Төсөвлөсөн орлого бүрдэхгүй бол тодотгол хийнэ

3cf54245f9fac1ed41710cb571c00278_x3Л.МӨРӨН

Манай улсын татварын орлогын гүйцэтгэл хагас жилийн байдлаар 85.2 хувьтай байна. Төлөвлөгөө тасалдаж байгаагийн шалтгаан нь уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалт багасч, үнэ буурч байгаатай холбоотой. Хэдийгээр татварын орлого төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байгаа ч өмнөх оны мөн үеийнхээс илүү байгаа гэж албаны хүмүүс мэдэгдлээ. Энэ бүх тоо баримтаас зургадугаар сард татварын орлого өмнөх оноос их хэмжээгээр багассаныг анхаарахгүй өнгөрч боломгүй байна. Том санаж, төсөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байгаа ч өмнөх жилийнхээ мөн үеийнхээс өсөлттэй байсан төсвийн орлого юуны учир зургадугаар сард ингэтлээ гэнэт шалдаа унасан бэ. Үүний шалтгаан нь өнгөрсөн онд 104 тэрбум төгрөгийн татварыг “Эрдэнэт” үйлдвэрээс урьдчилан татаж, Хүний хөгжлийн санд төвлөрүүлсэнтэй холбоотой гэх тайлбар сонслоо.

Монгол Улсын Засгийн газар байгалийн баялгаас орох орлогыг иргэн бүрт ижил, тэгш нөхцлөөр хишиг, хувь хүртээх зорилгоор Хүний хөгжил сан байгуулан ажиллаж эхэллээ гэж байсан цаг саяхан. Бас болоогүй энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд идэвхи гарган ажиллаж, тус санд их хэмжээний орлого, эх үүсвэр төвлөрүүлсэн зарим аж ахуйн нэгжид  хүндэт өргөмжлөл гардуулж байлаа.

Тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд, Сангийн сайд С.Баярцогт нар “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олонд Хүний хөгжил санд 365.3 тэрбум төгрөг төвлөрүүлж манлайлсныг баталсан  бол хүндэт өргөмжлөл гардуулж байсан.

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар үйлдвэрийн хамт олныг нийгмийн хариуцлага, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарласан гэж магтан, сайшаасан. Тус үйл явдал 2012 оны нэгдүгээр сард болсон байх юм. Гэтэл жил хүрэхгүй хугацааны дараа энэ нийгмийн хариуцлагатайгаар санд төвлөрүүлсэн мөнгөний гуравны нэг нь буюу 104 тэрбум төгрөг нь маргаашаасаа хулгайлсан, сонгуульд бэлтгэсэн арга хэмжээ байжээ гэдгийг одоо бид харж байна. Бид хэдий хүртэл маргаашаасаа хулгайлж,  өнөөдрөө аргацаан амьдрах вэ. Хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхөж суудаг энэ арга төрийн үнэн дүр болоод удаж байна.

Оны эхэнд С.Батболд тэргүүтэй Засгийн газар ийм аргаар хормой хотоо далдалсан байхад оны сүүлд Н.Алтанхуяг сайд олон улсын үнэт цаасны зах зээлд Чингис бонд гаргаж 1.5 тэрбум доллар босгосон. Еэвэнгийн талын үлгэр шиг сонсогдохгүй байна гэж үү. Гал алдах шахсан цагт гэнэт их мөнгөтэй болсон Засгийн газар хэр ухаалаг зарцуулж, үр ашгийг нь хүртсэн бэ гэдэг асуултын хариулт ээдрээтэй. Нэгэнт төр засаг зарцуулах мөнгөтэй болсон, зарцуулсан бол түүний хэрээр импортын орлого өсөх ёстой.

Гэтэл 2012 онд 3.5 тэрбум төгрөг байсан  гаалийн татвар энэ онд 3.3 болж буурсан байх юм. Дээрх 1.5 тэрбум доллараас 300 сая доллар зарцуулагдаагүй байгаа. Ирэх намраас эргэлтэд орно. 1.2 тэрбум доллар зах зээлд нийлүүлж, зохиомол хөөсрөлт үүсээд байхад буураад байгаа татварын хэмжээ он дуустал өсөх ямар найдвар байна. Энэ их эргэлтийн хөрөнгө хаашаа ороод, юунд зарцуулаад байгаа нь сонирхол татна. Баялаг бүтээдэг, орлого өсгөх, бүтээмжтэй салбарт зарцуулсан бол ийм дүр зурагтай эдийн засагтай хагас жилийг ардаа үдэх байсан гэж үү.

Нэгэнт төсвийн орлого бүрдүүлэлт тааруу, төлөвлөсөндөө хүрэхгүй байгаа учир ирэх намрын чуулганаар төсөвт тодотгол хийх болж байх шиг байна. Төсвийн тухай хуульд хийсэн шинэчлэл ёсоор тодотгол хийнэ гэдэг санаан зоргоор амар биш болсон. Албаны хүний мэдэгдэж байгаагаар одоохондоо тэр шалгуур, нөхцлийн хэмжээнд хүртлээ байдал муудаагүй байгаа гэнэ. Гэхдээ байдал энэ янзаараа үргэлжилсээр байвал, бодлогын чанартай арга хэмжээ авахгүй бол тодотгол хийхээс өөр аргагүй болох нь тодорхой.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих