Гар тархи хоёр хөдөлж дараа нь ам хөдлөнө

 

ГАР ТАРХИ ХОЁР ХӨДӨЛЖ, ДАРАА НЬ АМ ХӨДӨЛНӨ
Ерөнхий сайд аа, зөв эхлэл чинь буруу эргээд явчихав уу даа

Би, Засгийн газар зөв юм хийвэл хоёр гараа өргөж дэмждэг, буруу юм хийвэл хорон үгээр шүүмжилдэг л хүн. Н.Алтанхуягийн Засгийн газрын нэг шийдвэрийг хоёр гараа өргөн дэмжиж байсан минь хэдэн сарын тэртээ. Засгийн газрын хуралдаанаас хугацаат цэргийн албан хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулах шийдвэр л дээ. Миний хувьд зөвхөн цэрэг биш, оюутан сурагчид, хоригдол, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудыг таарч тэнцэх ажилд зүтгүүлж “амыг нь хөдөлгөх” юмсан гэж боддог л доо. Монголд  ангайсан ам нь дэндүү олон болчихоод, ажилладаг гар, тархи хоёр дутаад байгаа юм. Энэ таван бүлэг хүмүүсийг яаж ажиллуулах вэ, тэр чинээгээр аманд нь юу хийх вэ гэдэг бодлого аль ч Засгийн газрын амин чухал асуудал баймаар санагддаг. Би саналаа дахин бичье.
Нэгдүгээрт цэрэг: Би цэргийн алба хааж, цэргийн сургуульд суралцаж эр хүн болохчоо аядсан. Одоо ч яахав, сайд дарга нар, баячуудын хүүхэд нь “эх орноо батлан хамгаалдаггүй” эгэл борчуудын хүүхэд явдаг алба болж. Өөрөөр хэлбэл, нэг хэсэг нь мөнгөөр зодоод, хүүхдээ нялцгайнуудын эгнээнд оруулж байгаа хэрэг. Уул нь хүүхдийг 18-28 насны хооронд цэрэгт 2-3 жил явуулж алба хаалгавал гайгүй шөрмөслөг эр хүн болохсон. Хуучин тогтолцооны үед, Барилгын цэргийг удирдах ерөнхий газар гэж, бараг л яамны эрхтэй том газар байлаа. Цэргийн эрдэмд сургаж, барилга дээр ажиллуулж, жинхэнэ “хатаасан ган” гаргадаг газар байв. Цэргийн эрдэмд суралцаж хатуужил суухын зэрэгцээ, барилгын мэргэжил эзэмшиж ажлын дөртэй болоод, бас ар гэрийнхэндээ тав гурван төгрөг явуулчихдаг, тал талын ашигтай алба байлаа. Монголд хамгийн түрүүнд устгасан газрын нэг энэ. Тэгээд цэргийн албаны хугацааг богиносгож “тоглоомын цэрэг”-тэй болсон л доо. Ажил сургуульгүй, завтай чөлөөтэй цэргүүд яаж бужигнуулав даа. Архиддаг, бие биенээ зоддог, алдаг байснаа болиод, дарга нараа хөнөөгөөд оргож зугтдаг хүртэл болсон.
Засгийн газрын хуралдаанаас, цэргийн албан хаагчдыг бүтээн байгуулалтанд оролцуулах шийдвэр гаргахад дэмжиж байсаан. Мэдээж, залуучуудыг цаг наргүй ажиллуулж хашраахгүй байх л даа. Цэргийн эрдэмд сургасан шиг сургаад өдөрт 2-4 цаг бүтээн байгуулалтанд ажиллуулчихдаг болвол аль аль талдаа хэрэгтэй л юмсан. Хийснээр нь цалин шагнал олговол хадгаламж нь түнтийж, халагдах үедээ байр сууцны нэмэртэй ч болох билүү, хэрэгтэй юмсан. Батлан хамгаалах яаманд үүрэг өгөх шиг болсон. Чимээгүй л байх юм.
Хоёрдугаарт оюутан, сурагчид: Биднийг оюутан байхад зун намрын ажил гэж сайхан зүйл байлаа. “Ногоон ЗИЛ-ний тэвшинд, дуулалдаж явснаа санана уу” гээд Машлайн дуулж байсан үе. Анги, сургуулиараа очоод хашаа хороо барьдаг байлаа. Хадлан дарш бэлддэг байлаа. Худаг ус гаргана. Намрын тариа ногоо хураах ажлыг бол хэний ч царай харахгүй оюутан сурагчид л амжуулдаг байсан. Бидэнд, нэг ёсны ажил амьдрал, нөгөө ёсны баяр болдог байлаа. Залуучууд, анги бүлгээрээ гал болчихоод, өдөр нь уралдаантай ажиллаж, орой нь галын наадам хийж, дуулж бүжиглэж байх ч сайхан даа. Эрүүл агаарт, нэг ёсны амралт л болдог байсан. Хүлээж авсан газар нь орон байр, хоол ундыг нь даасан шиг даагаад хэд гурван төгрөгөөр гар цайлгана аа. Би хэдүүлээ, сургуулийнхаа самрын төлөвлөгөө авч яваад Хандгайтад самар хийдэг л байсан. Галзуу чонотой тулалдсан нэг шөнийг эс тооцвол ууланд самар хийх шиг сайхан юм байна уу даа. Буухдаа 100 шахам шуудай самар тушаагаад бид хэд мөнгөжиж 710-ын драпан пальто анх өмсөж үзсэнсэн. Энэ бол улсын их сургуулийн гэрээт ажил учраас цаад байгууллага нь овоо цалинжуулсан хэрэг. Сангийн аж ахуй, нэгдлүүд бол дөнгөж л гар цайлгана. Тэглээ гээд оюутнууд гомдож горойх зүйлгүй л дээ. Ямаа боож нэг наргиад л хичээлдээ ордог байсан даа. Би түрүү “Зөв эхлэл чинь буруу эргээд явчихав уу даа” гэж онцолсон. Бидний үеийг бодвол зах зээлийн нийгэм өөр л биз. Гэхдээ оюутнуудад юм л бол өндөр цалин хангамж амлаж байгааг би буруу гэж бодож байна. Юу гэнэ вэ. 500,000-1,000,000 төгрөгийн цалин өгнө ч гэх шиг. Арай дэндэж байна аа. Улсаас тэтгэлэг, хөнгөлөлт аваад бараг л ачаалалгүй шахам суралцаж байгаа энэ олон зуун мянган оюутныг зуны ганц хоёр сар цалингүй зүтгүүлчихсэн ч яадаг юм. Ер нь энэ олон сайхан залуусыг ажил хөдөлмөрөөс зугтаалган, өөдтэй мэдлэг мэргэжил ч олгосон юмгүй их дээд сургуулиудыг зоригтойхон цөөлбөл яасан юм. Бусдыг нь мэдэхгүй юм. Сэтгүүлч бэлддэг олон сургууль бий. Тэдний төгсөөд ирж байгаа залуусыг нь даанч яав даа гэмээр, идэвхтэн бичигчдээс ч долоон дор “мэргэжлийн сэтгүүлч” ирж байгаа юм даа. Бусад дээд сургуулиуд ч адилхан л байх. Эцэг эхийнх нь халаасыг суйлж, зөвхөн мөнгөний төлөө ийм “мэргэжилтэн” бэлтгэж байгаа сургуулиудыг цөөлж, хөдөлдөг гаруудтай болмоор байна.
Гуравдугаарт хоригдол: Монголын шоронгуудад 6000-9000 хоригдол эргэлддэг юм уу даа. Бүтээн байгуулах хөдөлмөрт оролцуулбал мөн их хүч шүү. Монголын түүхэнд үлдсэн олон зүйлийг хоригдлууд барьж босгосон. Улаанбаатар төмөр замыг 505-ын орос хоригдлууд барьсан. Мардайн уран, Цэнхэрмандалын вольфрoм, Ерөөгийн алтны уурхайнуудад орос хоригдлууд л ажиллаж байсан. Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийг Оросын 54 дүгээр трестийнхэн барьсан. Улаанбаатар хотын төв хэсгийн хэдэн том барилга байгууламж, тухайлбал, арван жилийн нэгдүгээр дунд сургууль, Дуурь бүжгийн эрдмийн театр, Гадаад харилцааны яам гээд олон барилга байгууламжийг Японы олзлогдсон цэргүүд барьж байгуулж билээ. Монголын хоригдлууд ч бүтээн байгуулалтын үйлсэд хувь хандиваа оруулсан асар олон баримт бий. Хоригдол ялтангуудад таарч тэнцэх ажил өгөөд, хөдөлмөрийнх нь хөлсийг бодолцоод зүтгүүлээсэй гэж би боддог хүн. Сүүлийн үед хоригдлууд дарга сайд нарын орон байр янзалж зуслангийнх нь барилга байшинг барьж байгаа л сураг сонсогдох юм. Зохион байгуулалттайгаар бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болохгүй гэж үү. Хоригдлууд дунд асар өндөр мэдлэг чадалтай хүмүүс байгаа. Тэдний хүч чадлыг дайчилж зохих хөлс шанг нь өгөөд ажиллуулмаар санагддаг. Нэг үгээр хэлэхэд хоригдол ялтан гэдэг хүн хоол идээд хэвтэж байдаг хүн биш, таарч тохирох ажлаа хийж, хөдөлж байх нь нэг талдаа бүтээн байгуулалтанд хэрэгтэй, нөгөө талдаа эрүүл мэндэд нь тустай юм гэж боддог.
Дөрөвдүгээрт хөгжлийн бэрхшээлтэй иргэд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүгдийг ажилтай болгоё. Тэдэнд зориулсан жижиг дунд үйлдвэр олныг байгуулъя гэж миний хувьд мөн ч олон бичсэн дээ. Аль ч Засгийн газар нь хэрэгсэхгүй юм. Би гадаадад явж байхдаа үүнийг их сонирхдог байлаа. Солонгост дан дүлий хүмүүс барилга барьж байх юм билээ. Тэргэнцэртэй хүмүүсийн загас үржүүлэх аж ахуйд очиж байсан. Ер нь төрөлжүүлээд бүх хүнийг ажилтай болгочихдог, цалин хангамж ч сайтай ажилладаг юм билээ. Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сувилал ямар сайхан гээ. Том нуурын хөвөөн дээр бүхэл бүтэн цогцолбор байна билээ. Тэнд ажиллагсад, сувилуулагчид бүгд хөгжлийн бэрхшээлтэй. Тогооч нар нь залуур бүхий тусгай тэргэнцэртэй. Манайхны жирийн тогооч нараас ч илүү шахам үйлчилж байсан. Хэн нэг даргыг ажилтай болгохын тулд яам, агентлаг, газар байгуулж байхын оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийддэг яам юмуу, агентлаг байгуулаад тэднийг ажиллуулдаг, амрааж сувилдаг, айл гэр болгож сайхан амьдруулдаг цогц бодлого явуулаасай гэж миний бичсэн зүйлүүд эрхэм дээдсийн чихэнд наалдалгүй л өнгөрдөг юм даа.
Тавдугаарт ахмад настан: Монголд 200 мянга гаруй ахмад настан байдаг гэсэн. Тэд ч одоо хүний тооноос бараг гарч дээ. Ялсан намынхан, долдой залуусаа ажилтай болгохын тулд хүмүүсийг тэтгэврийн нас ойртоод ирэхээр нь л хөөгөөд гаргадаг болж. Гол зогоох төдий тэтгэвэр өгөөд мартах нь тэр. Хэдэн арван жилээр бэлтгэгдсэн тэр их хүчийг бүтээн байгуулалтын их талбараас хөөж гаргаад улс орон яаж хөгжих юм бэ. Би социалист, капиталист янз бүрийн орноор явж л байсан. Манайх шиг ахмадуудаа зайлуулах гэж суудлыг нь манаад зогсож байдаггүй юм билээ. Сургуулиудаар нь очлоо. Цагаан толгойтой профессорууд хичээл зааж байна. Эмнэлгээр нь очлоо. Бараг эрүү өвдөг нь нийлсэн профессорууд удирдаад мэс засалд орж байна. Парламентынх нь танхимд хар үстэй хүн бараг алга. Тэд, манай энэ зарим түшээд шиг тэмээ гэхэд ямаа гэж яриад байхгүй юм. Асар туршлагатай, хийгүй хүмүүс байх юм даа. БНСУ-ын парламент нэг хуулийг гуч хоног ч хэлэлцэх тохиолдол бий гэж байна билээ. Манайхан бол бөөндөж оруулаад л гурван минутанд баталчихаж байгаа шүү дээ. Бусад орнууд ахмадууддаа яаж ханддагийг хэлж байгаа нь энэ. Монголд, ахмадууддаа хүндэтгэлтэй хандаж, нүд анин аньтал нь тэдний оюуны их потенциалаас шавхан авч байгаасай гэхдээ би үүнийг бичээд байдаг юм. Өнөөдөр Монголд, өөрөө машин жолоодож яваад мөргүүлчихдэг хүн жолооны сургуулийн багш хийж байна. Чулуу, зэс хоёроо ялгахгүй шахам хүн уул уурхай яриад явж байна. Тэгэхэд, энэ бүхнийг чинь мэдэхээр үл барам хийж бүтээсэн ахмадууд нь “гэрийн хорионд” сууж байгаа юм. Энэ их хүч энергийг улс орны бүтээн байгуулалтанд ашигладаг систем байгаасай гэж би яриад, бичээд байгаа юм шүү дээ.
Ерөнхий сайд аа, үнэхээр бүтээн байгуулалт хийе гэж байгаа бол Монголын насанд хүрэгчдийн гуравны нэгийг эзэлж байгаа энэ таван хүчийг зангидаж, шавхан дайчилж байж л амжилтанд хүрнэ дээ. Гар тархи хоёр хөдөлж, дараа нь ам хөдөлнө гэдгийг хэзээ ч мартамгүй юм шүү.

Г.ЖАМЬЯН (МУСГЗ)


URL:

Сэтгэгдэл бичих