Усанд осолдох иргэдийн тоо нэмэгдэв

6d8d334250bca302451666af2fd4986ac848d512Гол, нууруудын усны төвшин их байгааг мэргэжлийн байгууллага анхааруулсаар байхад иргэд хайхрамжгүй байдлаасаа болж амь насаа алдаж байна.

Өнгөрсөн наадмын өдрүүдэд голын усанд осолдсон тохиолдол хэд хэд гарчээ.

Тухайлбал, Булган аймгийн Хангал сумын IV багийн нутаг дэвсгэр дэх Сэлэнгэ мөрөнд Орхон аймгийн Бян-Өндөр сумын Цагаанчулуут багийн харьяат 19 настай М осолдсон байж болзошгүй аж. Түүнийг эрэн хайх ажлыг Онцгой байдлын газар, цагдаагийн албан хаагчид зохион байгуулж байна.

Мөн Орхон голд осолдсон 18 настай О, 35 настай М, Архангай аймгийн харьяат, 24 настай Э нар осолджээ. Эдгээр иргэдийг эрэн хайх ажлыг цаг алдалгүй хийж цогцсуудыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Харин Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын IV багийн нутаг “Өндөр-Эрэг” хэмээх газарт осолдсон 30 настай Ц, Хараа голд осолдсон 20 настай X нарыг эрэн хайх ажлыг онцгой байдлын албаныхан зохион байгуулж байна. Одоогийн байдлаар тэднийг олоогүй байгаа аж.

Иймд аялал зугаалга, амралтын үед иргэд аюулгүй байдлаа хангаж, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, баталгаат зам гүүрээр зорчиж, машинаар гол гатлахыг оролдохгүй байхыг сануулав.

Бага насны хүүхдийг хяналттай байлгах, голын усны төвшин нэмэгдсэн үед голд сэлэхгүй байх, цаашид ойрын өдрүүдэд дуу цахилгаантай, усархаг түр зуурын бороо орох төлөвтэй буй мэргэжлийн байгууллагаас мэдээлж байгаа тул Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Б.Чанцал

/Нийгмийн толь/


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих