Дөрвөн баарны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон

bar_tusgai_zovshoorol-middleХуульд заасан хугацаанаас хэтрүүлэн согтууруулах ундаагаар үйлчилж байсан хэд хэдэн үйлчилгээний байгууллагуудын тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон байна.

Энэ талаар НЗАА-ны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяагаас тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээ эрхлэгч байгууллагууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас шалгалт хийсэн гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Нийслэлд шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж байгаа баар, цэнгээний газруудын үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас шалгалт хийсэн. Шалгалтаар ялангуяа төвийн дүүргүүдийн томоохон баарнуудад цаг хэтрүүлэн ажилласан, 00.00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчилсэн зэрэг хэд хэдэн зөрчил илэрсэн.

-Тусгай хөтөлбөртэй шөнийн цэнгээний газруудыг долоо хоногийн гурван өдөр шөнийн 03.00 цаг хүртэл үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрч, ажиллах цагийг уртасгасан. Уг уртасгасан цагтаа тухайн байгууллагууд согтууруулах ундаагаар үйлчилсэн гэсэн үг үү?
-Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, өнгөрсөн зургадугаар сарын 3-аас хэрэгжиж эхэлсэн. Уг захирамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа түргэн хоолны үйлчилгээний сүлжээ газрууд 24 цагаар ажилладаг байсныг 07.00-03.00 цаг хүртэл ажиллуулахаар өөрчилсөн.

Мөн иргэдээс ирүүлсэн саналын дагуу тусгай хөтөлбөртэй шөнийн цэнгээний газруудыг пүрэв, баасан, бямба гарагт шөнийн 03.00 цаг хүртэл үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрч, ажиллах цагийг уртасгасан юм. Гэхдээ архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 00.00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглосон заалтыг хэвээр үлдээсэн. Тиймээс энэхүү захирамжийн хэрэгжилт болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар шалгалт хийсэн юм.

-Шалгалтаар ямар үйлчилгээний газрууд зөрчил гаргасан бэ. Хэдэн газрын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон бэ?
-Шалгалтаар Баянзүрх дүүргийн “Юу Жи Си” ХХ К-ийн “Метрополис”, “Бишрэлт гүн” ХХ К-ийн “Бишрэлт гүн”, “Чингис интернэшнл” ХХК-ийн “Оакланд”, Чингэлтэй дүүргийн “Матрикс” ХХК-ийн “Face” зэрэг баар, цэнгээний газрууд “Худалдаа үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарийг батлах тухай” нийслэлийн Засаг даргын А/548 дугаар захирамжийг зөрчин согтууруулах ундаагаар үйлчилж байсан нь илэрсэн.

Мөн Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Н” ХХ К-ийн “Доргио” барны тусгай зөвшөөрлийг Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/43 дугаар тушаалаар хүчингүй болгосон боловч хууль зөрчин ажиллаж байсан нь шалгалтаар тогтоогджээ. Тиймээс холбогдох хууль тогтоомж зөрчин ажилласан дээрх дөрвөн газрын “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл”-ийг хүчингүй болгосон байгаа.

-Шалгалтыг иргэдийн санал гомдлын дагуу хийсэн гэсэн үү?
-Шалгалтаар тусгай зөвшөөөрлийг нь хүчингүй болгосон “Доргио” баарыг ямар ч зөвшөөрөлгүйгээр удаа дараа үйл ажиллагаа явуулж байна гэсэн иргэдийн гомдол ирсэн. Уг санал гомдолын дагуу бид очиж газар дээр нь шалгалт хийж, хууль бус үйл ажиллагааг нь зогсоож, холбогдох цагдаагийн байгууллагагуудад хяналт шалгалтаа сайжруулах албан тоот хүргүүлсэн.

Ж.Отгонмягмар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих