Наадмаар амьсгалсан өдрүүд айсуй

naadam01_2Гуравхан хоногийн дараа наадам болно. Жилдээ ганц тохиодог Үндэсний их баяр наадмаар монгол зон жинхэнэ утгаараа цэнгэдэг.

Уртын дууны шуранхайтай морин хуурын татлага нийлэмсэж, монгол дээлээр гоёсон наадамч олон тэр дэнж дээр л тарьсан цэцэг мэт алаглаж, хаана л бол хаана инээд баясал цалгиж байхыг харах ч бас сайхан шүү. “Амьд явбал дараа жилийн наадам үзэхийн” сайхан нь үүнд ч байж болох.

Тэгээд хүчит бөхчүүдийн барилдааныг шимтэж, хэн шинэ цолонд хүрэх хийгээд цолоо ахиулах тааварт сайн дураараа нэгдэж хэсэг саатна. Төд удалгүй морьд эргэлээ гэх чимээнээр хүй долоон худгийг өрсөлдөн зорьж, хүлгийн шандас, хүүхдийн золбоог бахдана.

Наадмын талбайд очсон хүмүүс сурын харвааны зурхайг дайраад гарахаа умартахгүй. Сүүлийн жилүүдэд дөрөв дэх наадам болон хүрээгээ тэлсэн шагайн харваан асар ч хүн зоны хөлд дарагдана. Ингэж л дэнж хотойлгосон монгол наадам хөдөө хотгүй хөлтэйхэн үргэлжилдэг. Цагаан сарыг бодвол том том ууц тавих гэж өрсөлддөггүй, бууз хийх гэж бужигнадаггүй, rap цайлгах гэж гадна доторхио бардаггүй болохоор эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй баяр.

Өнөө жилийн наадам албан ёсны хугацаанаасаа дөрөв хоногийн өмнө буюу өчигдөр 170 гаруй харваач оролцсон Урианхай сурын харваагаар эхлэв. Урианхай сурын харвааны дүрмэнд өмнө нь 20 онож, спортын дэд мастер болдог байсан бол энэ тоо 21 болж нэмэгджээ.

Харваачид нийт 30 сум тавьснаар Урианхай сурын тэмцээний дүн оройдоо гарч, тэр утгаараа монгол наадмын эхлэл болох нь. Харьд ажиллаж, амьдарч байгаа монголчууд маань бас наадмаа тэмдэглэж эхэлсэн талаарх мэдээ байна.

БНСУ-д монголчуудаас хамгийн олон хүн байдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл Солонгос дахь монголчууд наадмаа өчигдөр Сөүл хотын Гуангнару дахь Гуанжин бага сургуулийн спорт талбайд тэмдэглэж эхэлжээ. 13 дахь удаагаа болж буй “Монгол наадам”-ын хөтөлбөрт бөх, сур, шагай харваа, гар барилдаан, ширээний теннис, шатар гээд юм юм бий гэнэ. Спортын уралдаан тэмцээнээр эхэлсэн наадам нутгаа санасан хүний сэтгэлийн илэрхийлэл болсон дууны цэнгүүнээр өндөрлөдөг байна. Дараа нь тэд эх орондоо болж байгаа жинхэнэ наадмаа цахим ертөнцөөр үзнэ шүү дээ.

Н.Саранчимэг /Нийгмийн толь/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих