Техникээр “зодсон” “Ногоон хувьсгал”

urgats_huraalt-middleВ.Путин өгөөмөр загнав

ОХУ Монголын хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд зориулан 300 сая ам.долларын зээл олгоход бэлэн байгаагаа илэрхийлсэн гэсэн мэдэгдэл өнгөрсөн хоногт хойд хөршийн хэвлэлүүдээр цацагдаад өнгөрснийг төдийлөн олон хүн мэдээгүй болов уу.

Тэгээд ч энэ мэдэгдлээ Засгийн газрын төлөөлөгчтэй биш, УИХ-ын гишүүн С.Баяртай уулзаж байхдаа хэлсэн болохоор тоосон ч үгүй. Ер нь манайх тэр зээлийг нь авах ч үгүй байх гэж бодсоных.

Нэгдүгээрт, ач холбогдол нь буурчихсан. Уг нь дээрх зээлийг Ерөнхий сайд С.Баяр “Атрын гуравдугаар аян“ хэрэгжүүлж байхдаа буюу 2009 онд хойд хөршөөс хүссэн юм билээ. Хэрэгтэй үед ирээгүй зээл ийнхүү өнгөрсөн хойно орж ирэхээр хаалга тогшсон нь энэ.

Хоёрдугаарт, БНХАУ-аас авах 500 сая ам.долларын зээлнээс хөдөө аж ахуйн салбарт хэрэгжих төслүүд одоо болтол олигтой урагшлаагүй байгаа билээ. БНХАУ-аас авах зээлийн 200 саяыг хөдөө аж ахуйн салбарт зарцуулахаар тохирсон ч газар тариалан эрхлэгчдийг бага оврын трактороор хангах ганцхан төсөл л хагас дутуу хэрэгжээд байгаа юм. Гуравдугаарт, нөхцөл нь зээлдэгч талд илүү ашигтай.

БНХАУ-аас авах зээлээр манайхан 13 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч одоо болтол ганхан төсөл нь хэрэгжиж байгаа гэдгийг дээр хэлсэн. Энэ нь БНХАУ-ын талаас бүх худалдан авалтаа хийх, хятад ажилчдыг Монголд олноор оруулж ирэх нөхцлөөс болсон гэлцдэг. Тэгвэл ОХУ-аас зээл орж ирэх зээл худалдан авалтыг мөн л хойд хөршөөс авах нөхцөлтэй. Жилийн хоёр хувийн хүүтэй зээл БНХАУ-аас орж ирж байхад ажил хийж чадаагүй байж ОХУ-аас дахиж авах шаардлага байна уу гэсэн бодол хэнд ч төрнө.

Ийм л шалтгаанаас болоод В.Путины зээл олгохыг зөвшөөрсөн мэдэгдлийг “өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн”-тэй адилтгаад өнгөрсөн юм. Гэтэл өчигдөр www.bk55.ru сайтад тавигдсан мэдээллийг хараад ОХУ-аас зээл орж ирэх нь баталгаатай болжээ гэж дүгнэхэд хүрлээ.

Сибирийн  мужуудад жил бүр ээлжлэн зохиогддог газар тариалангийн техник хэрэгсэл, материалын үзэсгэлэн худалдаа саяхан Омск хотноо зохион байгуулагдсан юм байна. Мэдээлэлд тус яармагийн үеэр 125 сая рублийн худалдан авалт хийгдсэн тухай дурьдаад, тун удахгүй Монгол Улс үүнээс их үнийн дүнтэй захиалга өгнө гэсэн байв.

Эх сурвалжаараа ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны нэрийг дурьджээ. 125 сая рубль гэдэг нь тав орчим сая ам.доллар. Их мөнгө биш, гэхдээ зөвхөн Омскийн үзэсгэлэнд оролцож байгаа аж ахуйн нэгжүүдээс л ийм хэмжээний худалдан авалт хийх гэж байгаа нь ганц л жишээ. Энэ салбарт манай хоёр улс урьд өмнөхөөс илүү нягт хамтран ажиллаж эхэлжээ.

БНХАУ-ыг ОХУ-аар солих уу

Манай улс хэрэгцээт хүнсний ногооныхоо 60 орчим хувийг л дотооддоо тариалж, үлдсэн 40 орчим хувийг импортолдог. ҮХААЯ 2016 он гэхэд хүнсний ногоогоо 100 хувь дотоодоосоо хангах зорилт тавин ажиллаж байгаа билээ. Энэхүү зорилгыг биелүүлэхэд хөрөнгийн эх үүсвэр шаардагдах нь ойлгомжтой.

В.Путины хэлснээр бол зээлийг нэгмөсөн биш, хэд хэдэн үе шаттайгаар Монголд шилжүүлнэ. Түүгээр нь бид ОХУ-аас хөдөө аж ахуйн техник хэрэгсэл, улаан буудай, үр үрсэлгээ худалдаж авах ёстой. Энэ нь нэг талаар ОХУ Монголд зээл өгөхийн зэрэгцээ өөртөө хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг. Эдийн засгийн үр өгөөжөөс гадна бас нэг ашиг ч бий.

Дээр хальт дурьдсан, БНХАУ-аас авах 500 сая ам.долларын зээлийн тодорхой хэсгийг хөдөө аж ахуйн салбарт зарцуулна гэж. Нарийвчилбал 200 орчим сая ам.доллараар энэ салбарт ажил хийх ёстой. Гэхдээ бүтээн байгуулалтын ажлыг хятад компани хариуцаж, хятад ажилчид гардан хийх ёстой гэсэн шаардлагыг зээлдүүлэгч талаас тавьж байгаа юм билээ. Энэ бол олон нийтийн зүгээс дэмжлэг авахгүй байх хамгийн том шалтгаан.

Тэртэй тэргүй уул уурхай, барилгын бизнесийг урд зүгийнхэн атгаж, хятад ажилчид тоймгүй их болсон. Үүн дээр хөдөө аж ахуй нэрмээс болбол эрх баригчдын нэр хүндэд ч муу. Яг энэ өнцгөөс асуудалд хандвал ОХУ-аас зээл авах нь ашигтай.

Монголчууд 2016 он гэхэд жилийн турш шинэ ногоо иддэг болно

ҮХААЯ-наас гаргасан хөтөлбөрт Монголд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх маш том зорилт тусгагдсан байгаа. Монгол бол эх газрын эрс тэс уур амьсгалтай орон. Цаг агаарын байдлыг авч үзвэл ОХУ манайхтай илүү ойролцоо. Тиймээс хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх, зоорь барих зэрэг чиглэлээр бид хамтрах өргөн боломжтой.

Дашрамд дурьдахад ОХУ-ын иргэдийн 49 хувь нь гадагш нь мөнгө зээлэх хэрэггүй, дотоодынхоо эдийн засгийг өөд нь татахад ашиглах хэрэгтэй гэж үздэг гэсэн судалгаа саяхан гарсан байна. Орос ах нар хэтэрхий үнэтэй техник “шахчихгүй” бол хөдөө аж ахуйн салбарынханд дахин нэг боломж гарч ирж байгаа бололтой.

Манай улс 2009 онд хэрэгжүүлсэн Атрын гуравдугаар аяны ачаар улаан буудайн хэрэгцээгээ 100 хувь хангаж, гурилын хэрэгцээний 80, хүнсний ногооныхоо 60 орчим хувийг дотооддоо ургуулж байгаа билээ. Хүнсний ногооны хувь, төмснөөс бусад ногооны 52 орчим хувийг дотооддоо ургуулж, бусдыг нь гаднаас авдаг гэсэн статистик мэдээлэл байдаг.

Хүлэмжийн аж хуйг хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө их шаардагдах ч нэг бариад авчихвал цаашдаа өгөөжөө хангалттай өгдөг. Дашрамд дурьдахад, манай улс Беларусь улсаас мөн хөдөө аж ахуйн салбарын техник хэрэгсэл ху­далдаж авахаар Засгийн газрын төвшинд яригдаж байгаа юм билээ.

Техник сайтай байж л хөдөлмөрийн бүтээмж дээшилдэг гэдгийг манайхан ойлгосон нь сайн хэрэг. Шинэчлэлийн Засгийн газар “Ногоон хувьсгал”-ыг техникийн хүчээр зодож хийхээр шийджээ. Ямартай ч хоёр хөршийн зээл, салбарын яамны идэвхтэй ажиллагааны ачаар монголчууд бид дөрвөн улирлын турш шинэ ногоо иддэг болох цаг ойртсоор л байна.

Х.Батсайхан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих