Тулгар төрийн 2222 жилийн наадмаар 2+2+2+2 шинэ цолтнууд төрж сайхан наадлаа

a8e3aff93a8996699786a64a6c13a843_LМонголчууд дэнж хотойтол дэндүү сайхан наадлаа. Аваргатай, гарьдтай, заантай, харцагатай, начинтай бас гоц мэргэн, хошой мэргэн харваач ч шинээр төрж хотол түмнээрээ баясан цэнгэсэн баяр наадам болж өндөрлөв.

Шандаст хурдан хүлэг морьд нь самсаа шархируулж, сэтгэл гэгэлзүүлэн давхин ирж наадамчин олноо баярлуулж, унасан хүүхэд, уясан эзнээ догдлуулан баясгалаа. Ийнхүү Тулгар төрийн 2222, Их Монгол Улсын 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадам албан ёсоор өндөрлөлөө. Байгаль дэлхий  монгол зон олныг минь ивээн тэтгэж нар хур тэгширсэн “Дэлхийд ганцхан-Монгол наадам” монгол хүн бүрийн сэтгэлд сонин, содон олон сайхан дурсамжийг үлдээн улиран одов. Хүчит бөхчүүд нь бяр хүч тэгширэн, гавшгай уран мэхтэй, аргамаг шандаст хүлгүүд нь хурднаас хурдан, сур, шагайн харваачид нь онч мэргэнээ нотлон харуулсан энэ жилийн наадам дараа жилийн наадам хүртэл хуучлах сонин ихтэй, монгол түмний өв соёл, уламжлалт наадмын түүхийг зузаатгасан дурсамж дүүрэн сайхан наадам болсон гэдэгт монгол хүн бүр санал нийлэх бизээ.

Монгол төрийн их наадмын нээлтийн ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт есөн хөлт цагаан тугаа хүндэтгэлтэйгээр залж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ардчилсан Монгол Улсын түүхэн уламжлалт Үндэсний их наадмаа нээж хэлсэн үгээр эхэлсэн билээ. Нээлтийн ёслолын урлагийн тоглолтын энэ удаагийн онцлог болсон 999 залуу уран бүтээлч “Түмэн эх”-ийг дуулж, 999 бие биелээч бүжиглэн цэнгэхэд  наадамчин зон олон Монголынхоо урлаг соёлоороо бахдан халуун алга ташилтаар урлагийн гайхалтай үзүүлбэрийг үзэж сонирхсон. Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын урлаг соёлын тоглолтыг найруулсан төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, “Монгол түмний үнэ цэнэ, бахархлыг төрүүлэх болно” гэж онцолж хэлж байсан нь энэхүү тоглолтыг үзсэн монголчуудын урам өгсөн алга ташилт, уухайн түрлэгээр нотлогдож байв.

Могой жилийн наадмаар “Аварга”, “Гарьд”,”Заан”, гурван “Харцага”, хоёр “Начин” цолтонг төрүүлж Тулгар төрт улс байгуулагдсаны 2222 жилийн тоог бэлгэдсэн 2+2+2+2 буюу найман бөх цолоо ахиулсан нь Монгол наадмын түүхийн хуудсанд бас нэгэн өвөрмөц түүхийг алтан үсгээр бичигдлээ.

Тулгар Төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадамд 512 бөх уран мэх, хүч бяраа сорин барилдсанаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Монгол Улсын арслан Гунаажавын Эрхэмбаяр түрүүлж зон олноо тэр дундаа Сэлэнгэчүүдээ аварга бөхтэй болгож тун ихээр баярлууллаа. Завхан аймгийн Их-Уул сумын харъяат улсын начин Батнасангийн Гончигдамба энэ наадамд үзүүрлэж Монгол Улсын харцага, заан, гарьд цолыг энэ жилийн наадмаар нэгэн дор хүртсэн содон амжилтын эзэн болов.

 

Монгол Улсын 24 дэх аварга цолтон бөхөөр улсын арслан Г.Эрхэмбаяр тодорсон бол Монгол Улсын 10 дахь гарьд цолтон бөхөөр улсын начин Б.Гончигдамба болж бөхөө дээдлэгч монгол түмнээ баясуулав.

Харин Төв аймгийн Баянхангай сумын харъяат Улсын Начин Б.Батмөнх Монгол Улсын заан цол хүртсэн бол харцага цолыг Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Булган аймгийн Сайхан сумын харъяат,аймгийн арслан Н.Түвшинбаяр, Увс аймгийн Ховд сумын харъяат Аймгийн арслан Н.Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат Э.Оюунболд нар энэ жилийн наадамд урамтай сайхан барилдаж хүртсэн юм.

Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Т.Баасанхүү, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат Аймгийн арслан Л.Цэрэнтогтох нар Монгол Улсын начин хэмээх эрхэм хүндтэй цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авч наадамчин олны талархлыг хүлээв.

Эрийн гурван наадмын хурдан морины уралдааны болон сурын харвааны нэгдсэн дүнг эрхэм уншигч та бүхэнд жич дэлгэрэнгүй танилцуулна.

Үндэсний их баяр наадмыг албан ёсоор хааж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт наадамчид, зочид оо.  Нар хур тэгширсэн налгар сайхан өдрүүдэд монгол наадам сайхан болж өндөрлөлөө. Хурдан хүлгийн шандас хурдтай байж, хурц мэргэн харваачид онч мэргэн байж, хүчит бөхчүүд нь бяртай байж сайхан наадлаа. Бид их бүтээн байгуулалтын ажил ундарсан цаг хугацааны өмнө ирээд байгаа. Эх орондоо ихийг бүтээж иргэн бүхэн өв тэгш сайхан амьдрах цаг ирсэн. Монгол Улсынхаа нэрийг улам өндөрт өргөж, илүү ихийг бүтээх болно оо. Монголын хүн бүрийн буян заяа дэлгэрч ажил үйлс нь улам дэлгэрэг” хэмээн онцлон хэллээ.

Д.Өлзий

montsame


URL:

Сэтгэгдэл бичих