Хөгжлийн бэрхшээлтэй иргэд захиргааны байгууллагаар саадгүй үйлчлүүлдэг болно
Нийслэлийн Зсаг дарга хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандартуудыг хангуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.
Уг ажлын талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Түвшинтөгсөөс тодрууллаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандартыг хангуулах нийслэлийн Засаг даргын захирамж гарсан гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн стандартыг хангуулах тухай” А/690 дугаар захирамж гаргасан. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбай, нутгийн захиргааны байгууллага болон үйлчилгээний байгууллагуудын барилга, байгууламж, зам талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга, дэд бүтцийн Монгол Улсын MNS 6055:2009, MNS 568252006 стандартуудыг хангуулахаар болсон гэж ойлгож болно.
-Захирамжийн хүрээнд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэх вэ?
-Юуны өмнө одоо байгаа байгууллага зам, талбайн дэд бүтцэд MNS 6055:2009, MNS 568252006 стандартуудыг хангуулан ажиллах чиглэлийн ажлуудыг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбай, үйлчилгээний байгууллагууд, нэн ялангуяа нийслэлийн төр байгууллагуудын зам талбай дэд бүтцэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан уг стандартуудыг мөрдүүлэх үүргийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгоод байна.
-Шинээр баригдах зам талбай болон барилга байгууламжуудад уг стандартыг мөрдүүлэх тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Нийслэлд шинээр маш олон зам талбай, барилга байгууламж байгуулагдаж байгаа. Тиймээс тэр бүгдийг анхнаас нь буюу зураг төслөөс нь авахуулаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандартуудыг мөрдүүлэх болно. Уг ажлыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болгосон.
-Хөгжлийн бэрхэшээлтэй иргэдэд зориулсан уг стандартыг хэзээнээс мөрдөж эхлэх вэ?
-Ер нь нийслэлийн төр захиргааны байгууллагуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд ямар нэгэн үйлчилгээ авахад нэлээд их хүндрэл, чирэгдэл учирдаг. Энэ төрлийн санал, гомдол ч тасралтгүй ирж байдаг. Тиймээс ч энэ стандартыг мөрдөх болж байгаа.
Стандартуудыг мөрдөх ажлыг ойрын хугацаанд бүх байгууллага зохион байгуулна. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаар үйлчлүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайд саад, бэрхшээлгүй явах боломжтой болох юм.
-MNS 6055:2009, MNS 568252006 стандартуудыг бүрэн хангасан барилга, байгууламж нийслэлийн хэмжээнд хэд байдаг бол?
-Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хязгаарлагдмал зүйл их байсан. Уг стандартыг мөрдүүлэх ажил бүр орхигдоод байсан гэж хэлж болно. Өнөөдөр манай нийслэлд MNS 6055:2009, MNS 568252006 стандартуудыг бүрэн хангасан барилга байгууламж бараг байхгүй.
Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд харин ч давуу байдлаар эрх чөлөөгөө эдлэх ёстой байдаг. Тиймээс нийслэлийн төр захиргааны байгууллагууд маань өөрсдөө үлгэр дуурайлал үзүүлэх үүднээс нийслэлийн Засаг даргын уг захирамжийг биелэлтийг нэн яаралтай хангах нь зүйн хэрэг байх.
Ж.Отгонмягмар
URL: