Татварынхны хэрэг тавилангаа дагав уу, танилын хүрээгээр хаацайлагдав уу

tatbarnotТааж мэдэхгүй оньсого, тайлбарлаж чадахгүй томьёо шиг авлигын хэргүүд дэндүү олон байна.

Эдгээрээс татварын гэх тодотголтой хэрэг хэрхэн шийдэгдэх нь тодорхой бус боллоо. Өөрөөр хэлбэл, нэмэлт мөрдөн байцаалтад буцсан нэрийдлээр хэрэг бүрд үүлэлтэд хэн нэгэн этгээд нөлөөлөхийг таашгүй. Гэхдээ энэ бол таамаг. Харин бодит байдал дээр хэрэг яагаад мөрдөн байцаалтад буцах болсон нь чухал.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар зарим хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хангалтгүй гэж үзсэн нь хамаг асуудал мандаажээ. Зүй нь хэргийг эцэслэн шийдвэрлүүлэхийн тулд хавтаст хэргүүдэд дутуу дулимаг зүйл байх учиргүй. Гэтэл татварынхны хэрэгт дахин шалгах зүйлс их байсан бололтой.

Нууц амраг, найз, хүүтэйгээ үгсэн тохирч 17 тэрбумыг завшсан гэх Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, байцаагч О.Бямбасүрэн нарыг Авлигатай тэмцэх газраас шалгаж, улмаар цагдан хорьсноор энэ хэрэг ил болсон.

Түүнчлэн эл хэрэгт Ч.Гансүхийн хүү Г.Ганзул нэр холбогдсон нь дарин дээр давс гээч болсон юм. Тэгвэл одоо хам хэрэгтэнг нь тусгаарлаж, хавтаст хэргийг нимгэлэх “ажиллагаа”- г хуулийнхан санаачлав.

Ингэснээр Г.Ганзулын нэрийн дансанд байсан 16 тэрбум төгрөгийн учиг тайлагдана гэсэн үг л дээ. Хуулийн байгууллагын үг, үйлдэл хоёр л зөрчихгүй бол татварын мөнг өөр туйлагсад шийтгүүлэх болно. Ч.Гансүх гэж хэн бэ. Тэрбээр төрийн мөнгөөр тансаглаад зогсохгүй төрөл төрөгсдөдөө бэлэглэчихсэн авлигын хэргийн гогцоо.

Түүнтэй хамт аав н.Чимэд, төрсөн эгч Ч.Даваасүрэн, хүү Г.Ганзул нууц амраг нь гээд садан төрлөөрөө төсвийн хөрөнгийг самарсан байдаг. Ч.Гансүх ҮТЕГ-т 20 гаруй жил ажиллахдаа юу эсийг сурах вэ. Мөнгө яаж угаах, ямар аргаар шамшигдуулахыг гаргууд судалсан байж таарна.

Ямар сайндаа л байцаагч О.Бямбасүрэнгийн данс руу тэрбум, тэрбумаар нь шилжүүлж улмаар хуримтлуулж суух вэ дээ. Үнэхээр сүйхээтэй, сүрдмээр эр гэж түүнийг л хэлэх байх. Байцаагч О.Бямбасүрэнтэй ямар холбоо, сүлбээтэйг тэдний тойрон хүрээллийнхэн анддаггүй юм билээ.

Даргадаа гомдсон уу, далд хэлэлцээр нь бүтэлгүйтсэн үү аль ч бай О.Бямбасүрэн өнгөрсөн 2011 оны гуравдугаар сард албан өрөөндөө амиа хорлохыг завдаж байсан удаатай гэх юм билээ. Энэ үнэн бол тэд бие сэтгэлээрээ нэгдсэн амрагууд байх нь дамжиггүй.

Дурьдаад л байвал дуусахгүй эл хэргийг түүх ердөө л энэ. Тэгвэл эхлэл нь хөвөрсөн энэ хэрэг хэрхэн шийдэгдэх нь сонин. Учир нь хэргийн гэрч болох эмэгтэй гэр бүлийн асуудлаас болж амиа алдсан нь ахиад нэг шуугиан дэгдээсэн. Татварын байцаагч бүсгүйчүүд нэгнийхээ аминд хүрсэн нь энэ хэрэгтэй холбоогүй ч эцэстээ татварынхны “тасархай” амьдрал илчлэгдсэн юм.

Түүнчлэн зарим эх сурвалжийн хэлж буйгаар энэ хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэх нь зохимжгүй гэх. Үнэндээ харьяаллаа хөөвөл тус дүүргийн шүүхэд хамрагдах ч танил талаа бодвол уг шүүхэд шүүгдэх нь ашигтай байхыг үгүйсгэхгүй байна.

Иргэд татвар төлөх гэж төрсөн юм шиг зүтгэж байхад татварыг нь тахилын мөнгө шиг хурааж авдаг сэтэртнүүд цагаан захны цаана нуугддаг үе ард үлджээ. Төр зуурдынх, түмэн үүрдийнх гэдэг шиг нэг төрийн нүүр үзэж нэлээд хэсэг нь баяждаг гаж зуршил эцэслэгдэх өдөр ирэх вий.

Б.Чанцал

Эх сурвалж:Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих