Цэл залуухан Д.Сүхбаатар танаа

1_1374021685Одоогоос 120 жилийн тэртээ Амгаланбаатар хотод төрж, ид залуу 28 насандаа харийн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлөн 30-хан насандаа үрэгдсэн ч хожмоо монголчуудын зүрх сэтгэлд хэдэн зуун, мянган жилээр хоногшин үлдэх их үйлийг бүтээсэн жанжин Д.Сүхбаатар танд нэгэн зууны дараах “Улстөрийн тойм сонины” сэтгүүлч хандан бичиж байна.

Цагаан дээлт Дамдины Сүхбаатар. Энэ хүн одоогоос 120 жилийн өмнө төрж тухайн цаг үеийнхээ хатуу бэрхэд нухлагдан өсчээ.  Амьдрахын эрхээр багаасаа мах үүрэх, мод түлээ зөөх зэргээр бусдад зарагдан дарлал зовлонд нэрвэгдсэн монголчуудын бодит амьдралыг биеэрээ мэдэрсэн нэгэн. XX зууны эхээр манай орноор жуулчилж явсан гадныхан Монголын талаар “Бид үгүйрэн хоосорч, мөхөж буй газраар замнан явж байгааг, тэдний зовж зүдэрсэн бие, нүүр царай нь гэрчилж байв. Их байлдан дагуулагчийн үр удам хэмээн хөөрцөглөгч тэд дээд өвгийнхөө хөө хуягийг ч даах тэнхээгүй хүмүүс болжээ. Энэ үн­дэстэнг түүхийн шар­ласан хуудаснаас үзэх цаг тун ойрхон болов” хэмээн тэм­дэглэн үлдээсэн байдаг.

Тэрбээр чухам ийм л хатуу бэрхийг нүдээр үзэж, биеэр туулсны учир эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх гэсэн сэтгэл түүнд хар багаас нь хоногшсон бололтой. Ингээд  Д.Сүхбаатар19 насандаа цэрэгт явж сумангийн даргаар томилогдсон бөгөөд таван жилийн дараа дайнд оролцон гавъяа байгуулж Монгол Улсын баатар цол хүртжээ.

Сүх жанжиныг нас барснаас хойш түүнийг Хятадын эрлийз, мөрийтэй тоглоомчин гэх мэтээр элдвийн яриа гарч байсан. Тухайлбал  зарим ном зохиолд Д.Сүхбаатарыг мөрийтэй тоглох дуртай хүн байсан бөгөөд 1920 онд Зөвлөлт Орос Улсад явахдаа зардлаараа тоглочихсон тул гэрээ зараад, эхнэр хүүхдээ айлын амбаарт үлдээгээд явсан. Түүнийг нас барахад нь мөрийнд алдсан нэлээд өр гарч ирснийг нь Засгийн газраас төлж цайруулж байсан хэмээсэн байна. Мөн түүний эцэг цагаан дээлт Дамдиныг өвөрлөгч хүн бөгөөд Д.Сүхбаатар бол хятад хүн гэж ярих болсон юм.

Ямар ч байсан Д.Сүхбаатар ардын хувьсгалд голлох үүрэгтэй оролцсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Орос улсаас тусламж гуйхаар төлөвлөж байх үед Д.Сүхбаатар л Богд хааныг зөвшөөрүүлж тамгыг нь даруулж чадсан гэдэг. Хорь гаруйхан настай залуу улс орны хувь заяа хаашаа ч эргэж магадгүй эгзэгтэй үед Богд хааны итгэлийг олж Оросоос тусламж гуйх зөвшөөрөл авсан нь түүнийг ямар шийдэмгий хүн байсныг илтгэнэ. Цаашилбал Богд хааны хэмжээгүй эрхт засаглалыг халж хэмжээт эрхт буюу зөвхөн шашин, номын асуудлыг хариуцдаг болоход Сүх жанжины үүрэг чухал байсан гэдэг.

Өнгөрсөн хугацаанд Д.Сүхбаатарын шарилыг дөрвөн ч удаа хөдөлгөн, шилжүүлж байжээ. Түүнийг нас барахад нь Хужирбуланд  оршуулж байсан бол сүүлд булшийг зөөвөрлөж Алтан-Өлгийд авчирсан. Тэр бүү хэл Д.Сүхбаатарыг  хятад маягаар оршуулж байсан тухай баримт ч байдаг.

Мөн Хоёр хоногийн өмнө Улаанбаатар хотын төв талбайг Чингисийн хэмээн нэрлэх шийдвэр гаргасан. НИТХ-ын тэргүүлэгчид Сүхбаатарын талбайн нэрийг “Чингис хааны талбай” болгон өөрчилж Сүхбаатарын хөшөөг аль нэг тийш нь нүүлгэхгүй байхаар шийдвэрлэв. Үүнтэй холбоотой маргаан олон нийтийн цахим сүлжээнээс эхлээд хаа сайгүй өрнөж байна.

Хятадын дарангуйлагчдад туйлдаа хүртэл дарлуулж, мөхлийн ирмэгт дөхчихсөн байсан цагт ч монголчуудыг удирдан зохион байгуулж, одоогийн амар жимэр амьдралд хөтөлсөн түүнийг зарим хүн Оросын гар хөл хэмээн адалдаг. Оросын гар хөл байсан ч байгаагүй ч Сүх жанжин л бол Сүх жанжин. Сүх жанжин хувьсгалын удирдагч биш байсан ч хамаагүй, монгол хүн ч бай, Хятадын эрлийз ч бай, улсын төв талбайг Д.Сүхбаатарын нэрээр нэрлэхгүй байсан ч хамаагүй  Монголын ард түмний зүрх сэтгэлд үеийн үед цэл залуухан 30 настайгаараа хоногшиж, мөнхрөн үлдэх их хэргийг нэгэнт бүтээсэн хүн юм. Түүх хэзээ ч өчүүхэн хүнийг дурсдаггүй. Түүхийн гол дүрд зөвхөн аугаа их хүмүүс л оршдог. Оршсоор ч байх болно. Он цаг хэдий улирч, түүхийн хуудас шарлавч монголчууд туурга тусгаар оршсоор байсан цагт Д.Сүхбаатар нарын Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө оруулсан гавъяа болон тэдний нэр балрахгүй.

 

Н.Санжаасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих