Мальта аврагдсан дүрвэгсдийг хүлээн авахаас татгалзав
Мальта улс ачаа тээврийн “Салами” усан онгоцны багийнхан живж буй хөлгөөс аварсан 100 гаруй хууль бус цагаачдыг хүлээн авахаас татгалзжээ.
Тэдний дунд дөрвөн жирэмсэн эмэгтэй, дөрвөн сартай нэг хүүхэд байгаа аж.
Либерийн далбаатай “Салами” хөлөг Ливийн эргээс 50 км орчим зайд тэдгээр дүрвэгсдийн суусан усан онгоц живж байхад нь аварчээ.
Гэвч Мальта улсын эрх баригчид ачаа тээврийн хөлгийг өөрийн усан хилдээ орох зөвшөөрөл өгөөгүй аж.
Гэхдээ хөлгийн тавцан дээр аврах хантааз, ус, эм хүргэж өгсөн байна. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн байдлыг шалгуулахаар эмч нарыг илгээжээ.
Европын холбоо тэдгээр дүрвэгсдийг аль болох хурдан хугацаанд хүлээн авахыг Мальтын эрх баригчдаас шаардсан байна. Үүний хариуд тус улсын Гадаад хэргийн сайд Мануэль Маллиа дүрвэгсдийн амь насанд аюул учруулах зүйл байхгүй болсон учир тэднийг Мальтын эрэгт буулгах шаардлага байхгүй гэжээ.
Мөн “Салами” хөлгийн ахмадад Ром дахь Олон улсын аврах төвөөс дүрвэгсдийг Ливид буцаан аваачих үүрэг өгсөн ч тэрбээр үүнийг үл тоон онгоцоо Мальта руу чиглүүлсэн хэмээн мэдэгдсэн байна.
Африкаас ирээд Мальтаар дамжин Европ руу гарах зорилготой хууль бус цагаачдын урсгал улам ихэсч байгаа талаар энэ улс нэг бус удаа гомдол гаргаж байсан. Зөвхөн энэ оны зургадугаар сард л гэхэд Мальтад 900 орчим дүрвэгч иржээ.
Африкийн хууль бус цагаачдын дунд хамгийн алдартай маршрут нь Италийн Лампедуза арлыг дайран өнгөрдөг. 1999 оноос хойш 200 мянга орчим хүн энэ арлаар дайран өнгөрчээ.
Б.Мишээл
Эх сурвалж:Нийгмийн толь
URL: