Хилчид үлэг гүрвэлийн чулуужсан яс олжээ

527-1374737411middleМонгол орны говийн бүс нутаг, тэр дундаа Өмнөговь аймгийн нутгаас үлэг гүрвэлийн чулуужсан яс ихээр олддогийг палеонтологичид хэлдэг. Тиймдээ ч дэлхий нийтийн анхаарлыг татсан Т.Батаарыг  арилжааны палеонтологич гэж өөрсдийгөө өргөмжилсөн харийн иргэд манайхантай хамтран хил давуулж, дуудлагаар худалдахыг завдсан билээ.
0131 дүгээр ангийн хилчид өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт шороон дороос үлэг гүрвэлийн чулуужсан яс ил гарсан байхыг олж хамгаалалтад аваад байгаа юм байна. Харин салхи шуурганд ил гарсан уу, эсвэл хэн нэгэн этгээд ашиг олохын тулд ухаж авах гэж байв уу гэдгийг хараахан тогтоогоогүй байгаа гэнэ.
Хил хамгаалах байгууллагынхан ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудад энэ тухай мэдээллийг өгсөн гэнэ. Тус хүрээлэнгийнхний үзэж буйгаар тус газраас их хэмжээний байгалийн илэрц олдож магадгүй гэнэ.
Тиймээс Соёл, спорт аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл өгсөн тохиолдолд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд тухайн газарт малтлага хийх юм байна. Тэр болтол хилчид хамгаалсаар байх аж.

URL:

Сэтгэгдэл бичих