Олон улсын шинжээчид “Оюутолгой”-д муу тавилаа

Олон улсын шинжээчид “Оюутолгой”-д муу тавилаа

“Монгол, Орос, АНУ гурван орны байгаль орчныг хамгаалах солилцооны хөтөлбөр”-ийн мэргэжилтнүүд манай улсын уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийж, солилцооны хөтөлбөрийн манай улс дахь үйл ажиллагааг өндөрлүүлэв.

Дээрх хөтөлбөрт манай талаас “Иргэний боловсрол төв” болон Монгол улсын байгаль орчны иргэний зөвлөл, Оросын талаас Буриадын байгалийн бүс дэх асуудал хариуцсан олон улсын байгууллага, АНУ-ын Баруун өмнөд мужийн судалгааны төв хамтран оролцсон юм.

Тэд уул уурхайн нөхөн сэргээлт өндөр хөгжсөн орнуудын туршлагыг эх орондоо нэвтрүүлэх зорилготой байсан бөгөөд солилцооны хөтөлбөрийнхөө хүрээнд Булган аймгийн Сайхан сумын нутагт орших Эрээний уурхайн нөхөн сэргээлттэй танилцсан байна.

Түүнчлэн Сэлэнгэ аймагт “Болд төмөр Ерөө гол” компанийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг сонирхон үнэлэлт дүгнэлт өгчээ. Улмаар цаашид хийх ёстой зүйлийнх талаар хамтран ярилцсан бөгөөд манай улсын уул уурхайн компанудын нөхөн сэргээлтэд хангалттай бус гэсэн үнэлэлт өгчээ.

Дээрх хөтөлбөр нэг улсад 10 гаруй хоногийн хугацаанд үргэлжилдэг бөгөөд оны сүүлчээр АНУ-д нэгдсэн уулзалтыг зохион байгуулах аж. Түүнчлэн тэд солилцооны хөтөлбөрийнхээ хүрээнд манай улсад уул уурхайн нөхөн сэргээлтийн хууль эрхзүйн орчин тааруу байгааг онцолсон бөгөөд “Рио тинто”-н “Оюутолгой” төсөлд шүүмжлэлтэй хандав.

Тодруулбал, хөтөлбөрийн удирдагч Паул Робинсон “Оюутолгой” компани уул уурхайн томоохон төсөл хэрэгжүүлж буй хэдий ч тэдний нөхөн сэргээлтийн төлөвлөгөө хоёрхон хуудсанд багтсан байна. Энэ нь “Рио тинто” компани албаар нөхөн сэргээлтийн ажлаа гээгдүүлж байна гэсэн үг. Энэ маягаар үйл ажиллагаа явуулж байгаа нь олборлолт дуусахад Монголд маш олон асуудал үүсгээд орхиод явна гэдэг хардлагыг надад төрүүлж байна” гэв.

Харин АНУ, ОХУ-д уул, уурхайн нөхөн сэргээлтийн асуудлыг эхнээс нь нарийвчлан шалгадаг байна. Тухайлбал, уул уурхайн нөхөн сэргээлтийг олборлолт хийгээд дууссаны дараа биш олборлолт хийхээс өмнө төлөвлөгөөг нь шалгаж, суурь судалгааг явуулдаг аж. Үүний үндсэн дээр нөхөн сэргээлт хийх хөрөнгийг тогтоож, олборлолт явуулах компаниас барьцаа болгон Засгийн газар нь авдаг байна.

Эцэст нь олборлолт явуулах лиценз олгодог аж. Түүнчлэн тэд “Уул уурхайн нөхөн сэргээлт хийнэ гэдэг зүгээр мод ургамал тарих төдий зүйл биш. Тухайн газарт ургаж байсан бүх ургамал, амьтан, дов жалгыг эргүүлэн бий болгож эко системийг хуучин төрхөд нь оруулах ажил. Тиймээс монгол улсад ч гэсэн дээрхийн адил стандартыг мөрдөж эхлэх хэрэгтэй.

Үүний тулд Засгийн газар хуулиа чангатгаж илүү хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй, уул уурхайг хөгжүүлэх байх гэж найдаж байна” гэв.

А.Чилүгэн /Нийгмийн толь/


URL:

Сэтгэгдэл бичих