З.Зул-Эрдэнэ: Эх баригчид 100 мянган төгрөг өгчихсөн бол гэж харамсч сууна
Ажлын хариуцлага алдсанаас… гэх шалтагтай бас нэгэн хэрэг гарч, олныг цочирдууллаа.
Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт мэндэлсэн Түмэннаст охин согтуу эмч нарын балгаар тахир дутуу нэгэн болжээ.
Тэрбээр тархины цус харвалт, тархины хатингар гэсэн оноштойгоор ЭХЭМҮТ-д хэвтэн эмчилгээ хийлгэж байна.
Бяцхан охины ээж болох З.Зул-Эрдэнэ нь амаржсан өдрөөсөө эхлэн өнөөдрийг хүртэл бүтэн дөрвөн сар хүүхэдтэйгээ эмнэлгийн үүд сахиж байгаа гэнэ.
Биднийг энэ асуудлын талаар тодруулахаар ЭХЭМҮТ-д очиход З.Зул-Эрдэнийн хүүхдийн бүх бие нь хөшиж, таталт өгсөн байдалтай байсан юм. Энэ хэргийн талаар З.Зул-Эрдэнэтэй ярилцлаа.
-Одоогоор хүүхдийн чинь биеийн байдал ямар байна вэ?
-Их хүнд байгаа. Хүн болж төрсөн цагаасаа эхлээд өнөөдрийг хүртэл миний хүүхэд эмчилгээ хийлгэж байна. Байнга бүх бие нь хөрч, таталт өгч байгаа. Төрөхийн хүндрэлээс болоод тархинд нь цус харвасан.
Одоо болтол хөхөө хөхөж чадахгүй гуурсаар хооллож байна. Бусад хүүхдийн адил уйлж ч чадахгүй байна шүү дээ. Энэ бол шууд эмчлэгч эмчийн буруутай холбоотой.
-Тухайн үед ямар үйл явдал болсон тухай яриач?
-Хүүхдээ тээж байх үед ямар нэгэн хүндрэл байгаагүй. ЭХО оношлогоонд үзүүлэхэд ч ямар нэг хүндрэлтэй зүйл байгаагүй. Охин маань хэвлийдээ хэвийн бойжиж байсан. Харин хүй нь хүзүүгээ хоёр ороосон байна гэдгийг хэлсэн юм. Би гуравдугаар сарын 8-нд анх өвдөж эхэлсэн. Ус нь бага багаар гарч байсан юм.
Тэгээд дөрөв хоногийн дараа буюу гуравдугаар сарын 12-нд үзүүлэхэд савны ам гурван хуруу нээгдсэн төрөх болоогүй гэж хэлсэн. Ингэж явсаар маргааш нь төрөхөөр иртэл тэр өдөр жижүүрт гарсан эмч, эх баригч Н.Энхтуяа согтуу байсан. Тэгээд надад өвчин намдаах тариа хийгээд унтуулсан.
Хэрэв тэр өдөр эх баригч эмч согтуу биш байсан бол цаг алдалгүй төрөх л байсан байх. Хүүхэд маань хүйгээрээ хүзүүгээ ороочихсон байгааг мэдсээр байж ингэж цаг алдсан нь миний хүүхдийн өвдөх болсон гол шалтгаан. Би уг нь кесерова хагалгаанд оръё гэсэн санал тавьж байсан боловч хүлээж аваагүй. Эцсийн эцэст эмчийн хариуцлагагүй байдлаас болж миний хүүхэд ийм байдалтай байна. Тэгээд би 14-ний оройн 19.00 цагт төрсөн.
-Төрөх үед ямар хүндрэл гарсан бэ?
-Хүүхдийн маань толгой цухуйгаад цаг гаруй болсон ч төрж чадахгүй байсан. Тэгээд намайг төрүүлэх гэж байна гэж их зовоосон. Бараг л эмч нарын яриагаар хүүхдийг нь аврах уу, ээжийг нь аврах уу гэдэг дээрээ тулсан. Охин маань төрөхдөө бүтэлттэй, цэлдийсэн хөх юм гарсан.
Хүүхэд төрөхдөө уйлдаг бол манай охин ямар ч чимээ гаргаагүй. Ингээд бид хоёр 38 хоногийн турш эмчилгээ хийлгээд хотод орж ирсэн дээ. Одоо ингээд бодоход тухайн үед эх баригч эмчид нь 100 мянган төгрөг өгчихсөн бол ийм зүйл болохгүй байсан байх гээд харамсч сууна.
-Та эмчлэгч эмчдээ энэ асуудлын талаар хандсан уу?
-Зөндөө л хэлсэн. Бидэнд 200 мянган төгрөг өгсөн. Тэгээд хариуцлагаас мултарчихлаа гэж бодсон байх. Бид Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хүртэл хандаж захидал бичсэн.
Харамсалтай нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй л байна. Аргаа барахдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж байна. Үүнээс өөр хийж чадах зүйл алга даа. Эмнэлэгт хэвтэхэд мөнгө төгрөг санхүүгийн хувьд үнэхээр гачигдалд ордог юм байна.
-Ямар оноштой эмнэлэгт хэвтсэн бэ?
-Хүүхдийг маань төрөхдөө гэмтсэнээс болоод тархиндаа цус харвалт өгч тархины хатингартай гэж хэлсэн. Эмч нар ярихдаа “Их хүнд хүүхэд” гэдэг. Үнэхээр л хэцүү байна. Сараар адилхан хүүхдүүдийг хараад бид хоёр ямар азгүй юм бэ л гэж бодох юм даа. Одоо надад уйлж суухаас өөр хийж чадах зүйл алга. Гэхдээ дараа дараачийн арга хэмжээг авна гэж боддог.
-Цаашид ямар нэгэн байгууллагад хандах уу?
-Бидэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал ямар хариу өгөхөөс шалтгаална. Үүнийг л хүлээж сууна даа. Тэгээд дараа дараачийн арга хэмжээг авна. Хууль хяналтын байгууллага болон энэ талаар эрүү үүсгэн шалгуулъя гэсэн бодол ч байна.
-Та түрүүнд кесерова хагалгаанд ормоор байна гэсэн санал тавьсан гэсэн. Энэ саналыг чинь яагаад хүлээж аваагүй юм бэ?
-Намайг заавал өөрөөрөө төр гэсэн. Би уг нь хүй нь ороочихсон байгаа гэж бодоод энэ тухай хэлсэн. Миний хэлснээр төрүүлсэн бол өнөөдөр эрүүл саруул охинтой байх байлаа.
Би үнэхээр их гомдож, гутрах юм. Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Нарантуяад ч энэ талаар мэдэгдсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Эмч нар бусдаас авлига авдаг гэдэг нь намайг төрөх үед нэг биш удаа харагдаж байсан. Одоо бодоход хэдэн төгрөг өгчихсөн бол миний хүүхэд эрүүл саруул төрөх байсан байх.
-ЭХЭМҮТ-ийн эмчилгээ ямар байна вэ?
-Гайгүй байгаа. Өнөөдөр /уржигдар/ 17.00 цагаас энэ эмнэлгийн эмч нар манай ар гэрийнхэнд хүүхдийн минь өвчний оношыг хэлнэ гэсэн. Хүүхдийн минь эрүүл мэндийг хохироосон эмч нартай хариуцлага тооцно гэж бодож байгаа. Цагдаа шүүхийн байгууллагаар одоогийн нөхцөл байдлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулна.
Г.Төгс
URL: