Иргэдийн амь наснаас илүү гадаадын компанийн нэр хүнд чухал уу?!

Шинэ Зеланд улсын “Фонтерра” компанид  үйлдвэрлэсэн импортын хуурай сүү болон хүүхдийн сүүн тэжээлийн найрлагад хүний мэдрэлийн системийг гэмтээх бактери илэрсэн талаар дэлхий нийт түгшин хүлээн авлаа.  Уг асуудалтай холбоотойгоор өнөөдөр ҮХААЯ-наас мэдээлэл хийсэн юм.
Эдгээр хуурай сүү, хүүхдийн сүүн бүтээгдэхүүн болон тамирчдад зорилсан уургийн бэлдмэл нь амьсгал боож булчингийн үйл ажиллагааг саажуулдаг маш хортой нянгаар бохирдсон байх магадлалтай талаар олон улсын хэвлэл мэдээллээр мэдээлж буй.
Тус компани нийт 40 тонн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаадын улс орнуудад экспортолсон  байна.  Манай орны хувьд нийт импортоор орж ирсэн  хуурай сүүний  90 орчим хувийг Шинэ Зеланд улсаас гаралтай сүү, сүү бүтээгдэхүүн эзэлж байна.
Тиймээс тус улсад үйлдвэрлэсэн сүү сүүн бүтээгдэхүүн, уургийн бэлдмэлийн эрсдэлийн үнэлгээг богино хугацаанд хийх, хүн амын хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулах, эдгээр бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг тодорхой хугацаанд хориглох, зах зээлд байгаа бүтээгдэхүүнийг эргүүлэн татах талаар холбогдох арга хэмжээг  яаралтай авч хэрэгжүүлэх албан тоотыг МХЕГ, ГЕГ, ЭМЯ-нд ҮХААЯ-наас хүргүүлсэн байна.
Дээр дурдсан нянгаар бохирдсон хүнсийг хэрэглэснээс хойш 18-36 дараа нүд бүрэлзэх, хэл яриа гацах, залгих боломжгүй болох, булчин сулрах зэрэг эхний шинж тэмдгүүд илэрдэг байна.
Шинэ Зеландын хүнсний бараа үйлдвэрлэгч “Фонтерра” компани хуурай сүүний найрлагаас ботулизм хэмээх нян илэрсэнтэй холбоотойгоор хэрэглэгчдээсээ уучлал хүсээд байгаа юм. Яг энэ шалтгаанаас болж Хятад улсад тус сүүний импортыг зогсоож, шинжлэх арга хэмжээг аваад байна.
“Бид үүнээс болж хүн өвчилсөн байх вий гэдгээс санаа зовж байна. Бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахын өмнө туршилт хийдэг. Бид туршилтаа хийдгээрээ хийсэн. Гэхдээ хилийн чанад болоод дотоодод эцэг эхчүүдээс олон гомдол ирж байна” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Тео Спиринг ярьжээ.
Хятад улсад тус шинжилгээг хийх ажил үргэлжилж байгаа бөгөөд ОХУ мөн импортыг зогсоожээ.  “Фонтерра” компанийн хувьд Хятад, Орос хоёр худалдааны хамгийн том зах зээл нь юм. Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлагийн мэдээлж байгаагаар тус компанийн зах зээлийн 80 хувь нь Хятад руу чиглэсэн байдаг аж.
2008 онд тус компанийн сүүнээс өөр төрлийн бактер илэрч зургаан хүүхэд амиа алдаж байсан бөгөөд 200 сая литр сүүг устгалд оруулж байсан юм. Гэтэл манай оронд өнөөдрийн байдлаар уг асуудалд дорвитой анхаарч байгаа зүйл алга.
Зөвхөн сэрэмжлүүлэх мэдээлэл өгөхөөс цаашгүй “хариу хүлээж” байсан гэсэн жижүүрийн хэдэн  үгсийг хэлсээр холбогдох байгууллагууд нь нэгнээ харж суух юм.
Долоо хоногийн шинжилгээний хариуг хүлээж байх зуур хичнээн хүн уг нянгаар халдварлахыг  таашгүй.
Тиймээс ҮХААЯ, ГЕГ, МХЕГ-ын зүгээс бүтээгдэхүүнийг эргүүлэн татах талаар  яаралтай арга хэмжээ авахгүй бол “ниргэсэн хойно хашгирав” гэгч болох вий.
Мөн хурлын үеэр нянгаар бохирдсон байж болзошгүй яг ямар нэртэй бүтээгдэхүүн  манай улсад худалдаалагдаж байгаа талаар  ҮХААЯ-ны зүгээс тодорхой хариулт хэлсэнгүй.
Учир нь  ГЕГ болон МХЕГ-аас ирсэн дүгнэлтийн дараа энэ талаар мэдээллэх болоижтой гэлээ. Мөн Шинэ Зеландын “Фонтерра” компани нь тус салбартаа дээгүүрт ордог компани учир  байгууллагын нэр хүндэд халдах аюултай гэсэн тайлбарыг ч хэлж байх юм.
Тэдний хэлж байгаагаар тухайн компанийн нэр хүнд, эрх ашиг нэгдүгээрт харин хүний эрүүл мэнд, амь нас хоёрдугаарт болж таарах нь.
Б.Цацрал 
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих