“Сумитомо Мицуй”, “Токио Мицүбиши” банкууд Монголд салбараа нээхийг хүсчээ
-ЭНЭ НЬ МАНАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛВИЙГ ЭЕРГЭЭР ЗӨГНӨСНИЙХ БУС УУ-
Японы “Сумитомо Мицуй банк корпораци” болон “Токио Мицүбиши” банкууд манай улсад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсч холбогдох баримт бичгүүдээ Монголбанкинд ирүүлээд байгаа аж.
“Сумитомо Мицуй” банкны хувьд ХААН банк болон Хөгжлийн банктай 2013 оны гуравдугаар сард хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд уг санамж бичигт хоёр байгууллага байгаль орчин болон худалдааны чиглэлийн төслийн санхүүжилт дээр хамтран ажиллах нөхцлийг тусгасан байна. Дашрамд дурьдахад 2012 оны гуравдугаар сарын 12-ны өдөр тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Батболд тус улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ “Сумитомо Мицуй” банкны ерөнхийлөгч Т.Китаяма, гүйцэтгэх захирал Т.Хашияда нар багаараа уулзаж мөн л Хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байсан удаатай. Японы хоёр банк Монголд салбараа нээх тухай асуудал эртнээс дуулдаж байсан ч хоёр дахь банк нь “Софтбанк” байх болов уу гэсэн таамаглал байсан юм. “Сумитомо Мицуй” банк нь 1876 онд “Мицуй” нэртэйгээр үүсэн байгуулагдсан бөгөөд 137 жилийн түүхтэй Япон улсын ууган банк юм. Тус банк дотоодод 439 салбар, гадаад улсад 16 салбар, төлөөлөгчийн газартай үйл ажиллагаагаа явуулж буй. Тус банк нь нийт 22569 ажилтантай, актив болон зах зээлийн үнэлгээгээр дэлхийн шилдэг 20 банкны нэг бөгөөд 2013 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт актив нь 1259.1 тэрбум ам.доллар, цэвэр ашиг нь 6.2 тэрбум ам.доллар, нийт хадгаламж нь 800.1 тэрбум ам.доллар, хувьцаа эзэмшигчийн хөрөнгө нь 17.7 тэрбум ам.доллар юм байв.
Одоогоор гадаадын дөрвөн том банкны төлөөлөгчийн газар Монголд үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний гол үр дүн нь тэд манай төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд болон арилжааны банкуудтай хэлэлцээрийн ширээний ард сууж асуудлаа шууд нүүр тулан шийдэх боломжтой. Ингэснээр тухайн банкны Монгол дахь төлөөлөгчийн газрын цаана тус улсын банкууд манайд хөрөнгө оруулалт хийх боломж нээгддэг учиртай. Харин өмнөх 20 жилд яагаад Монголд төлөөлөгчийн газраа нээгээгүй байсан юм бэ гэдгийн цаана эдийн засгийн найдвартай төлөв байдал, эерэг төсөөлөл тэдэнд хамгаас чухал байдаг. Тэр тусмаа “Сумитомо Мицуй” банкны онцлог нь дэд бүтэц, тэр тусмаа инженерийн байгууламж, орон сууц угсралт, метро, худалдааны санхүүжилтийн чиглэлэээр төрийн болон хувийн байгууллагын түншлэлийн олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байснаараа асар туршлагатай. Энэ нь ч Монгол төрийн өнөөгийн хөгжлийн хөтөлбөртэй нэг шугаманд чиглэж таарч байна. Мөн дээрх хоёр банкийг дагаад Японы арилжааны бусад банкууд Монголд хөрөнгө оруулах, төсөл хөтөлбөрүүдийг сонирхох үүдийг нээж буй хэрэг юм.
“Токио Мицүбиши” банк нь 1919 онд байгууллагдсан бөгөөд 94 жилийн түүхтэй мөн Япон улсын анхны банкуудын нэг нь юм. “Токио Мицүбиши” банк нь санхүүгийн үзүүлэлтээр улсдаа тэргүүлэгч төдийгүй дэлхийн 11 том банкны нэг юм. Тус банкны нийт актив нь 1948.1 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд нийт 35480 ажилтантай, 841 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа эрхэлдэг. Үүнээс 767 салбар нэгж нь дотоод, 74 салбар нэгж нь гадаад улсад үйл ажиллагаа явуулж буй.
Дэлхийн нэртэй том үнэлгээний агентлаг болох Moodys, S&P болон Fitch нарын үнэлгээгээр эдгээр хоёр банк нь АА3, А+ болон А- гэсэн үнэлгээ авсан бөгөөд хамгийн эрдсэл багатай байгууллагуудын нэгт тооцогддог байна.
Ийнхүү дэлхийд нэртэй банк санхүүгийн байгууллага Монголыг сонирхож байгаа нь манай эдийн засгийн төлвийг эерэгээр харж байгаа явдал юм. Тэр тусмаа Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиас болж гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ багаслаа хэмээн санаа зовинож буй энэ цаг үед яах аргагүй дэлхий нийтийн анхаарлыг татахуйц сайн мэдээ мөн.
Банк бол стратегийн ач холбогдолтой төдийгүй тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа төдийгүй хамгийн гол нь итгэлцэл дээр тогтдогоороо онцлогтой. Тиймээс дэлхийн шилдэг 20-д багтдаг дээрх хоёр банкны Монголд салбараа нээх болсон тухай мэдээ бүх харилцагчдад нь хүчтэй нөлөөлөл үзүүлж сонирхох, итгэх нөхцлийг бүрдүүлэх нь лавтай.
Ингэснээр өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал “муухай” болж инфляци өсөөд, ам.долларын ханш “тэнгэрт хадаж” ерөнхийдөө л хямрах гээд байна гэсэн энэ бүх муу мэдээнд эргэлзэж эхлэхээр байгаа биз. Инфляци ч, ам.долларын ханш ч УИХ-аас баталсан Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах баримт бичигт тусгасанчлан “Найман хувь, түүний хүрээнд” хэлбэлзэж байна. “Төгрөгийн ханш унаад байна” гэх мэдээллийн тухайд мөн л инфляцийн зорилтот төвшиний хүрээнд “унаж” буй. Энэ нь үндэсний үйлдвэрлэгч, импортлогчдод харин ч ашигтай. Тэгэхээр муугаар, муухайгаар харахаас татгалзаад байгаагаар нь, бодитоор хараад үзвэл ямар вэ.
Ямартай ч дэлхийн шилдэг 20 банкны хоёр нь Монголын эдийн засгийн төлөв байдал, ирээдүйг таамаглахдаа нэлээд эерэг үзүүлэлтийг олж харсан, түүндээ итгэлтэй байгаа учраас “Танай оронд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө үү” гэсэн хүсэлтээ Монголбанкинд гаргасан болов уу. Харин Монголбанк одоогоор ямар хариу өгсөн нь тодорхойгүй байна. Юутай ч гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ “шүдний өвчин” болоод байгаа энэ үед “аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэх”-гүй нь лавтай.
У.Оргилмаа
URL: