Шинэчлэлийг хуйвалдаж хийдэггүй юм
Таван сонгууль дараалан ялагдсан МАН-ын удирдагчид өнөөдөр алдаагаа ухамсарлаагүй нь харагдаж байна. Хаана, юунаас болж алдсанаа ч ярьж, бодож байгаа хүн энэ намд алга. Харин ч эрх мэдэл, албан тушаалын төлөө сурсан зангаараа наймаалцаж, хуйвалдан тэмцэж эхэллээ. Жинхэнэ утгаараа ард түмний нам биш харин ард түмний нэр барьсан хэдхэн хүний өмч боллоо.
Яагаад МАН таван сонгуульд дараалан ялагдав гэдгийг өнөөдөр асуусан хүн байна уу. Өрсөлдөгч АН сайн байсан уу эсвэл МАН муу байв уу. Хүн бүр өөр өөрийнхөө дүгнэлтийг өгч байгаа ч эцсийн үнэн хариулт бол МАН дэндүү муу байсан.
Мэдлэг боловсролтой хүмүүсийг намаасаа хөөж, мөнгөтэй хүмүүсийг бөөнөөр нь намдаа импортолсон. Ингээд хоосон толгойтой, идэж уухын донтой шуналын тулмуудаар энэ нам дүүрсэн.
Хуйвалдах, бөгс долоох, наймаалцах, харлуулах гэх мэт муу юмандаа дэндүү сайн хүмүүс хэзээ ч улс орны хөгжил дэвшил, ард түмний сайн сайхны төлөө юм хийх байтугай үүний тухай бодож ч чадахгүй.
Намын тухай онолын мэдлэг байтугай төсөөлөл ч байхгүй хүмүүс өнөөдөр эрх мэдэл рүү зүтгэж байгааг бид харж байна. Тэд намын толгойд гараад ямар шинэчлэлийг хийж чадах вэ? Шуудхан хэлэхэд тэд юу ч хийж чадахгүй. Мэдлэг боловсролтой хүмүүс л энэ намыг аварч ч чадна, цаашид авч явж ч чадна.
Харамсалтай нь өндөр мэдлэг боловсролтой хүмүүсийг шахаж, гадуурхсаар л байна. Мөнгөтэй л бол эрх мэдэл, албан тушаал цаашлаад ард түмнийг худалдаад авч болно гэж бодолтой хүмүүс одоо энэ намын эрх мэдэл рүү зүтгэж байна.
Намаа шинэчлэнэ гээд тэмцэл эхлүүлж байсан залуучууд өнөөдөр хуучин нөхдүүдтэйгээ хуйвалдаж, сандал ширээгээ хуваарилж байгаа сураг дуулдана. Намаа ялагдуулсан хэмээн шантаачилж байгаад намын өнөөгийн удирдлагуудын оронд залуучууд нь гарч ирнэ. Үүнийгээ тэд шинэчлэл гэж нэрлэж байна. Ийм шинэчлэл гэж хаана ч байдаггүй юм.
Наадмын дараа намын бага хурлаа хийгээд, ирэх есдүгээр сард намын их хурлаа хийгээд бүх зүйл баталгаажуулаад өгнө. Ингээд л намын шинэчлэл дуусна. Энэ бүхний үр дүнд 2016, 2017 онуудад дараалан ялагдал хүлээсний дараа МАН түүх болно.
Энэ бол хатуу ч гэсэн үнэн үг. Үүнийг МАН-ын мянга мянган гишүүд хүсэхгүй байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Тиймээс энэхүү шинэчлэл нэрээр хуйвалдаж байгаа бохир үйлдлийг таслан зогсоохыг намын шударга, эх орноо гэсэн сэтгэлтэй гишүүддээ уриалж байна. Шинэчлэлийг хуйвалдаанаар хийдэггүй юм.
Шинэчлэлийг намаа, улс орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс, шинэлэг санал, санаачлагуудыг хэрэгжүүлснээр хийдэг.Хуйвалдаан, луйвраар шинэчлэлийг хийх гэж оролдож байгаа бол энэ нь намаа булшлах үйлдэл болно гэдгийг хатуу сануулъя.
ШИНЭ МОНГОЛ АРДЫН НАМ ХӨДӨЛГӨӨН
URL: