Ахиад л хичээлийн шинэ жилээрээ дүрэмт хувцасаар жигдрэхгүй нь
Сүүлийн хэдэн жил Монгол улсын боловсролын салбар Монголын сурагчдын дүрэмт хувцасыг жигдрүүлж амжилгүй хэдэн оныг үдэв. Ичмээр ч юм шиг. Техник технологи, харилцаа холбоо, яам, албад, хүний нөөцийн боловсролын түвшин, чадамж хөгжөөд байгаа атал шийдэж чаддаггүй. Өнөөх Оросын бор дүрэмт хувцасаараа жигдрэх гэж ингэж их цаг зарцуулаагүйсэн. Нийгэм нь өөр байсан ч хөгжил өмнө байх юм.
Жилийн жилд даавууны материал, оёдлын үйлдвэр, тендер, компани зэрэгт цаг зарснаас үр дүн нь үзэгдсэнгүй. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын дүрэмт хувцсыг жигдрүүлэх шийдвэр гаргаж, өнгөрсөн хавраас дүрэмт хувцасны загвар гаргах уралдаан зарласан бөгөөд наадмын өмнөхөн загварыг баталжээ. Харин үүний дараа давамгай байдалтай өрсөлдөөний зах зээлийг шударга байлгах зорилготой ШӨХТГ-т ирсэн “Монголын оёдлын холбоо”-ны гомдлын дагуу шалгаж үзсэнээр дүрэмт хувцас хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажлыг Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн яам шударга бус зохион байгуулсан, нэгж хувцасны үнэ хэтэрхий өндөр, материал нь урьдынхаас дээрдсэн юмгүй гэж мэдэгдсэнээр хэрэг өрнөв. Боловсрол шинжлэх ухааны яам сурагчдын дүрэмт хувцасны загварыг баталж, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам үйлдвэрлэлийн асуудлыг хариуцаж ажиллаж буй. Харин ШӨХТГ-ын мэдэгдлийн хариуд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалын өгсөн хариулт:
”Сонгон шалгаруулалт хийлгүйгээр сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх компаниудыг сонгосон нь өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийг зөрчсөн гэсэн акт ирсэн байна. Энэ талаар би хуулийн мэргэжилтнүүдтэйгээ ярилцаж байгаад үнэхээр зөрчсөн байх юм бол хуулийн дагуу болгож залруулах болно. Ер нь улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа юмуу ажил үйлчилгээ авахдаа тендер зарладаг. Тэгвэл бид улсын төсвийн мөнгөөр ямар ч үйлчилгээ авахгүй байгаа. Монгол улсын хэмжээгээр бид аттестатчилал явуулсан. Энд манай яамнаас гадна Стандартчилал хэмжил зүйн газар, ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн дизайныхан, Нэхмэлийн хүрээлэн, ШӨХТГ-ын мэргэжилтнүүд, Нийслэлийн Мэргэжлийн хяналт, Монголын Сурагчдын холбоо, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв зэрэг байгууллагууд оролцсон байгаа. Эдгээр байгууллагууд нь бүх оёдлын үйлдвэрүүдээр явж аттестатчилал хийсэн юм. Ингээд үүнийгээ нэгтгээд “Монголын оёдлын нэгдсэн холбоо”-г байгуулж, сурагчийн дүрэмт хувцасыг оёх үйл ажиллагааг зохион байгуулах гэрээ хийсэн. Тодруулбал,бид юм оёж болох бүх газруудыг хамруулах үүднээс сонгон шалгаруулалт хийгээгүй. Шаардлагатай бол нөхөөд хийж болох байх. Үүнд энэ 4 дүгээр сард байгуулагдсан зөвхөн сурагчийн дүрэмт хувцас оёх холбоо нилээд дургүйцэж, гомдол гаргаад байгаа. Үүнд “Бат зүү”, “Их шаглаа” зэрэг компаниуд багтсан. Эдгээр компаниудыг бид удаа дараа “Монголын оёдлын холбоо” болон бусад үйлдвэрүүдийн удирдлагуудтай цуг суулгаж байгаад хамтран ажиллах санал тавьсан ч хамтрахгүй гэдгээ илэрхийлж эсэргүүцсэн. Тэд хамтрахгүй, дангаар оёно гэсэн саналтай байдаг” гэж хэлээд асуудал намжиж эхлээд байна.
Энэхүү хэл ам дагуулаад байгаа дүрэмт хувцасыг энэ жил ахин хичээлийн шинэ жилээрээ өмсөхгүй юм байна. Тодруулбал, өнгөрсөн сарын 31-нээс буюу хичээлийн шинэ жил эхлэхээс сарын өмнө эсгүүрийн ажил эхэлсэн хэмээн мэдэгдсэн. Ингэснээр эхний хэсгийг ирэх сарын 25-нд, дараа нь 9 дүгээр сарын 15-нд, 30-нд нийлүүлнэ. Эхний ээлжинд 1-3 дугаар ангийн хүүхдүүдийн дүрэмт хувцас үйлдвэрлэж эхлэх юм гэнэ. Дүрэмт хувцасны үйлдвэрлэл дээр дурьдсанаар удаашралтай байгаа учраас Монголын сурагчид хичээлийн шинэ жилээрээ дүрэмт хувцасаараа жигдрэхгүй нь ойлгомжтой боллоо.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: