Энхийг сахиулагчид энэ сарын 03-нд “Хааны эрэлд” мордоно
Монгол Улсын зэвсэг хүчин, АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг дэмжих үүднээс жил бүр олон улсын хэмжээнд зохион байгуулдаг “Хааны эрэлд” цэргийн сургуулилтыг эхлэх гэж байна. Тавантолгой дахь сургалтын нэгдсэн төвд энэ сарын 03-14-ны өдөр болох бөгөөд Монгол, АНУ-ын болон олон улсын хүчнүүд бүс нутгийн харилцан ажиллагааг сайжруулж, үр нөлөөг нэмэгдүүлэх, нэгдсэн тактик, арга барил болон журамтай болоход чиглэн хамтран ажиллах юм.
“Хааны эрэлд 2013”-ын олон улсын цэргийн сургуулилтын талаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Молорболдоос дараах мэдээллийг тодруулав.
-Энэ жилийн сургуулилтын онцлог нь юу вэ?
-“Хааны эрэлд” сургуулилт бол олон улсын хэмжээнд Монгол Улсын зэвсэгт хүчний нэр төрийг өргөх, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож буй улсуудын цэргүүдийг нэгдсэн дэг журамтай байлгахад чухал нөлөөтэй юм. Тиймээс бид энэхүү сургуулилтад идэвхтэй оролцох, түүгээр дамжуулан зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээ чанаржуулах, шаардлагатай. Бид энэ жилийн сургуулилтад шинээр хоёр төрлийн сургалтын программ нэмсэн. Усан эргүүлийн үйл ажиллагааг хэрхэн хийх болон аливаа асуудлаас амьд гарах арга ухаан багтсан бол усан эргүүл хийх, усан дээр явуулах аливаа ажиллагааг хэрхэн хийх тухай бид АНУ-ын Тэнгисийн цэргийн нөхдөөсөө суралцах юм. Мөн байгаль, цаг уурын хүнд нөхцөлд хэрхэн амьд гарах тухай ч суралцах болно. Үүнийг сурсан алба хаагч өөрийн ангийн бие бүрэлдэхүүндээ зааж, мэдлэг чадвараа дээшлүүлэх учиртай.
-Цэргийн сургуулилтын ажиллагаанд хичнээн орны энхийг сахиулагчид оролцож байна вэ?
-17 орны цэрэг эрс оролцож байна. Үүнээс ОХУ, БНХАУ, БНТУ, Казахстан улс ажиглагчаар, үлдсэн 13 орон буюу АНУ, Австрали, Канад, Франц, Герман, Тажикстан зэрэг улс сургуулилтад бүрэн хамрагдах юм. Мөн Тажикстан улс энэ жил анх удаа “Хааны эрэлд”-д ажиллагаанд оролцож байна. Энэ нь манай цэргийн сургуулилт жил бүр цар хүрээгээ тэлж буйн илрэл юм.
-Сургуулилтад оролцсон улсууд хүмүүнлэгийн аян өрнүүлдэг. Энэ жил ямар ажил хийхээр төлөвлөж байна?
-Жил бүр барилгын хүмүүнлэгийн ажил болон эрүүл мэндийн хамтын ажиллагааг зохион байгуулдаг. Энэ жил Налайх дүүрэгт энэ хоёр ажлыг хийхээр төлөвлөсөн. Эрүүл мэндийн хамтын ажиллагаанд АНУ, Энэтхэг, БНСУ, Японы эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ирж дүүргийн иргэдийг үзлэгт хамруулна. Мөн манай цэргийн эмнэлгийн ажилтнуудтай харилцан туршилга солилцох юм. Мөн барилгын хүмүүнлэгийн ажлаараа Налайх дүүргийн бага сургуулийн хичээлийн байрыг засна. Энэ нь хүүхдүүд тав тухтай орчинд хичээллэх боломжийг нээн өгч байгаа юм. Энэхүү хүмүүнлэгийн ажиллагаанууд нь цэрэг болон иргэний харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн. Налайх дүүрэг нь хотын төвөөс алслагдсан. Мөн маш олон цэргийн анги байдаг. Тиймээс цэргийн ангиудын аливаа үйл ажиллагааг иргэд рүү чиглүүлэх зорилготой.
Ч.Ариунболд
montsame
URL: