Монгол Улсын Ерөнхийлөгч үүргээ шударгаар биелүүлэхээ тангараглалаа
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өнөөдөр Монголчуудын билэгшээн дээдэлдэг Морин цагт буюу 11:40 цагт эхэлж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа улиран сонгогдсон Ц.Элбэгдорж ард түмнийхээ өмнө анх удаа нээлттэйгээр, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан Эзэн Чингис хааны хөшөөний өмнө тангараг өргөлөө.
Тэрээр “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг дээдлэн хамгаалж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” гэж хэллээ. Дараа нь Төрийн алтан соёмбот тангаргийн бичигт гарын үсэг зурж, Төрийн тамгаар тамгалав. Мөн Төрийн далбаанаас адис авч ёсчилсноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 50.27 хувийн санал авч ялалт байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
Тангараг өргөх ёслолд гадаадын 15 орны өндөр дээд хэмжээний төлөөлөгч нар, мөн 21 аймгийн 40 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж.
Д.Мигаа
URL: