Самбар буулгахад холбогдсон бүх зардлыг эздээр нь төлүүлнэ
Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Реклам мэдээллийн байгууламж хариуцсан мэргэжилтэн Э.Даваахатантай ярилцлаа.
-Рекламны самбаруудыг буулгах ажил үргэлжилж байгаа. Энэ ажил хэр ахицтай байна?
-Өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд Улаанбаатар хотын хэмжээнд рекламны самбар байлгахгүй хориглосон гудамжуудыг зааж өгсөн. Тэр гудамжуудад босгосон самбаруудыг буулгах ажил ерөнхийдөө гуравдугаар сарын 9-нөөс эхэлсэн юм. Одоогийн байдлаар 900 гаруй самбар буугаад байна. Ямар ч байсан өдөр бүхэн нэг нэгээрээ буугдаад л байгаа. Харин сүүлийн үед буюу тавдугаар сарын 31-нээс хойш самбар буулгах хурд, давтамж нь холдож байна.
-Буулгах ажил холдсон нь юутай холбоотой вэ?
-Энэ оны гуравдугаар сарын 22-ноос тавдугаар сарын 31-ний хооронд идэвхтэй байсан. Ардчилсан орнуудын чуулга уулзалтаас өмнө амжих болон журмын хэрэгжилтийг хурдан явуулахын тулд төсвөөс мөнгө гаргаад байгууллагуудаар буулгуулчихсан хэрэг л дээ. Уг нь журмандаа бол буулгахад холбогдон гарсан бүх зардлыг тухайн аж ахуй нэгжүүдээр өөрсдөөр нь гаргуулах ёстой. Гэтэл одоо 900 гаруй самбар бууснаас 531 нь дүүрэг, нийслэлийн оролцоотойгоор буусан. Нэг ёсондоо албадан буулгасан гэсэн үг.
Тавдугаар сарын 31-нээс хойш самбар буулгахад зориулж өнгөрсөн жил нийслэл дээр 80 сая төгрөг төсөвлөгдсөн байсан нь дуусаад дээрээс нь дахиж мөнгө нэмж аваад дууссан. 531 самбар буулгахад 430 гаруй сая төгрөг зарцуулсан. Энэ мөнгийг эргүүлж тэдгээр аж ахуй нэгжүүдээс олж авахаар хөөцөлдөж байна. Одоогоор дүүрэг болгон дээр ойролцоогоор 5-10 байгууллага улсад мөнгөө төлөөд самбараа авсан байгаа.
-Одоо буулгах ёстой хэдэн самбар үлдсэн бэ?
-200 гаруй самбар буух ёстой. Мөн буулгах самбарын тоо байнга нэмэгдэж байгаа. Учир нь нийслэл даяар бүтээн байгуулалтын ажлууд ихээр өрнөж байна. Үүнд “Гудамж” төслийн хүрээнд уулзваруудыг шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор хийгдэж байгаа инженерийн шугам сүлжээ, авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил нөлөөлж байна.
-Улсаас мөнгө гаргаж буулгасан самбаруудын мөнгийг эргүүлж өгөхгүй бол ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Хураагаад авчихсан самбарууд нь журмын хашаанд бий. Самбараар нь барьцаална. Мөн төлбөрөө төлөөгүй тохиолдолд дахин самбарын зөвшөөрөл авна гэсэн ойлголт байхгүй болно. Тэрнээс гадна өнгөрсөн онд аудитын шалгалт оруулахад самбарын зөвшөөрөлтэй хүмүүсийн улсад төлөөгүй татварын 158 сая төгрөг байдаг. Дээрээс нь тодорхой хэмжээний нэлээд олон компани дээр зөвшөөрөл авсан ч гэсэн манайтай гэрээ байгуулах ёстой гэрээгээ байгуулаагүйгээс 1,2 тэрбум төгрөгийг төлөөгүй гэсэн зөрчил үүсээд байгаа. Өр төлбөртэй холбогдож байгаа бүх компаниуд зайлшгүй тэр зөрчлийг арилгасны дараа л шинээр зөвшөөрөл авах асуудлыг ярих болно.
Самбараа буулгуулсан аж ахуй нэгжүүд бол самбар буулгахад холбогдсон бүх зардлыг төлж байж тэр самбарынхаа бүтэц буюу төмрийг дээрээс нь шинээр самбар босгох зөвшөөрөл авах юм. Авахгүй байгаа нөхцөлд тэр самбаруудыг улсын орлого болгож ямар нэг байдлаар зардлаа олно.
-Тэр самбарууд нь зөрчлийнхөө үнэд дүйцэх үү?
-Буулгасан үнэ нь бол дүйцэх байх гэж ойлгож байгаа. Харин урьд өмнөх жилүүдэд мөнгөө төлөөгүй тэр асуудлууд бол яагаад ч бүтэхгүй л дээ. Өмнөх аудитийн шалгалтаар илэрсэн 1.2 тэрбум төгрөгийн зөрчлийг бид арилгуулахаар ажиллаж байгаа. Гэхдээ 1.2 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгуулахад нэлээд хүндрэл учирч байгаа. Яагаад гэвэл тэр нөхдүүд гэрээ байгуулаагүй зөвшөөрөл аваад алга болсон. Гэрээ байгуулаагүй учраас холбогдох эзэн холбогдогчийг нь тогтоох гэх зэрэг ажил бий. Гэтэл Захирагчийн ажлын албан дээр рекламны мэдээллийг хариуцсан нэг хүн, дүүргүүд дээр ч нэг нэг хүн байдаг. Энэ хүмүүс реклам төдийгүй өөр бусад ажлаа хийх ёстой. Тэгэхээр хүчин чадал хүрэлцэхгүй байгаа тал бий. Үлдсэн мөнгийг төлүүлэхийн тулд шат дараалалтай арга хэмжээ аваад явах юм.
-Одоогоор хэдэн төгрөг эргүүлэн аваад байна вэ?
-Гэрээтэй мөртлөө мөнгөө төлөөгүй 158 сая төгрөгийн зөрчлөөс 70 гаруй сая төгрөгийг олж аваад байна. 1,2 тэрбум төгрөгөөс одоогийн байдлаар 200 орчим сая төгрөгийг буцааж авсан. Ямар ч байсан энэ бүхнийг олж авахын төлөө ажиллаж байгаа. Мөн нэгэнт батлагдсан зүйл учраас самбар буулгах ажил үргэлжлэх ёстой. Шинэ журмаар бол самбарын зөвшөөрөл шинээр олгох, буулгах үүрэг нь дүүрэгт оногдсон. Нэг үгээр эрхийг нь олгож үүргийг нь өгсөн гэсэн үг. Захирагчийн ажлын албанаас ерөнхий бодлого чиглэлийг нь гаргаж удирдлагаар хангах юм. Журмаас өмнө манай Захирагчийн ажлын албатай холбоотой байсан. 1.2 тэрбум төгрөгийн асуудал, самбар буулгах асуудалд ч дүүргүүд манайхыг хараад байлгүй оройлон оролцох ёстой.
-Төлбөрийн зөрчилтэй компаниудаас дурдаж болох уу?
-Олон компани бий. Жагсаалтыг сайн баталгаажуулсны дараа өгнө. Бүх самбар буулгана гэхэд үнэхээр боломжгүй компаниуд байсан байгаа. Албан бичиг явуулаад хугацаатай мэдэгдэл өгчихнө. Тэр хугацааг дуусахад албан бичгийг гаргаж болох байх. Цаг нь болохоор хэвлэл мэдээллээр зарлана. Тэгээд дараа дараагийн шатны арга хэмжээг авна. Бүх аж ахуй нэгжүүдийг гуравдугаар сарын 22-ны дотор буулга гэсэн. Өөрсдөө буулгасан компаниуд цөөхөн байгаа. Оюутолгой, Скайтел, MCS зэрэг компани өөрсдөө буулгасан. Гэтэл дийлэнх компаниуд буулгаагүй.
-Энэ асуудал юунаас үүдэлтэй вэ?
-Өмнө нь хотын хэмжээнд 2000 гаруй самбарыг нэг хүн хариуцдаг байсан. Тэр хүн бүх самбарыг зөрчилтэй зөрчилгүйгээр нь ялгаад буулгаад явна гэхэд яагаад ч амжихааргүй ажил. Сүүлдээ ачааллаа дийлэхээ байгаад түүнтэй нь холбогдуулж шинэ журам гаргасан хэрэг. 2006 оны НИТХ-ын 145 дугаар тогтоол дээр самбарын зөвшөөрөл авсан бол гэрээ хийх ёстой гэж байсан. Төлбөрөө заавал төлөх ёстой. Гэтэл зөвшөөрлөө авчихаад гэрээ байгуулаагүй компани маш олон болсон. Ингээд ганц хүний хяналтаас гарсан хэрэг л дээ.
-Самбарын зөвшөөрлийг цаашид хэрхэн олгох вэ?
-Цаашид дүүргүүд олгоно. Гэхдээ одоохондоо олгох болоогүй байна. Буулгахыг нь буулгаад цэгцлээд шинэ дүр зураг гаргаж хотынхоо ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах шаардлагатай байгаа. Өнөөдөр нэг газар босгож болно гээд зөвшөөрөл олголоо гэхэд маргааш нь авто замын газрынхан ч юм уу аль нэг бүтээн байгуулалтын нөхдүүд “Үүгээр инженерийн шугам тавих гэж байсан юм. Энэ замыг өргөтгөх гэж байсан юм” гээд ороод ирдэг. Тэгэхээр уялдуулах хэрэгтэй. Өмнө нь уялддаггүй байсан.
Жишээ нь өнгөрсөн тавдугаар сард Яармагийн замд зөвшөөрөл олгосон байдаг. Нөгөө компани зөвшөөрөл авсан юм чинь очоод самбараа босгочихдог. Гэтэл зургаа, долдугаар сард нь бүтээн байгуулалтын үе ирээд энд хурдны зам тавина гээд маш олон самбарыг цааш нь нүүлгэсэн байдаг. Гэтэл ихэнх нь зөвшөөрлөө аваад cap ч болоогүй байдаг. Тэгээд дөнгөж цаашлуулаад босгосон чинь шинэ журам гарч ирээд дахиад бүгдийг нь буулгаж байгаа. Тийм учраас аж ахуй нэгжүүдийг буруутгахад хэцүү. Төрийн хоорондын уялдаагүй байдлаас болж хохирч байгаа юм. Аж ахуй нэгжүүдэд зөвлөхөд өөрсдөө буулгаад авчих нь тэр хүмүүст хамаагүй зардал багатай. Бид буулгаад нэг газар аваачина. Тэндээс дахиж зөөх болно шүү дээ. Самбаруудыг зарим нь нийслэлийн эзэмшлийн харьяа газруудын аж ахуйн хашаанд тавьчихдаг. Бүх дүүргүүд тийм газартай биш. Зарим нь айлын хашаанд тавина. Тэдний манаачийн хөлс нэмэгдэх юм.
-Хэдий хугацаанд энэ ажил дуусах вэ?
-Тоймтой хугацаа хэлж мэдэхгүй. Бүх үүрэг дүүрэг дээр очсон учраас бид дүүргүүдээ шахна. Самбар буулгах тал дээр хамгийн хурданг хийж гүйцэтгэсэн нь Хан-Уул, Баянзүрх дүүрэг юм. Ерөнхийдөө Баянгол, Сүхбаатар дүүрэгт л буулгах самбарууд үлдсэн байгаа.
Ж.Баярсайхан /Нийслэл таймс/
URL: