Гэрээ хийгээгүй 16 эмийн сангийн төсвийг бусдад нь хувааж олгоно
Даатгуулагчид өрх, сум, багийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авсан тохиолдолд 80 хүртэлх хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. Энэ нь даатгуулагчдад төрөөс үзүүлж буй нэг төрлийн үйлчилгээ болдог юм.
Гэтэл Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг эмийн үнийн хөнгөлөлтийн санхүүжилт нийслэлийн хэмжээнд дууссан байна.
Энэ талаар НДЕГ-ын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газрын Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга М.Энхтуяагаас тодрууллаа.
-Эмийн сангуудад олгодог үнийн хөнгөлөлтийн санхүүжилт дууссан байна. Санхүүжилтийг хэзээ олгох вэ?
-Эмийн сангууд даатгуулагчдад 390 төрлийн эмийг 80 хүртэлх хувиар бууруулж, эм олгодог болсноор эмийн эрэлт нэмэгдэж байна. Нөгөө талаар даатгалын байгууллагаас сурталчилгаа хийж байгаатай холбоотой. Тухайлбал, 20 мянган төгрөгийн эмийг 80 хувь хөнгөлөөд иргэнд 4000 төгрөгөөр худалдаалж байна. Бүх эмийн сангийн гүйцэтгэлийг тооцож судалгаа гаргасан.
Хүрэлцэхгүй байгаа дүнгээр нь асуудал гаргаж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлд хүргүүлнэ. Нэг сар гаруй эмийн хөнгөлөлтийн санхүүжилтгүй байсан эмийн сангууд энэ сараас эхлэн үлдсэн санхүүжилтээ авч эхэлнэ. Гэхдээ бүх эмийн санд нэгэн зэрэг санхүүжилт хүрэхгүй.
Харин Эрүүл мэндийн даатгалын газраас санхүүжилтээ авсан ч гэрээ хийгээгүй 16 эмийн сангийн төсвийг бусад эмийн сангуудад хуваарилж өгнө. Мөн иргэд эмийн үнийн хөнгөлөлтийг оршин суугаа харъяалалынхаа эмийн сангаас авдаг гэсэн ойлголттой байдаг. Журам шинэчлэгдсэнээр харъяалал харгалзахгүй бүх эмийн сангаас хөнгөлөлттэй эм худалдан авч болно.
-Энэ онд нийтдээ хэчнээн төгрөгийн санхүүжилт олгосон бэ?
-2012 онд 4.8 тэрбум, 2013 онд 11 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Нийт 96 орчим эмийн сан хөнгөлөлт үзүүлдэг. Энэ санхүүжилтийг олгохдоо тухайн эмийн санд ногдох хүн амын харьяалал гүйцэтгэлийг тооцож байгаад олгодог.
-Даатгалын сангаар олгодог хөнгөлөлтөд хэрхэн хяналт тавьдаг вэ?
-Энэ онд гэрээ байгуулсан эмийн сангуудад хяналт тавина. Шинээр авч буй эмийн сан доод тал нь 11 сая дээд тал нь 300 гаруй сая төгрөгийн санхүүжилт авдаг. Нийт төсөв нь 11 тэрбум төгрөг байгаа. Аймгийн төвүүдэд энэ санхүүжилт хүрнэ. Хүн бүхэн эмнэлэгт хэвтэж даатгалын үр шимийг хүртдэг гэх ч үнэн хэрэгтээ эмээр даатгалын үр шимийг хүртэж байх ёстой.
-Хөнгөлөлтөөр эм олгож байгаа эмийн сангуудаас хамгийн их төсөв авдаг нь аль нь вэ?
-Хамгийн их буюу 335 сая төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн “Торгон туул” эмийн сан авдаг бол “Нинжнаваг” эмийн сан 110.6 сая, “Монос”-ын салбарууд 45-95 сая төгрөгийг санхүүжилт жилд авдаг.
Г.Мянган
URL: