Газрын тосны бүтээгдэхүүнийг зүүн, баруун хилийн боомтуудаар нэвтрүүлнэ
Засгийн газрын долоодугаар сарын 6-ны өдрийн ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эдгээрээс заримыг нь дурдвал,
Газрын тосны бүтээгдэхүүнийг зүүн, баруун хилийн боомтуудаар нэвтрүүлнэ
Монгол, Хятадын хилийн Баянхошуу-Өвдөг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлж, урд хөршид боловсруулах газрын тосыг энэ боомтоор экспортолно.
Дорнод аймгийн Халхгол, Матад сумдын нутагт орших Тосон-Уул XIX, Тамсаг-XXI талбайгаас олборлож буй түүхий тосыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдахь Бичигтийн боомтоор экспортолж, БНХАУ-ын Эрээний орд газрын Рашаантын түүхий тос хүлээн авах байгууламжид автомашинаар тээвэрлэн хүргэж, цааш шугам хоолойгоор Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрт нийлүүлдэг юм.
Энэ шат дамжлагыг цөөлж, Тосон-Уул XIX, Тамсаг-XXI талбайгаас олборлож буй түүхий тосны талыг Баянхошуу-Өвдөгийн хилийн боомтоор экспортолбол тээврийн эргэлт хурдсах юм.
Тосон-Уул XIX талбайгаас Монгол, Хятадын хилийн Баянхошуу боомтын чиглэлд 210,7 км хатуу хучилттай автозам барихаар тогтлоо.
Ингэснээр тээвэрлэлт хугацаандаа хийгдэх боломж бүрдэхээс гадна тоосжилт буурах, олон салаа зам гарах зэрэг байгаль орчинд халтай асуудлууд шийдэгдэнэ. Харин урд хөршид боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүнээ эргүүлэн импортлохдоо улсын зүүн, баруун бүсийн хилийн боомтуудаар нэвтрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр шийдвэрлэлээ.
Түүнчлэн, хоёр улсын хооронд тээвэр хийж буй Монгол, Хятадын харъяат жолооч нарын улсын хил нэвтрэх журмыг хялбаршуулах асуудлыг судлан санал боловсруулж оруулж ирэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Экспортын түүхий тосны тээвэр хийж буй жолооч нар хилээр орж гарахдаа БНХАУ-ын “албаны энгийн” паспорт ашигладаг, паспортын хуудас нь 2-3 сарын дотор л штампаар дүүрч дуусчихдаг байна. Паспорт шинээр авахад урилга, виз, хөдөлмөр эрхлэх, оршин суух зөвшөөрөлгээд олон дамжлага дамжиж, хугацаа алддаг байна.
Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмнэ
Монгол Улсын Хөгжлийн банкны Засгийн газрын хувь нийлүүлсэн хөрөнгийг 200 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгт хүргэн нэмэгдүүлэхээр боллоо.
Цаашид шаардлагатай эх үүсвэрийг жил бүр улсын төсөвт тусгаж байх юм. Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 2011 онд 33 тэрбум, 2012 онд 23.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмжээ.
Хөгжлийн банк өнгөрсөн онд олон улсын санхүүгийн зах зээлд Засгийн газрын баталгаатайгаар 580 сая ам.долларын эх үүсвэр бүрдүүлж, үүнийгээ стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулсан. Төслийн цар хүрээ, эргэн төлөлтийн хуваарь зэргээс хамааран Хөгжлийн банкнаас дахин олон улсын санхүүгийн зах зээл дээр бонд гаргахад өөрийн хөрөнгийг нь нэмэгдүүлэх хууль зүйн шаардлага тавигддаг аж.
Төрийн орон сууцны корпораци байгуулна
Төрийн орон сууцны корпораци (ТОСК) 100 хувь төрийн өмчит хуулийн этгээдийг үүсгэн байгуулах Засгийн газрын шийдвэр гаргалаа.
Ерөнхий сайдын шууд харъяанд ажиллах энэ байгууллага Шинэчлэлийн Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийнхөө хоёр дахь хэсгийг хэрэгжүүлэхэд гол үүрэгт гүйцэтгэнэ. Төрийн орон сууцны корпораци нь төрийн албан хаагч, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг зорилтот бүлгийг орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэх, түрээсийн байр олноор барьж, иргэдэд хямд үнэ, боломжийн нөхцөл санал болгох ажлыг хариуцан ажиллана.
Хязгаарлагдмал чиг үүрэгтэйгээр ажиллаж байсан “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн чиг үүрэг, эд хөрөнгийг ТОСК-д шилжүүлэн нэгтгэхээр тогтлоо.
Товчхон:
-Бүгд найрамдах Польш улсын Сенатын маршал Богдан Борусевич болон Бүгд найрамдах Финланд улсын Парламентын дарга Эеро Хейнэлуома нарын манай улсад хийсэн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг ГХ-ны сайдад даалгалаа. Ноён Богдан Борусевичийн айлчлалын үеэр нийт 66 мянган еврогийн өртөгтэй дөрвөн төслийн гэрээнд гарын үсэг зурсан бол Эеро Хейнэлуомагийн айлчлалын хүрээнд хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, боловсрол шинжлэх ухааны салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хэлэлцсэн юм.
-Хууль зүйн яамны харъяанд ажиллах Архидан согтуурахтай тэмцэх сангийн дүрэм болон зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Архидан согтуурахтайтэмцах, урьдчилан сэргийлэх, хяналт тавих, архидан согтуурсны улмаасхүнамын эрүүл мэнд, нийгэмд учирч байгаа хор уршгийг арилгах талаарх арга хэмжээг энэ сангаас санхүүжүүлдэг болно.
-Гамшиг, онцгой байдлын үед хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөц бүрдүүлэх оношлуур, багаж төхөөрөмж, хэрэгслийн жагсаалт баталлаа. Нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган шийдвэрлэх байх юм. Манай орны хувьд гарч байсан тохиолдлуудаас дурьдвал, 2003 оны амьсгалын цочмог халтай хам шинж өвчний халдвар, 2006 онд Увсад гарсан шатахуун түгээгүүрийн газрын осол, 2007 оны МИ-8 нисдэг тэрэгний осол, 2009 оны томуугийн А хүрээний Н1N1 халдвар зэргийн үеэр цус, цусан бүтээгдэхүүний хомсдолд орж байжээ.
-Ирэх оны 3 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал зохион байгуулах Ажлын хэсэг байгууллаа. Өнгөрсөн онд Вьетнам улсад болсон 31 дүгээр бага хурлын үеэр Монгол Улс дараагийн хурлыг даргалан зохион байгуулахаар тогтсон юм. Бүсийн бага хуралд 44 орны 300 гаруй төлөөлөгч оролцоно.
-Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, А.Эрдэнэтуяаг томилов. Мөн Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ганцэцэг өөр ажилд шилжсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, П.Гантулгыг томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL: