Монголчууд “Чалко”-д одоо 170 сая ам.доллар төлнө

527-1366596383middleУлстөрчид ард түмнээс хамгийн хурдан хугацаанд “коко” үнэлгээ авах гэж хавтгайрсан халамжинд Тавантолгойн нүүрсээ тавьж туугаагүйсэн бол өнөөдөр өрөнд баригдах битгий хэл монголчууд хувьцаатайгаа байх байлаа.

Харамсалтай нь цахим хуудаснаас регистрээрээ хувьцаагаа харахад “Та хувьцаатай байна” гэх үхмэл хэдэн үг байхаас биш алган дээрээ гаргаад эд болгох үнэт цаас ер үгүй.

За, энэ ч яахав нэгэнт ард хоцорсон эмгэнэл. Харин одоо төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувь заяа цаашид хэрхэх вэ гэдэг нь асуудал болж байна. Өөрөөр хэлбэл, монголчуудын нэрийн дансан дахь эл үхмэл хувьцаа амьдрах уу, эс амьдрах уу гэдэг нь чухал. Бас тал дундах Тавантолгойн ордоос Монголын эдийн засаг хэр зэрэг “тэжээл” олж авах вэ, Хятадууд ямар нааштай хариу хэлэх вэ, манай улс нүүрсээ өөр зах зээлд гаргах боломж бий юу, “Чалко”-д одоо хэдэн сая ам.доллар төлөх вэ гээд олон асуудал бий.

6-7 сая тонн нүүрс тээвэрлэхэд 10-20 тэрбум төгрөг хэмнэхээр болжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХХК нэг хэсэг зарлагаа танахын тулд удирдлагын зардлыг 30 орчим, уурхайд зарцуулах түлшний зардлыг 20 орчим хувиар тус тус бууруулсан. Мөн уурхайн ажилчдаа Улаанбаатар руу онгоцоор зорчуулдаг байсныг болиулсны дараа ажилчид, удирдлагуудын хооронд хэсэг хугацаанд үл ойлголцол гарч байлаа.

Ямартай ч тус компанийн хувьд нүүрс нийлүүлэгч Хятадын “Чалко” компанитай үнээ нэмэх, зардлыг багасгах тал дээр олон сар ярилцсаны эцэст зарим тохиролцоонд эцсийн байдлаар хүрчээ.

Тухайлбал, Чалко компанитай тохиролцсоны үндсэн дээр уурхай дээр гүний гааль байгуулсан гэнэ. Энэ нь Цагаан хадад нүүрсээ буулгаж, дахин ачилт хийхгүйгээр тээвэрлэлт гүйцэтгэж буй компаниуд БНХАУ-ын Ганц модны боомтод нүүрсээ шууд буулгах тохиролцоонд хүрсэн гэсэн үг. Ингэснээр бүтээгдэхүүний үнийг тонн тутамд ойролцоогоор 2-3 ам.доллараар нэмэх боломж бүрдсэн аж. Уг нь эл тоо бага мэт сонсогдож байгаа ч 6-7 сая тонн нүүрс тээвэрлэж гаргахад 10-20 тэрбум төгрөгийн зардал хэмнэх юм.

Дөрөвдүгээр сараас хойш 300 мянган тонн нүүрс экспортолжээ

Нөгөөтэйгүүр монголчууд хятадуудад Тавантолгойн ордын нүүрсээ хэт багаар үнэлж байна гэж нэг хэсэг гэрээнд өөрчлөлт оруулахаар маргалдацгаасан. Он дамжсан энэ маргааны эцэст өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл нийт 300 гаруй мянган тонн нүүрс экспортолжээ.

Энэ тоог мөнгөн дүнд шилжүүлбэл тонн тутмыг 56 ам.доллараар бодоход нийт 16.8 сая ам.доллараар хэмжигдэх нүүрсийг “Чалко”-д өгчээ. Учир нь өнгөрсөн 2011 онд “Хүний хөгжил сан”-аас иргэдэд олгож байсан 21 мянган төгрөгт өгөх 350 сая ам.долларыг тус компаниас манай улсын Засгийн газар зээлсэн байдаг. Нэгэнт л бусдын мөнгийг авч, өр тавьчихсан болохоор үг дуугүй нүүрсээрээ хааж, өрөө барагдуулна.

Ямартай ч одоогоор 170 орчим сая ам.долларын өр үлдсэн гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд хэллээ. Хэрэв компанийн үйл ажиллагаа нь жигд байвал энэ олон сая ам.долларыг 2013 онд багтаан төлөх төлөвлөгөөтэй.

Гэхдээ уг компани ашиггүй ажилласан хэвээр буй. Магадгүй энэ байдал нь цаашид ч үргэлжилэх төлөв бийг хэлэх хүн олон. Яагаад гэвэл дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ төдийлөн өсөхгүй байгаа, гол хэрэглэгч болох Хятадын эдийн засгийн удаашрал зэрэг асуудлууд бидэнд “тушаа” болж байна. Гэвч бас нэг боломж нээлттэй хэвээр. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой”-г ашигтай ажиллуулах гол механизм.

Тодруулбал, эднийх Баруун цанхийн ордоос нүүрс олборлоод эхэлчихсэн. Уг нь УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу үүнд олон улсын консерциум оруулж байж гэмээнэ ашиглаж эхлэх байлаа. Харамсалтай нь Засгийн газрын түвшинд ярих энэ зүйлийг хүлээсээр байж ёстой “Бухын доодох харсан үнэг турж үхнэ” гэгчээр “Эрдэнэс Тавантолгой” нүүрсний биш алдагдлын компани болох байв. Ямартай ч Баруун цанхиас олборлосон нүүрсийг Хятадын бусад компаниудад нийлүүлж буй. Хэрэв цаашид энэ байдлаар нүүрсээ тогтвортой нийлүүлээд байвал компанийн ашиг 30 хувиар нэмэгдэхийг тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь онцоллоо.

Транзит тээврийн асуудлаа хурдан шийдвэрлээч ээ

Түүнчлэн монголчууд нэг зүйлд дурамжхан хандаж байгаа. Нүүрсээ гадаад зах зээлд гаргахад яагаад ганц Хятадыг царайчлах ёстой гэж хэмээдэг. Харамсалтай нь үүний цаана их учир бий.

Өмнөд хөршийнхөн Монголоос Япон, Солонгос гээд бусад зах зээлд нүүрс гаргах замын том саадаа арилгаагүй гэдгийг төдийлөн ойлгодоггүй. Өөрөөр хэлбэл, хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах транзит тээврийн гэрээг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй. Хэрэв уг асуудлыг эцэслээгүй байхад тэдгээр улсууд руу нүүрсээ тээвэрлэнэ гэвэл Хятадын талд 30 гаруй хувийн татвар төлж манай тал ямар ч ашиггүй ажиллана гэсэн үг.

Ямартай ч үүнийг даруй шийдчихвэл хэзээд ч хамаагүй нүүрсээ гаргахад бэлэн гэдгийг “Эрдэнэс Тавантолгой”-нхон дурьдсан. Тиймээс ашгаа олох, бусад зах зээлд нийлүүлэхэд бэлэн байхын тулд олборлолт хүчин чадлаа нэмж буй гэнэ.

Нөгөөтэйгүүр гүний гааль байгуулах асуудал нэг мөр шийдэгдэж, ажлаа эхлээд байгаа учраас энэ жил Цанхийн зүүн хэсгээс 5-6 сая, баруунаас нь 2-3 сая тонн нүүрс олборлож, уурхайгаас шууд экспортлох юм байна. Ингэснээр экспортоо өмнөх жилийнхээс гурав дахин нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм.

Ямартай ч энэ бүхний эцэст Засгийн газар Хятадын талтай транзит тээврийн асуудлыг хурдан шийдвэрлэхийг цаг хугацаа шаардаж эхэллээ.

Л.Баатархүү


URL:

Сэтгэгдэл бичих