Сэлбийг сэлбэх ажил дахиад саатжээ
Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх, орчныг тохижуулах төслийг хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд 1.3 км газрыг тохижуулахад 7.7 тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэсэн ч хоёр жил өнгөрөөд байхад ажлаа дуусгах нь бүү хэл, дорвитой үр дүн гараагүй, түр зогсоод буй аж. Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер Д.Дэлгэрмаагаас тодрууллаа.
-Төслийн ажил яагаад зогсов?
-Барилга барих үед үерийн ус өнгөрүүлэх суваг нь шаардлага хангаагүй. Нөгөөтэйгүүр явган хүний замыг байгалийн чулуугаар өнгөлөх, Сэлбийн эргийг тохижуулахад шаардлагатай төсөв мөнгийг хугацаанд нь шийдэж өгөөгүйгээс ажил нэлээд саатсан.
-Зураг төсөл алдаатай байсан гэдэг үнэн үү?
-Тийм ээ, алдаа байсан учраас нэлээд өөрчлөлт оруулсан. Учир нь хөрсний ус их, зураг төслийн мэдээллийн санд байгаагүй бохирын шугам гарч ирсэн. Тухайн үед Зуун айлын гүүрийг засаагүй байсан. Харин гүүрийг шинэчилснээр зураг төслийг өөрчлөхөөс аргагүй болсон.
-Төслийг ямар компани хийсэн бэ?
-Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн, “Усны эрчим” компани хамтарч, 70 сая төгрөгөөр гаргасан.
-Одоогийн байдлаар ажлын явц хэдэн хувьтай байна вэ?
-Хоёр талын болон дотор шаталсан, хоёр жижиг түшиц хана болон техникийн ажлуудыг гүйцэтгэсэн. Ерөнхийдөө 80 хувьтай байна.
-Нэмэлт хөрөнгө шаардлагатай гэж сонссон. Хэчнээн төгрөг хэрэгтэй байгаа вэ?
-Гүйцэтгэгч компаниуд нэмж, нэг тэрбум төгрөг олгохыг хүссэн. Гэхдээ тэдгээр компани Зуун айлын гүүрнээс “Голден вилл” хотхоны гүүр хүртэлх 350 метр газрыг засаж, тохижуулахад хоёр тэрбум төгрөг шаардлагатай гэсний дагуу санхүүжилтийг нь шийдэж өгсөн. Тиймээс нэмэлт хөрөнгө гаргах боломжгүй.
-Энэ ажил хэзээ дуусах вэ?
-Эхний ээлжинд Зуун айлын гүүрнээс “Голден вилл” хотхоны гүүр хүртэлх 350 метр газрыг тохижуулан энэ ондоо багтаад, хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байна.
Д.БАТСҮРЭН
inet
URL: