төгрөгийг ажлын байраар хангаж байгаагийнхаа төлбөр хэмээн О-д тушаадаг  байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Түүнчлэн энэ газраар зөвхөн эрчүүд үйлчлүүлэх боломжтой аж.

Өөрөөр хэлбэл, саунд орох гэсэн бүсгүйчүүдэд энэ газрын үүд хаалга хаалттай. Харин зөвхөн  эрчүүд энэ газарт очвол ажиллаж байгаа хэмээн дуртайяа оруулах. Тиймээс ч хаалга нь байнга хаалттай байдаг бөгөөд хонх дарж ордог байна.

Эх сурвалжийн хэлснээр энэ газраар үйлчлүүлэх гэсэн хоёр эмэгтэйг саунд ороход эхүүн үнэр үнэртэж, өндөр өсгийт өмссөн нэг эмэгтэй манайх ажиллахгүй байгаа хэмээн хэлжээ. Тэд дараа нь учрыг мэдэж эрэгтэй хүнээр очиж лавлуулахад  “Ажиллаж байгаа. Нэмэлт үйлчилгээ авах уу” хэмээн асуусан байна. Гэхдээ энэ явдал бараг хоёр жилийн өмнөх асуудал.

Энэ газрыг ажиллуулж байсан эмэгтэй О нь өнгөрсөн дөрөвдүгээр сард худалдаж авсан аж. Тэгэхээр энэ газрын өмнөх  эзэн нь ч мөн биеэ үнэлэгчдийг байраар хангаж, биеийг нь үнэлүүлдэг байсан гэсэн үг юм. Ингэхээр энэ газар эхнээсээ л биеэ үнэлэгчдийг байрлуулах зорилготой үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэдэг нь ойлгомжтой юм.

Саун гэх хоёр өрөө нь өмхийрсэн тул үйлчлүүлэгчдээ тусгай жижиг өрөөнд оруулдаг байжээ

Биднийг биеэ үнэлэгчдийн үүр уурхай болсон тус газарт очиход зочид буудлынх нь хаалга дээр “Саун ажиллахгүй” гэх бичиг наасан байсан юм. Зочид буудлын хүмүүсээс зарим зүйлийг тодруулахаар орлоо. Гэтэл тэр зочид буудалд бас л хэрэг гарсан бололтой бөөн хэл ам болж, хоорондоо хэрэлдэж, маргалдсан хүмүүс угтсан юм.

Учрыг лавлахад тус буудлаар өмнөх өдөр нь үйлчлүүлсэн хүний  эд зүйлс алга болсон байна. Хэргийн эзнийг олох гэсэн ч тус буудлын камер нь хулгай гарах үед ажиллаагүй бөгөөд цахилгаан тасарсан байжээ. Улмаар хэргийн эзэн олдоход хэцүү болж, ийн маргаан үүсэхэд хүрсэн аж.

Харин буудлын ресепшнээс саун хэзээнээс ажиллаж эхлэх, яагаад хаагдсан талаар асуухад “Мэдэхгүй. Ойрын үед ажиллахгүй байх” гэсэн юм. Ингээд ойр хавьд нь үйл ажиллагаа явуулж байгаа газруудаас энд өмнө нь янз бүрийн хэрэг төвөг гардаг байсан эсэх талаар тодрууллаа.

Тэдний хэлснээр “Пабаар нь үйлчлүүлсэн хүмүүс  хоорондоо маргалдаж, зодоон болох нь энгийн үзэгдэл. Саяхан саунд нь  биеэ үнэлдэг байсан бүсгүйчүүд баригдсан гэсэн. Үнэн байх аа. Өдөр шөнөгүй л янз бүрийн хүмүүс харагддаг юм” гэх хариултыг өглөө.

Ингээд хэрэг шалгагдаж байгаа Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтэст очлоо. Тус хэргийг н.Сэргэлэн гэх мөрдөн байцаагч шалгаж байгаа аж. Биднийг очиход энэ газар биеэ үнэлж байсан гэгдэх О болон бусад эмэгтэйчүүд байцаалт өгөхөөр ирсэн байв.
Тэд хийсэн хэрэгтээ гэмших нь бүү хэл тоож байгаа ч шинжгүй хоорондоо юм ярин инээлдэн зогсч байсан юм. Эх сурвалжийн хэлснээр  тус газарт цагдаагийн бие бүрэлдэхүүн очиход сауны хоёр өрөөг ажиллахаа болиод удсан бололтой мод нь илжирч өмхийрсэн байжээ. Үүнээс болж саун гэх энэ газрын хаалгаар ороход л эхүүн үнэр үнэртэж, амьсгалах аргагүй шахам байсан байна.

Мөн үйлчүүлэгчдээ авах өрөө хэмээн нимгэн хавтангаар тусгаарласан жижиг хэдэн өрөөг бэлдсэн байжээ. Тэр бэлдсэн өрөөнд орноос өөр зүйлгүй бөгөөд ариун цэврийн наад захын шаардлага хангаагүй байсан аж.

Түүнээс гадна энд тэндгүй хэрэглэсэн болон хэрэглээгүй бэлгэвч хөглөрч байсан талаар хэлсэн. Тэгэхээр энэ газар зөвхөн биеэ үнэлэгчдийг байлгахын тулд ажилладаг гэсэн үг юм. Энэ газрыг зарсан авсан эзэд дээрх  бүхэнд буруутай. Учир нь энэ газрыг зарсан эзэн нь худалдаж авсан эмэгтэйг ямар үйл ажиллагаа явуулах гэж байсныг мэдэж байсан болоод ямар нэгэн зүйл хэлэлгүй өдийг хүргэсэн байж таарна.

Түүнчлэн энэ газрыг өмнө нь ч гэсэн биеэ үнэлэгчдийг байлгадаг газраар ажиллуулж байсан гэсэн үг юм. Тийм учраас энэ газарт биеэ үнэлж байсан, биеийг нь үнэлүүлж байсан, биеэ үнэлэх байраар хангасан гээд бүгд буруутан. Бүр ийм газар ажиллаж байгаа гэдгийг мэдсэн ч мэдээгүй мэт дүр эсгэж байсан зочид буудал ажиллуулж байгаа иргэд ч буруутай.

Магадгүй саунаас биеэ үнэлэгчийг авч, зочид буудалд ордог байсан гэдгийг үгүйсгэхгүй. Тиймээс нэг шалгасан дээр “Ale house Inn” гэх энэ дөрвөн давхар байшинд үйл ажиллагаа явуулж байгаа бүх газрыг шалгах нь зүйтэй биз. Тэгж байж нэг ч гэсэн газрыг дахиж хууль бус үйлдэл хийхээс сэрэмжлэх биз.

Нэг дүүргээс сар ч хүрэхгүй хугацаанд саун нэртэй  хоёр биеэ үнэлэгчдийн үүр уурхайг олж байгаа юм чинь цаашаа шалгаад эхэлвэл хоёроор зогсохгүй байх. Хаа сайгүй орон сууц, байшингийн подвалд саун, массаж гэх газарт биеэ үнэлэхээр үйлчлүүлэгчээ хүлээн суугаа эмэгтэйчүүд олон бий.

“Ale house Inn”  гэх биеэ үнэлэгчдийн газраас харахад эдгээр газрууд эмэгтэй хүн харахаар уур нь хүрч, эрэгтэй хүн харахаар бөөн аз жаргал болон суудаг бололтой. Ямартай ч  дээрх  газрыг илрүүлж арга хэмжээ авлаа. Цаашид хууль бус энэ бүхнийг илрүүлж, зохих ёстой шийтгэлийг нь хүлээлгэх хэрэгтэй биз ээ.

Г.Төгс


URL:

Сэтгэгдэл бичих