Наадмын шагийн тасалбар 80 мянгад хүрчээ

Наадмын шагийн тасалбар 80 мянгад хүрчээ

Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг өмнөх жилүүдийнхээс илүү евермөц, шинэлэг хэв маягаар хийнэ гэдгийг баяр наадмыг зохион байгуулах комиссоос мэдээлээд байгаа.

Наадмын тасалбарыг долдугаар сарын 7-ны өглөөнөөс буюу өнгөрсөн ням гаригаас эхлээд Бөхийн өргөө болон Соёлын төв өргөөний кассуудаар худалдаалж эхэлсэн. Энэ жилийн хувьд суудлын тоо хангалтгүйн улмаас 2000 зөөврийн суудлыг нэмж байрлуулаад байгаа аж. Наадмын нээлт үзэх тасалбар 12 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд жуулчдад зориулсан тасалбар нь 25 ам.доллар юм.

Харин наадам үзэх багц тасалбар буюу долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд наадмын нээлт болон бөхийн барилдаан, наадмын хаалтыг үзэх тасалбар нь суудлын байршлаас хамааран сүүдрэвчтэй хэсгийнх нь 24 мянга, сүүдрэвчгүй хэсгийнх нь 16-20 мянган төгрөгийн үнэтэй байгаа.

Төв цэнгэлдэх хүрээлэн 12.500 хүний суудалтай бөгөөд үүний тал хувь нь сүүдрэвчтэй хэсэг эзэлдэг. Энэ жил таваас дээш насны хүүхдийг том хүнтэй адил 16-24 мянган төгрөгийн үнэтэй тасалбар авахыг шаардаж байгаа юм байна. Иргэд баяр наадам үзэх тасалбараа авах гэж Бөхийн өргөө болон Соёлын төв өргөөний үүдэнд оочерлож байгаа бөгөөд тасалбар борлуулах ажлын зохион байгуулалт муу байгаа талаар иргэд бухимдалтай байна. Тасалбар авахаар оочерлож зогссон иргэдийн яриаг хүргэе.

Иргэн Ц. Ундрах:

-Улсын баяр наадмыг үзэх тасалбар авах гэж Бөхийн өргөөний гадаа гурван өдөр хоёр шөнө боллоо. Гэрийнхэнтэйгээ ээлжлэн зогсч байна. Энэ дараалал нь урагшаа ахиж байгаа юм алга. Байсан байрандаа л зогсоод байх юм. Уг нь зохицуулах гээд хэдэн цагдаа нар оролдох боловч энд байсан, дараалал захисан байсан юм гэж хэлээд л ард урдаа хүн нэмээд байх юм.

Иргэн Ш.Пүрэвсүрэн:

-Шагийн тасалбар гаргахгүйн улмаас нэг хүнд дөрвөөс дээш тасалбар өгехгүй гэсэн боловч эхний өдөр дөнгөж эхэлж байхад 24 мянгын билет нь дуусчихсан гэх юм. Би хөгшин аавдаа бөх үзүүлэх гээд сүүдрэвчтэй газар тасалбар авах гэсэн боловч авч чадсангүй. Улсынхаа баяр наадмыг үзэх гээд хөдөөнөөс ирж байгаа хүнд гар хоосон очиж болохгүй тул шагийн тасалбарыг 80 мянгаар худалдаж авлаа.

Иргэн Б.Батчулуун
-Би өнгөрсөн ням гаригт оочерлож зогсоод тасалбар авч чадсангүй. Өнөөдөр ажилтай тул шагийн тасалбараас авахаас өөр аргагүйд хүрээд байна. Гэтэл 24 мянгаар худалдаалагдаж байсан багц тасалбар нь 80 мянга, 16-20 мянгын үнэтэй тасалбар нь 40-60 мянган төгрөгийн үнэтэй шаглагдаж байна. Санхүүгийн боломж муутай нэгэн нь баяр наадмаа зурагтаар л үзэх болоод байна даа.

Иргэн Ц.Удвал:

-Зохион байгуулалт огт байхгүй байна. Уг нь дугаар тараагаад, тараасан дугаарынхаа дарааллаар тасалбараа худалдаад байвал ингэж удахгүй байсан. Хүмүүс ч хоорондоо хэрэлдэж маргалдахгүй, ажилтнуудад нь ч ажлаа явуулахад амар байх юм шиг санагдаж байна.

Иргэн Б.Нармандах

-Бөхийн өргөө, Соёлын төв өргөө хоёр дээр нэг нэг касс л тасалбарыг борлуулж байна. Ядаж хоёр, гурав болгочихвол энэ ажил илүү хурдацтай болно. Хүмүүс ч хонон өнжин хүлээх шаардлагагүй болох байх гэж бодож байна гэв.

С.Дуламсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих