Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын талаар танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд ялалт байгуулж Төрийн тэргүүнээр дахин сонгогдсон Цахиагийн Элбэгдоржийн тангараг өргөх ёслол нөгөөдөр буюу долдугаар сарын 10-нд болно.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа нар сэтгүүлчдэд зориулан мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Хүннү гүрэн, Монголын тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, үндэсний их баяр наадамтай хамтатган ард иргэдийнхээ өмнө үйлдэх гэж буйгаараа онцлог юм.
УИХ-аас саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг үйлдэх тухай Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсны дагуу анх удаа Төрийн ордны өмнөх Эзэн Чингис хааны цогцолборын өмнө уг ёслол болно. Үүнтэй холбогдуулан Төрийн есөн хөлт цагаан туг, Үндсэн хуулийн уг эх, Төрийн тамга зэргийг ордны гадаа залах юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар тангараг өргөх ёслолын хөтөлбөрийг сэтгүүлчдэд танилцууллаа. Түүний танилцуулснаар тангараг өргөх ёслол үндсэн гурван хэсгээс бүрдэх аж. Тэрээр мэдээлэлдээ “Долдугаар сарын 10 нь Төрийн далбааны өдөр юм.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол энэ өдөртэй давхцаж байгаа. Ёслолын эхний хэсэг өглөө 10.00 цагт Сүхбаатарын талбайд Чингис хааны хөшөөний өмнө Төрийн далбааг угтах, мандуулах ажлаар эхэлнэ. Хүндэтгэлийн чуулган эхлэх хүртэл урлагийн арга хэмжээ болно.
Гиннесийн номд бүртгүүлэхээр зэхэж буй 1000 хүүхэд бий биелгээ үзүүлнэ. Цам бүжгийн үзүүлбэр гаргана. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн тоглолт хийнэ. Ёслолын хоёр дахь хэсэг болох УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан 11.10 цагаас эхэлнэ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангараг өргөнө. Ард түмний төлөөлөл түүнд баяр хүргэж хадаг, сүү барина. Ахмад, залуу үеийн төлөөлөл үг хэлж мэндчилнэ. Үүний дараа Ерөнхийлөгч ард түмэндээ хандаж үг хэлнэ.
Ёслолын гурав дахь хэсэг нь тангаргийн дараа болох цэргийн парад юм” гэлээ.
Тангараг өргөх ёслолыг сурвалжлахаар 200 орчим хэвлэл мэдээллийн байгууллага хүсэлт тавьжээ. Гадаадаас 50 орчим хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгч ирсэн байна.
Энэ удаагийн тангараг өргөх ёслол олон тэмдэглэлт үйл явдалтай давхцаж буй тул зардал нэлээд буурсан төдийгүй гадаадад эх орноо сурталчлах сайхан боломж нээгдэж байгаа юм.
Тангаргийн ёслолд АНУ, ОХУ, БНХАУ, Герман, Франц зэрэг гадаадын олон орон, олон улсын байгууллагын төлөөлөгч оролцохоор болоод байна.

URL:

Сэтгэгдэл бичих