Арлын орны домог Акира Куросава

Агуу их Акира Куросава бол Японы кино найруулагч, зохиолч, эвлүүлэгч юм. Тэрээр кино урлагийн түүхэн дэх хамгийн нэр нөлөө бүхий чухал найруулагчийн нэг бөгөөд 57 жилийн уран бүтээлийн бадрангуй замналынхаа турш нийт 30 киног бүтээжээ.
Анх 1936 онд Японы кино урлагт зураачаар орсноор түүний уран бүтээлийн замнал эхэлжээ. Нэлээн хэдэн кинонд туслах найруулагч, зохиолчоор ажилласныхаа дараа Дэлхийн II дайны үе 1943 онд анхны бүрэн хэмжээний кино болох “Жудогийн домог”-оо туурвижээ. Дайны дараа шүүмжлэгчдээс ихээхэн сайшаагдсан “Согтуу сахиусан тэнгэр”-ийн(1948) гол дүрд тухайн үедээ нэрт гараагүй залуухан жүжигчин Тоширо Мифүнэг тоглуулжээ. Уг киног хийсний дараа найруулагчийн нэр алдар Япон даяараа цуурайтжээ. Ийнхүү Мифүнэ, Куросава хоёрын урт удаан хамтын ажиллагааны суурь тавигдаж, нийтдээ 16 уран бүтээлд хамтран ажилласан болой.
1950 оны наймдугаар сард “Рашомон” кино нээлтээ хийж, гол дүрд мөн л Мифүнэ тогложээ. 1951 оны есдүгээр сарын 10-ны өдөр Веницийн кино наадмаас “Алтан арслан”-г хүртжээ. Улмаар барууны ертөнцөд өөрийгөө таниулж эхэлсэн байна. Уг кино нь зөвхөн ашиг, амжилт олоод зогсохгүй Японы кино урлагийг баруунд холбосон гүүр болжээ. 1950-1960 оны хооронд найруулагч ойролцоогоор жилд нэг кино хийдэг байжээ. Эдгээрээс “Амьдрахуй”(1952), “Долоон самурай”(1954), “Ёожимбо”(1961) нь ихээхэн амжилт олжээ.
1960 оны дунд үеэс хойш тэрээр тийм олон кино хийсэнгүй. Гэвч уран бүтээлийн бадрангуй замналын сүүлийн жилүүдэд хийсэн “Кагэмуша”(1980), “Ран”(1985) бүтээлүүд кино наадмуудын шагналыг хуй хамжээ. Үүнээс зөвхөн нэг л жишээ дурдахад “Кагэмуша” гарсан ондоо Каннын кино наадмын тэргүүн дээд шагналыг хүртжээ.
1990 онд тэрээр Оскарын хүндэт шагналыг хүртсэн бол түүнийг өнгөрсний дараа “Си Эн Эн”, “Азийн сэтгүүл”-ээс “Зууны шилдэг ази хүн”, “Азийн кино урлагт хамгийн их хувь нэмрээ оруулсан шилдэг таван хүний нэг”-ээр тодруулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих