Гаалийн дарга нарын зугаалж цэнгэх асуудал хэзээ дуусах вэ
Төрийн алба төрлийн алба болжээ гэж олон хүн ярих болсон. Энэ үгийг сүүлийн үед яахын аргагүй үнэн гэдгийг олон зүйлээр батлаж байх шиг.
Учир нь төрийн байгууллагууд шинээр ажилтан сонгон шалгаруулж авах нэрээр өөрсдийн танил тал, ах дүү, амраг садангаа гайгүй гэсэн албан тушаалд авдаг нь нууц биш болсон билээ.
Харин удаа Гаалийн ерөнхий газар наймдугаар сарын 19-нд гаалийн байцаагч сонгон шалгаруулахаар болсон тухай зар гарсан байна. Хамгийн гол нь уг шалгаруулалтад 300 байцаагч орох гэнэ.
Улсынхаа төсвийн 60 шахам хувийг бүрдүүлдэг эл газар чухам юуны учир ийм олон байцаагчийг нэг дор ажилд авах гэж байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татмаар асуудал боллоо.
Уг нь сүүлийн хэдэн сар гаалийн байгууллага улсад төвлөрүүлэх ёстой мөнгөн орлогын 50 гаруй тэрбум төгрөгийг тасалдуулсан хэмээн албаныхан хүртэл мэдэгдээд байсан. Товчхондоо манай улсын санхүүгийн байдал гааль, татвар хоёроос ихээхэн хамаардаг гэдгийг хэн хүнгүй л мэднэ. За энэ ч яах вэ.
Хамгийн гол нь дээрх 300 ажилтан гаалийн байгууллагад хэр шударга шалгуураар орох бол гэдэг нь маш их анхаарал татаж байгаа юм. Энгийнээр ярихад зарим нэг хүн нь “сонгон шалгаруулалтад орохгүйгээр шууд л хахуулийн мөнгөө өгье” гэж ярьж яваа юм билээ.
Өнгөрсөн жил гаалийн байгууллагад ажилд орохын тулд дарга, даамалд нь, хахууль болгож 20 сая төгрөг өгч ажилд орсон гэдгийг тус газарт ажилладаг нэгэн танилдаа ам алдсан удаатай.
Харин энэ жилийн хувьд хахуулийн мөнгө нь арван саяар нэмэгдэж, 30 сая төгрөг болсон байх жишээтэй. Энэ мөнгөн дүнг аль хэзээний гаалийнхан өөрсдөө “ямар их өсөө вэ” гэж ярьж эхлээд байна.
Зарим нэгэн мөнгөтэй, сүйхээтэй нөхөр “гаалийн байгууллагад 30-н сая төгрөгөө өгөөд орсон байхад дор хаяж хагас жилийн дараа өлхөн хахуулийн мөнгөө олоод авдаг юм” гэж хүртэл хээв нэг ярьж байсан.
Мэдээж ажилд орох хүмүүс ГЕГ-ын даргыг олж уулзах гэж чамгүй гүйж явсан нь ойлгомжтой.
Тодруулбал өнгөрсөн амралтын өдрүүдэд ГЕГ-ын дарга О.Ганбат, газрын дэд дарга Н.Энхцогт, төрийн захиргаа, хүний нөөцийн газрын дарга О.Даваасүрэн нар амрах журмаар хамтдаа Булган аймгийн Хишиг-Өндөр суманд байрлах нэгэн рашаан, сувиллын газарт алжаал, ядаргаагаа тайлсан байна.
Уг рашаан сувилал нь бидний сайн мэдэх УИХ-ын гишүүн асан Р.Цэнгэл, “Авзага” трейдийн захирал П.Мэндбаяр нарын сувиллын газар байсан гэдгийг эх сурвалж мэдээлж байв.
Хамгийн гол нь дээрх гурван даргыг тус сувиллын газарт очсоноос хойш нийслэлээс зорин очих зочдын цуваа тэднийг хот руу буцан буцтал нь тасраагүйд хэргийн гол учир оршиж байгаа юм.
Өөрөөр хэлбэл хол очсон зорилго нь гаалийн байцаагч нарын найрааны асуудлыг ярих гэж холыг зорьсон гэж үзэх хүмүүс ч байгаа юм. Иймэрхүү хардалтыг юуны учир гурван дарга олон нийтэд төдийгүй гаалийн байцаагч нартаа төрүүлэв гэдэг нь сонирхолтой.
Түүнчлэн тэднийг бусдаар дайлуулж цайлуулж, ямар шан харамж авах, хэдэн төгрөгийн хахууль ярьж байсныг нь шалгах хэрэгтэйг тус сувиллын газар байсан хүн бидэнд мэдээлж байсан. Дээрх гурван даргын томилгоо ч анхнаасаа маш их будлиантай намын тохироогоор орж ирсэн хэмээн хүмүүс өдгөө ярьдаг.
Тухайлбал дээрх гурван даргаас хамгийн их “но”-тойг нь О.Даваасүрэнг гэдэг. Учир нь тэрбээр шүүхээс тэнсэн харгалзах ял сонсч явсан гэдгийг хүн бүхэн мэднэ. Тодруулбал Дорноговь аймгийн хөнгөн цагааныг хуу хамж, урд хөрш рүү гаргаж байгаад Замын-үүд дэх Гаалийн хяналт шалгалтын байцаагчид үйлдэл дээрээ гардуулж эл хэрэг нь шүүхэд шилжсэн байдаг юм.
Харин О.Даваасүрэнгийн хэргийг Дорноговийн цагдаагийн газар шалгаж үзээд хэрэг үүсгэн прокурорт шилжүүлж байсан юм. Прокурорын байгууллага хэргийг нь хянаж үзээд түүнд таван жилийн хорих ялыг зүйлчилж байсан ч шүүх уг ялыг тэнсэн харгалзаж ялаас мулталж байсан түүхтэй билээ.
Мэдээж О.Даваасүрэнгийн гэмт үйлдлүүд үүгээр дуусахгүй нь ойлгомжтой. Тэнсэн харгалзах ялтай байсан мань хүн дахин Замын-Үүдийн гаальд дээр бараагаа худал мэдүүлж татвараас зайлсхийх гэж байсныг нь байцаагчид илрүүлж түүний авч явсан ноос, ноолуурыг улсын орлого болгож мөн 17 сая төгрөгийн хохиролыг түүнээс гаргуулсан байдаг юм.
Ийм л хүн өнөөдөр Гаалийн ерөнхий газрын төрийн захиргаа, хүний нөөцийн газрын даргаар томилогдон ажиллаж байгаа нь сонгон шалгаруулалтыг ямартай ч үнэн зөвөөр явуулахгүй байх гэдэгт олон хүн их л эргэлзээтэй байгаа юм билээ.
Тиймдээ ч хор найруулж гаршсан дарга нар холын газар очиж хороо найруулж ирлээ гэж зарим нэгэн байцаагч шивэр авир хийж байсан юм. Уг нь гаалийн байгууллагын гол уриа нь “Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” гэдэг их л хүн сүрдмээр уриа.
Гэтэл дарга нар нь хор найруулж буяндаа бузар хийж явсныг хэн ч таахын аргагүй болоод байна.
|
URL: