“Толин хул”-аар огшоосон Монгол наадам
Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын энэхүү өдрүүдэд төв азийн цээжинд нүүдэлчин зан заншлаараа бахарахдаг монгол түмэн дэнж хотойтол наадаж байна. Монгол наадмыг үзэж сонирхохоор олон орны төлөөлөгчид манай улсын нийслэлийг зорин иржээ. Өчигдөр болсон Үндэсний их баяр наадмын нээлт монгол түмнийг огшуулж чадлаа. Чингис хааны хүлэг баатрууд Монгол орны газрын зургийн хэлбэр үүсгэн жагсаж, 999 бий биелээчийн уян налархай биелэж, 999 уртын дуучийн Түмэн эхийг шуранхайлахад монгол хүн бүрийн сэтгэл огшин эх орноо, аугаа түүхт өвөг дээдсээрээ бахархаж байсан юм. Цугласан түмний огшсон сэтгэлийг их хэнгэргийн дуугаар хөглөсөн. Энэ үед монголчуудын билэг авъяас, уудам тал, уужуу сэтгэлийг магтан дуулж олон түмнийхээ сэтгэлд хоногшуулж чадсан дуучин Д.Лхагвасүрэн “Толин хул” дуугаа дуулсаар шарга морь хүлэглэн гарч ирсэн нь наадмын нээлтийн оргил хэсэг байлаа.
Ард түмнийг огшуулах болно хэмээн амлаж байсан Монгол наадмын ерөнхий найруулагч МУГЖ Д.Сосорбарам энэ өдөр, эх орноороо, их түүхээрээ хэрхэн бахархаж явдгаараа харууллаа.
Монголоороо гоёсон наадамчид
Наадамчин олон эртний хаад, хатдын өмсгөлөөс улбаатай шулуун захтай, тод өнгийн дээлээр зонхилон гоёсон байлаа. Гэвч донж, маяг нь тохирсон, тохироогүй, монгол, хятад, өвөрмонголын аль нь мэдэгдэхгүй олон гоёлоос илүүтэйгээр жирийн монгол дээлээрээ гоёсон наадамчид монгол үндэстний өвөрмөц төрхийг зөв зохистойгоор илэрхийлж байлаа. Харин хүүхдүүдийн хувьд өөрсдийн үздэг үлгэрийн баатруудын хувцасаас эхлээд үндэсний бөхийн зодог шуудаг, халх, торгууд, урианхай гээд үндэстэн ястны онцлогийг харуулсан дээл, төрийн цагдаагийн дүрэмт хувцасаар гоёсон нь наадмын талбайн хамгийн гоё чимэг болж байсан юм.
Дэлхийн соёлын өвд шагайн харваа бүртгэгдэнэ
Энэ жилийн үндэсний их баяр наадмын хамгийн чихэнд чимэгтэй мэдээг эрийн гурван наадмын отгон төрөл болох шагайн харваачид дуулгалаа. Тэд дэлхийн соёлын өв болох ЮНЕСКО-д нүүдэлчин түмний зан заншлаас үүсэн гарсан шагайн харвааг бүртгүүлэхэд бэлэн болоод байгаагаа энэ үеэр зарласан юм. Ингэснээр дэлхийд ганц байдаг энэхүү өвөрмөц наадгай монголынх гэсэн “тамга”-тайгаар цэнхэр гарагийн соёлын өвд тун удахгүй данслагдах нь.
Есүнгэ мэргэний 335 алд газар харвасан амжилтыг одоо ч эвдээгүй
Эрхий мэргэн харваачид эцэг, өвгөдөөс өвлөн ирсэн уламжлалт нум, сумаар цэц мэргэнээ сорих болсон нь энэ жилийн наадмаас ажиглагдлаа. Харваачдын хувьд хамгийн чансаатай, нүнжигтэй хэрэгсэл нь тэртээх 2222 жилийн өмнө байгуулагдсан Хүннү гүрний үед хэрэглэгдэж байсан нум, сум болж байна. Тэртээх үеийн нум сумууд одоогийн бидний хэргэлдэг нум сумаас хэмжээгээрээ даруй 1.5 дахин том, эрчис сайтай байжээ. Ийм нум сумуудыг харваачид дуудлага худалдаагаар худалдаалан, чамгүй үнэд хүргэж байгаа гэсэн. Үүнээс гадна Чингис хааны хүлэг баатруудын үед хэрэглэж байсан хийц, загварын нум, сум ч чамгүй эрэлттэй байдаг гэнэ. Ийм загвар, хийцийн нум, сум эх хувиараа мэдээж жирийн иргэдийн гар дээр байхгүй. Харин хийц загварыг нь дуурайлган урладаг цөөхөн хүн байдаг аж. “Эдгээрийг нь олж, эзэмшинэ гэдэг бэрх, ийм нум, сумаар гоёно гэдэг нэр төрийн хэрэг“ хэмээн харваачид ярьж байв. “Тэртээх XIII зууны үед Есүнгэ мэргэний тогтоосон 335 алд газар харвасан амжилтыг өдгөө эвдсэн харваач байхгүй байна. Гэхдээ тэр амжилт руу бага багаар дөхөж байна” хэмээн сурын талбай дээр цугларсан нутаг нутгийн мэргэд хуучилж сууна.
Г.Туяа
ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN
URL: