Баячууд зодолдоход барлагийн биенд цус үсэрдэг
Амралтын хоёр хоног зугаатай өнгөрлөө. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бүдрэхээсээ өмнө бурхан шиг хүндлэгдэж, эрх мэдэл, эд баялгийн ид шидийг үзүүлж явсан Намбарын Энхбаяр гэдэг хүн улс төрөөс шахагдаад ёстой нөгөө хэн ч биш болж байгааг хэдэн өдөр зурагтаар харав. Өрөвдөх ч шиг, бас санаа ч зовох шиг. Хэдэн арван тэрбумын хөрөнгөтэй, хууль хяналтийнханг гартаа атгаж, дураараа дургиж, хэдхэн хүний жагсаал цуглаан хийхийн төлөө олон зуун саяыг цацаж чаддаг хүнийг өрөвдөөд байхдаа я яахав дээ гэж өөрийгөө шоолж үзлээ. Гэхдээ л өрөвдмөөр юмаа.
Хаанаас ирсэн нь, хэн гэдэг нь мэдэгдэхгүй цөөн хэдхэн хүн цуглуулаад “П.Очирбат, Н.Багабанди хоёр шиг муу Ерөнхийлөгч байгаагүй. Харин Н.Энхбаярын хугацаа нь багадаад юу ч хийж амжаагүй. Н.Энхбаяраа чи дахиад Ерөнхийлөгч болноо” гэж ирээд л магтуулж, өөрөө малийтал инээж, гар хөлөө савчиж зогсох юм. “Ард түмний их хуралдай” гэж нэрлээд байгаа хурал цуглаанд сая орчим доллар зарцуулсан гэдэг яриа тараад байгаа ч “Даанч дээ хайран мөнгө” гэж харамсмаар цуглаан болоод өнгөрөв. Хоёр өдөр Н.Энхбаярыг магтаж, М.Энхсайханг төрмөл Ерөнхий сайд хэмээн өргөмжилсөн энэхүү их хуралдай Н.Энхбаярыг нэр сүрийг шороотой хутгахаас хэтэрсэнгүй. Монгол Улсын гуравдахь Ерөнхий сайд 15 олигархийн нэрийг сүр бараатай зарлалаа. Гэвч тэдний 90 хувь нь экс Ерөнхийлөгчийн найз нөхөд, намын дарга байхдаа өөд нь татаж, өөрийн болгож, эрх мэдэл мөнгө төгрөгийн харьцаа холбоотой хүмүүс байх юм.
Шударга ёс алга болсон гэж ирээд л Н.Энхбаяр өөрөө шударгын дүрд хувирчихсан зогсож байна. Үнэндээ түүнийг төр барьж байх үед хамгийн шударга бус сонгуулиуд явагдаж, хамгийн том хувьчлалуудыг хийж, хамгийн олон тэрбумтангууд төрөөс төрж гарсныг мань эр мартчихсан бололтой.
Монгол Улсын төрийн тэргүүн явсан хүн гудамжны улс төрчидтэй нийлж, жагсаал цуглаан хийх гээд бүтэлгүйтэж, бас л доошоо орж байхыг харлаа. В.И.Лениний төрсөн өдрөөр эхэлсэн тэдний энэ тэмцэл хүйтэн салхинд туугдаж хөгийн юм болоод л өнгөрлөө. Даарч, хөрч бүрсийсэн хэдэн хүн хувийн үйлдвэрийн хямдхан архи дамжуулан ууж, үнэндээ индэрт хэн юу ярьж байгааг ч сонсох шинж алга. Ёстой нөгөө хаврын синдром нь хөдөлсөн нэг бус хүн цугласан бололтой. Нэг эмэгтэй чанга яригч шүүрч авснаа “Би Алунгоо хатан байна” хэмээн хашгирч, бас нэг настай эмэгтэй цоохор цүнх савчуулан “Хорыг хороор дарахын тулд би могойн арьсан цүнх барьж ирлээ” хэмээн орилж байхыг үзэв. Үнэндээ юуны төлөө цуглаж байгаа нь тун тодорхойгүй, ямар ч удирдлага, зохион байгуулалтгүй жагсаалын индэрт хэн дуртай нь гарч амныхаа зугааг гаргав.
Үнэндээ Н.Энхбаяр гэдэг хүнийг ард түмэн сонсохоо больсон гэдгийг, бас гудамжны жагсаал цуглааны үнэ цэнэ унаж, иргэд хий хоосон уриа лоозон, гудамжны үймээн самуунаас залахсан гэдгийг энэ жагсаал дахиж батлаж өглөө. Саяхан л Мэндсайханы Энхсайхан “Монголын олигархиудын жагсаалтыг Н.Энхбаяр тэргүүлнэ” хэмээн зарлаж байсан. Тиймээс өнөөдөр Н.Энхбаяр олигархитай тэмцэж чадна гэдэгт итгэх хүн алга. “Баячууд зодолдоход барлагийн биенд цус үсэрдэг” гэсэн гашуун үг бий. Олигархиар толгойлуулсан олигархиудын хэрүүлийн хөлд жирийн иргэд чирэгдэж, үймээн самуун бага л гараасай.
шударгамн
URL: