Нөлөөт толины орон
Наадмын өдрүүдэд сайхан гэдэг үг хамгийн их хэлэгдлээ. Монголчуудын бүх юм сайн сайхан болсон юм байх. Үүнтэй санал нийлэхгүй нэгэн худал ярьсан болж…Амны билгээс ашдын билэг гэдэг хариулт сонсон бусдад шүүмжлэгдэх юм. Ухаандаа муу юмыг сайн гэж бүгдээрээ хэлээд байхаар ид шидийн аргаар сайхан болдог юм гэнэ. Худал юмыг мянга дахин хэлэхэд үнэн юм шиг болдог гэдэг логик. Би багадаа Виталий Губаревын бичсэн “ Нөлөөт толины вант улс” (Королевство кривых зеркал) гэж үлгэр уншиж байсан. Зохиолд…Тухайн хаант улсын бодлого гэж орон даяар бүх толийг нөлөөтэй болгож. Тэр толинд харсан муухай царайтай хүн бол гоё, хөгшин хүн залуу, өлсөж ядарсан хүн бол өнгөлөг цатгалан, туйлдсан ядуу хүн бол хангалуун баян болж харагддаг байв. Жинхэнэ бодит байдлыг ингэж зохиомлоор өөрчлөн түүнд ард түмэн хууртагдаж үнэнг танихгүй харанхуй болж боолчлогдох нь тэр улсыг удирдаж байгаа цөөн баячуудад яг тохирч байв. Монгол яг л энэ үлгэрийн хаант улс болсон. Ард түмэн ядуу байхад Үндэсний статистикийн хороо “Ядуурал буурлаа, бүх хүн амын 73 хувийн өрхийн орлого, доод тал нь нэг сая төгрөг болсон” гэж бодит амьдралтай огт нийцэхгүй мэдээлэл санаатай тараадаг. Монгол Улсын авлига буурсан хэмээн Монгол төрийн өндөрлөгүүд ард олонд саяхан буюу тавдугаар сард мэдэгдэж байсан. Гэтэл наадмын өдөр хэвлэгдсэн “Уолл Стрийт Журнал” ТОП-10 авлигатай орныг нэрлэхэд, нэгдүгээр байрт Либери, хоёрдугаар байрт Монгол Улс жагсч, аман хүзүүнд орсон гутамшигтай судалгаа гарчээ. Нэр хүндтэй сонинд гарсны дараа албан ёсоор хамгийн их авлигатай улс гэдгийг дэлхий бүхлээрээ мэдэж авлаа. Барууныхан буюу америкчууд… Монголд ардчилал жинхэнэ утгараа хэрэгжиж байна, энэ улсаас үлгэр авцгаа гэж улайм цайм худал сурталчилж байдаг. Монгол Улс дэвжиж байна, тэддүгээр байранд орлоо, дэндүү хөгжиж байна, эдийн засгийн үсрэнгүй, байж боломгүй дэвшил гэх итгэхэд хэцүү мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр. Гэтэл тэдэнд ингэж хуурах ганцхан шалтаг буюу сонирхол байдаг… Байгалийн баялаг. Энэ мэтчилэн бодит байдал яриа хоёр өөр, нөлөөт Толины орон. Цаг хугацаа жам ёсоороо л явж байхад, өмнөх үед болсон үйл явдлыг нэг их олон тооны нэр өгч хөгжлийг хийсэн баатар болцгоон ард түмний тархийг манжийн үед шиг баяр наадам цэнгүүнээр хууран, дундаас нь цөөн дайснууд нэр төр, ашиг хонжоо олдог явдлыг масс даанч олж харан зогсоож чадахгүй байна. Тусгаар тогтнолын билэг тэмдэг, улсын оршин тогтнохын илэрхийлэл гэдэг утгаар наадмыг хямд төсөр тэмдэглээд амраад өнгөрч болно. Сүр дуулиан болгож хоёр болон дөрвөн хөлтэй адгуус амьтныг зовоон байж хайран цаг зав, хөрөнгө мөнгө төсөв, хөдөлмөр хүч үрж байхын ач холбогдол гэж ер нь юу байна. Гаргасан зардал зарцуулсан хөдөлмөртэй нь харьцуулбал ашиг тус, орлого гэж бараг байхгүй. Жилийн жилд хавраас эхлээд дэлхийд ганц дэнж хотойлгосон монгол наадам гэж ядарсан ардыг сансарт дэмий л хөөргөн хуйлруулах юм. Ганц дээлт бардаач, ганц морьт уралдаанч гэж үг байдаг сан.
URL: