Монгол, Японы гүүр

7-31-1М.ЦЭЦЭГ

Гадаад харилцааны салбарт, тодруулбал сүүлийн 20 гаруй жил дипломат албанд ажиллаж байсан Элчин сайд Р.Жигжид Уул уурхайн яамны  Төрийн нарийн бичгийн даргаар ажилладаг. Шинэчлэлийн Засгийн газар шинээр байгуулсан яамандаа шинэ хүн биш олон жилийн ажлын туршлагатай хүнийг олж томилсон нь их учиртай болов уу. Р.Жигжидийн гадаад харилцаанд бий болгосон танил тал, мэдлэг боловсрол туршлагыг ашиглах гэсэн бодлого юм. Учир нь уул уурхай сүүлийн үед моодонд орж буй салбар. Гадаадаас хөрөнгө оруулалт татах ирээдүйтэй салбар учир олон улсаас түнш хайхад Р.Жигжидийн мэдлэг, танил хүрээг ашиглах хэрэгтэй байсан биз. Тэр дундаа Япон улсыг онцолж болно. Р.Жигжид арлын оронд сүүлийн хэдэн жил тасралтгүй ажилласан, мөн тэнд боловсрол эзэмшсэн учир тэндээс хөрөнгө оруулалт татах, хамгийн том хандивлагч оронтой харилцаагаа илүү лавшруулахад дөхөмтэй гүүр байж таарна. Энэ утгаараа Уул уурхайн яамны  Төрийн нарийн бичгийн даргын томилгоонд улс төр нэг их ороогүй, харин ч улс орны алсын хараатай сонголт байсан болов уу.

Р.Жигжид өнгөрсөн онд Уул уурхайн яаманд очихоосоо өмнө буюу 2006 – 2011 онд Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан юм. Өнөөх цунамигийн үед ид ажиллаж байсан хүн. Мөн 2004 – 2006 онд Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөх хийсэн байна. Тэрээр 1996 – 2000 онд мөн л Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ-нд зөвлөх,  1980 – 1985 онд Япон улсад Нэхмэлийн дээд сургууль төгссөн арлын орныг нэвтэрхий мэддэг хүмүүсийн нэг гэж болно.

Р.Жигжид дарга Японд ажиллахын зэрэгцээ 2000 – 2004 онд Гадаад хэргийн яамны Ази Америкийн газарт зөвлөх, 1990 – 1996 онд Гадаад харилцааны яамны Ази, Африкийн газарт II нарийн бичгийн дарга, зөвлөх, 1989 – 1990 онд Төлөвлөгөө, Эдийн засгийн хороонд гадаад харилцааны асуудал эрхэлсэн мэргэжилтэн, 1985-1989 онд Ноосон эдлэлийн “Говь” комбинатад инженер, үйлдвэрлэлийн дарга, хэлтсийн дарга зэрэг албыг хашиж байжээ.

Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид 10 жилийн 24-р дунд сургуулийг төгсч, МУИС-ийн физикийн ангийг дүүргээд Японд суралцсан намтартай юм байна.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих