Хамгийн их “ногоон” цуглуулсан залуу жүжигчид

new photo

“Форбс” сэтгүүл 2012 оны зургадугаар сар хүртэл нэг жилийн дотор орлогоороо тэргүүлсэн гучаас доош насны шоу-бизнесийн оддын “Топ-10” жагсаалт гаргажээ. Энэ жагсаалтанд багтагсдын дийлэнх нь нэрд гарсан дуучид ч гурав нь Холливудын залуу одод байна.

Энэ сарын  15-нд 23 нас хүрэх Женнифер Лоуренс жилийн дотор 26 сая ам.доллар халааслаж, “Форбс”-ын жагсаалтын наймд бичигдсэн байна. Тэрээр дэлхийн бокс-оффист хит болсон “Өлсгөлөн тоглоом-2” кинонд тоглосоноор орлогынхоо дийлэнхийг олжээ.

Харин “Өлсгөлөн тоглоом-1”-д Женнинфер Лоуренс “ердөө” нэг сая ам.долларын хөлсөөр тоглосон ч маш их үзэгч сонирхон үзсэн тул тэр даруй ханшаа огцом нэмж чадсан юм. Үүнийхээ ачаар залуу жүжигчин бүсгүй киноны үргэлжлэлд өмнөхөөсөө хэд дахин илүү мөнгөөр жүжиглэн өөр хэд хэдэн кинонд ч чамгүй хөлсөөр дүр бүтээсэн юм.

Түүнчлэн гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас загварын алдарт “Кристиан Диор” компанийн албан ёсны нүүр царай болсон. Тэрээр “Гэгээлэг жүжгийн ном” (“Silver linings play-book”) кинонд тоглон Шилдэг эмэгтэй жүжигчний номинацид “Оскар”-ын шагнал гардсан одтой нэгэн.

Вампируудын тухай “Бүрэнхий” ( Twiligth) хэмээх залуучуудын үзэх дуртай хит цуврал кинонд тоглосон Кристен Стюарт жагсаалтын есөд бичигджээ. Тэрээр мөн л 23 настай бөгөөд цуврал киноны сүүлчийн ангид тоглоод л шууд 22 сая ам.доллараар түрийвчээ зузаатгажээ. Кристен Стюарт есөн настайгаасаа кинонд тоглож  эхэлсэн бөгөөд одоогоор 28 кинонд дүр бүтээгээд байна.

Түүнтэй хамт “Бүрэнхий” киноны гол дүрд тоглосон 21 настай Тейлор Лотнер мөн л 22 сая ам.долларын хөлс авч жагсаалтын аравт багтаж чадсан юм. Тэрээр зургаан настайгаасаа каратэгээр хичээллэж эхэлсэн бөгөөд үүнээс гурван жилийн дараагаар телевизийн рекламны клип болон кинонд тоглох болсон байна.

Энэ гурав дараа жил бүр их хөлсөөр кинонд тоглон орлогоо нэмэгдүүлэн Холливуд дахь байр сууриа бататгах биз.

www.shuurga.mn


URL:

Сэтгэгдэл бичих