Таксинуудыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суудалтай болгоно

TaxxxxoТакси үйлчилгээний стандартыг шинэчлэхээр болжээ. Энэ талаар Нийслэлийн зам тээврийн газрын Стандарт хариуцсан мэргэжилтэн Л.Мягмарсүрэнгээс тодруулсан юм.

-Такси үйлчилгээний стандартыг шинэчлэхээр болсон байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Такси үйлчилгээний стандартыг таван жил тутамд хянах ёстой. Хуучин “Нийтийн такси үйлчилгээ, Ангилал ба шаардлага” MN5122:2008 гэсэн стандарттай байсан. Харин одоо шинэчлэгдээд “Такси үйлчилгээ. Тодорхойлолт ба ерөнхий шаардлага” MNS5122:2013 болж өөрчлөгдөж байна.

-Ямар үндэслэлээр шинэчлэх болсон юм бэ?
-Энэ стандартыг өөрчлөх хэд хэдэн шалтгаан байсан. Тухайлбал, такси тээврийн хэрэгсэл дээр байдаг нэмэлт тэмдэг, төхөөрөмжүүдийн хэмжээ байрлалыг тодорхой зааж өгөх шаардлагатай болсон. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд тээвэрлэхэд шаардлагатай нэмэлт суудал, бүс зэрэг тоноглолыг такси тээврийн хэрэгслийн тодорхой хувьд нь байрлуулахыг шаардах хэрэгцээ зайлшгүй тулгарсан. Үүнээс гадна такси үйлчилгээнд тавигдах шаардлагыг дэлгэрэнгүй болгох ёстой байсан юм. Тиймээс ч дээрх үндэслэлүүдэд тулгуурлан хуучин стандартыг дахин хянаж шинэчлэхээр болсон.

-Энэ асуудал дээр таксины жолооч нар ямар саналтай байна. Бүх таксиг нэг өнгөтэй болгох тухай яригдсан. Энэ боломжтой юу?
-Шаардагдаж буй стандартуудын талаар таксины жолооч нар болон зам тээврийн бүх холбогдох газруудаас санал хүсэлт авч нэгтгэн энэхүү шийдвэрийг гаргасан. Одоогоор бүх таксиг нэг өнгөтэй болгоно гэсэн шийдвэр гараагүй . Энэ талаар такси үйлчилгээний байгууллагууд болон холбогдох газруудтай хэлэлцэж байгаа. Бүх таксиг нэг өнгөтэй болгоно гэдэг нь санхүүгийн хувьд маш их бэрхшээлтэй асуудал. Такси үйлчилгээний олонхи нь хувийн байгууллагууд байдаг. Санхүүгээ тэд өөрсдөө зохицуулдаг учир бид шууд тийм шаардлагыг тулгах боломжгүй.

-Хэзээнээс шинэ стандартын шийдвэр хэрэгжиж, такси жолооч нар мөрдөж эхлэх вэ?
-Энэхүү такси үйлчилгээний стандартыг шинэчлэх асуудлаар холбогдох 10 гаруй байгууллагаас санал авсан. Үүнд Зам тээврийн яам, ҮХААЯ, БО НХЯ, МХЕГ, ШӨХТГ, АТҮТ /Авто тээврийн үндэсний төв/, УБТ С ХХК болон Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны 10 орчим байгууллагын санал багтаж байгаа юм. Одоо ганц байгууллагаар ороод эцсийн шийдвэрээ гаргана. Үүний дараа жолооч нар шинэ стандартаа мөрдөх боломжтой.

Э.Зулцэцэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих