Х.Тэмүүжин Б.Билэгтэд хариуцлага тооцож чадахгүйн учир
Сэжигтнийг залхаан цээрлүүлж, хэрэг хүлээлгэдэг яргаллын гэх тодотголтой тусгай сандлыг улсын хэмжээнд тараан, хэрэглэх чиглэл өгсөн гэсэн зэм хүртэн зарим албан тушаалтнууд албан тушаалаасаа огцроод байгаа билээ. Монгол Улс иймэрхүү эрүүдэн шүүх, хүнийхээ эрхийг зөрчсөн балмад үйлдлээсээ татгалзах тухай олон улсын конвенцид нэгдсэн л бол анхнаасаа энэ сандлыг хэрэглэх чиглэл өгөх ёсгүй байсан. Гэтэл цагдаагийн бие бүрэлдэхүүн өөрийнх нь шууд удирдлагад ажилладаг Хууль зүйн сайд яагаад энэ тухай гэнэт өнөөдөр санах болов гэдэг нь сонирхолтой санагдана. Энэхүү эрүүдэн шүүх сандлыг тарааснаас болж ЦЕГ-ын дэд дарга Ш.Ганболдыг халж, орных нь томилгоог орон нутгаас хийлээ. Б.Билэгт 2012 оны есдүгээр сард ЦЕГ-ын даргаар томилогдсон, хоёр сарын дараа энэхүү дуулиан болоод байгаа сандлыг орон даяар тарааж, хэрэглэх тушаал гаргасан байдаг. Сайд болон ЦЕГ-ын даргын мэдэгдэж байгаагаар бол уг сандлыг тараасан нь үнэн боловч нэг ч хүнд хэрэглээгүй гэж байгаа. 2012 оны есдүгээр сараас хойш бүх тасаг хэлтсүүдэд тараагдсан сандлыг хэрэглэ гэж өгөөгүй, хадгал гэж өгсөн болж байна уу. Ганцыг ч хэрэглээгүй гэдэг үг ард түмэндээ үнэнийг хэлэхээс айсан, сайдын болоод ЦЕГ- ын даргын өнгөлөн далдалсан үг гэдэг нь тодорхой. Хэрвээ ХЭҮК энэ тухай мэдээгүй байсан бол сайд ч таг, ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн тушаалаар хичнээн ч хүнд хилсээр хэрэг хүлээлгэн шоронд суулгах байсан нь тодорхой бус. Залхаалт, эрүүдэн шүүлтийг давж гаралгүй хилс хэрэг хүлээсэн хичнээн ч хүн байгааг бүү мэд шүү дээ.
Уул нь Хууль зүйн сайд твиттер хуудсаараа дамжуулан “Уг сандлыг буцаан татаж, худалдан авсан болон тараасан этгээдүүдэд хариуцлага тооцож байгаа” гэж мэдэгдсэн бөгөөд тэр хариуцлага нь байгаа оносонгүй өнгөрөв бололтой, ЦЕГ-ын дарга Б.Билэгт ажлаа хэвийн хийсээр байна. Мэдээж буруутай бол үүрэгт ажлаас нь халах, хэрэг хүлээлгэх нь зүйн хэрэг. Гэвч бүхэл бүтэн ЦЕГ- ын дарга Б.Билэгтийг алгасаад дэд даргад хариуцлага хүлээлгэж байгаа нь шударга бус бөгөөд сайд нь доодох албан тушаалтандаа үг хэлж чадахгүй байгаагийн тод жишээ бишүү. Уг нь Х.Тэмүүжин сайдын хэлж байгаагаар бол Б.Билэгтэд хариуцлага тооцмоор байгаа аж. Гэтэл чаддаггүй. Чадахгүй байгаагийн гол учир нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой гэх яриа ч байна. Угаасаа улстөрийн хүрээнийхэн хэн хэний нөмөр нөөлөгт багтдаг, ямар хамгаалалт байдаг вэ гэдгийг бүгд мэднэ. Б.Билэгт бол Ерөнхийлөгчийн хүн гэдгийг хүмүүс гадарлана. Ер нь Ерөнхийлөгчийн үед л Б.Билэгт гэдэг хүн гайгүй албан тушаал хашиж явдаг нь нууц биш. Радио Телевизийн Хэрэг Эрхлэх Газрын дарга, Тагнуулын Ерөнхий Газрын дарга, сүүлд Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга гээд цагдаад огт хавьтахгүй ажил алба эрхэлж явсан хүн. Гэтэл цагдаагийн жаргал зовлонг мэдэхгүй, сайн мууг ойлгохгүй, энэ салбарт нэг ч хоног ажиллаж үзээгүй хүнийг авчраад дээр нь тавьчихсанд төдийгөөс өдий хүртэл хүчин зүтгэсэн ахмад хурандаа, генералууд эгдүүцэж, өмнө нь ёсолно гэхээс дургүй нь хүрч буйгаа ил далд ярьдаг байсан нь саяхан. Ардчиллын он жилүүдэд Ерөнхийлөгчтэй мөр мөрөө алгадан тэмцэж явсан тэр гавьяа нь өнөөдөр Б.Билэгтийг хариуцлагаас чөлөөлөх шалтгаан болмооргүй сэн. Одоогийн нөхцөл байдал бол нэг иймэрхүү л байна. Ерөнхийдөө Б.Билэгт гэдэг хүн Ерөнхийлөгчийн далбаан дор оодорч бараг л сайдыгаа “Чамайг хэн ч мэдэхгүй нусан бурантаг явахад ах нь ардчиллын төлөө тэмцэж, энэ эрх чөлөөг чамд олгосон юм. Битгий цор цор гээд бай” гэх ухааны хандлага гаргадаг бололтой юм билээ. Энэ тухай ярьвал доош орсон болох тул мэдээж сайдын амнаас үнэн үг гарахгүй нь тодорхой. Цагдаа бол хүчний байгууллага. Гэхдээ энэ нь хүч хэрэглэнэ гэсэн үг бас биш. Анхнаасаа хүч хэрэглэх, нударга зангидах дуртай хүнээр яагаад энэ салбарыг толгойлуулав гэдэг нь сонин. Магадгүй олон эрчүүдийг эгнээндээ нэгтгэсэн энэхүү салбарыг нударгаараа баз гэж явуулсан юм биш биз гэсэн хардлага төрөхгүй байна гэжүү. Тэгээд ч сайдынхаа “Сандлыг буцаан тат” гэсэн үүрэг даалгаврыг үл тоон, тушаалаа хэвээр үлдээсэн ЦЕГ-ын дарга Б.Билэгтэд Х.Тэмүүжингээс дээш том хамгаалалт байгаа болоод л ийнхүү том толгойлж буй нь тодорхой. Уг салбарыг толгойлох болоод хэдхэн сар болж байхдаа Ерөнхийлөгчөөс бригадын генерал цол гардаж авсан Б.Билэгт цагдаагийн салбарт хийсэн халаа сэлгээгээрээ тод үлдсэн үү гэхээс өөрөөр үнэлэгдэх юм хийсэнгүй. Одоо харин яргаллын сандлын дуулианаар нэрээ тод бичүүллээ.
Б.Эрдэнэ
/Үнэн.мн/
URL: