Бизнесмэн залуу хүнд суртлын улмаас амиа егүүтгэв үү
Гадаад улсад амиа алдсан монгол иргэн өнгөрсөн долоо хоногт нэгээр нэмэгдэв.
Тодруулбал, ОХУ-ын Эрхүү мужийн шинээр баригдсан бизнес төвийн барилгын дээврээс монгол залуу үсэрч амиа хорлосон байна. Хэрэг явдал өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт гарсан бөгөөд тус байр нь есөн давхар хэдий ч барилгын стандартаараа 13 давхартай тэнцдэг аж. Гэрчүүд байшин дээр сууж байгаа залууг тухайн өдрийн 11.00 цагт харж, холбогдох газарт мэдэгдсэн байна.
Улмаар тус хотын Онцгой байдлын хэлтэс, сэтгэл зүйч нар ирж монгол залуутай гурван цагийн турш ярилцжээ. Гэсэн ч залуу “Надад Орос оронд гомдох шалтгаан байхгүй. Би гэр бүлдээ тусалж чадахгүй байна” гэсэн өгүүлбэрийг олон удаа давтаж хэлсэн байна.
Харин энэ талаар Оросын нтв.ру цахим мэдээллийн сайт дээр “Гэрчүүд байшин дээр сууж байгаа иргэнийг хараад холбогдох газарт мэдэгдсэн байна. Удалгүй цагдаа, хамгаалагч болон Монголын талын дипломат ажилтнууд цугларч амиа хорлохоор завдаж байсан иргэнтэй удаан хугацааны туршид ярилцсан аж.
Гэвч тэрээр амиа хорлоно гэх шийдвэрээс буцахгүй байжээ. Тиймээс цагдаа нар сэтгэл зүйч түүнтэй ярилцаж анхаарлыг нь өөр тийш хандуулах үед биед нь олс углаж, унахаас сэргийлэх шийдвэрт хүрсэн байна. Ийнхүү биед нь олс углахаар мэргэжпийн хүнийг араас нь чимээгүйхэн явуулжээ.
Харин монгол залуу араас нь ирж байгаа хүнийг олж харснаар төлөвлөгөө нурсан аж. Тэрээр аврах ажилтныг хараад есөн давхар байрны дээврээс шууд үсэрчээ” хэмээн бичсэн байна. Түүнийг үсэрсний дараа яаралтай түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэсэн ч ухаан оролгүй байсаар нас баржээ.
Талийгаач Эрхүүд бөөний худалдааны бизнес эрхлээд хоёр жил орчим болсон бөгөөд гадаад паспорт, бичиг баримтын асуудалтай байсан байж болзошгүй гэнэ. Энэ талаар “Life News” мэдээллийн сайт дурдсан бөгөөд хүнд суртлын улмаас бичиг баримтаа авч чадалгүй сэтгэл санааны гүн дарамтад орсон талаар өгүүлсэн байх юм.
Талийгаачтай Эрхүү мужийн Онцгой байдлын албаны ахлах сэтгэл зүйч Богдана Васильева гэх эмэгтэй ярилцсан бөгөөд “Талийгаач сэтгэл санааны асар их дарамттай байсан болохоор түүнтэй холбоо тогтоож, ярилцаж чадахгүй байсан” хэмээн өгүүлжээ. Түүнчлэн сэтгэлзүйн талаас ярилцахад, хэлний бэрхшээл багагүй гарсан талаар зарим эх сурвалж мэдээлэв.
URL: