Согтуу эмч, сувилагч нар М.Түмэннаст охиныг тархины хөгжилгүй болгожээ

2013070306tӨвдөж байгаагаа илэр­хийлээд уйлж ч  чадахгүй, байнгын тайвшруулах тариа, хүчилтөрөгч зал­гуулж байж амьдралын тө­лөө тэмцэж байгаа гу­равхан сартай нялх охи­ноо тэврэн суугаа энэ эмэгтэйг З.Зул-Эрдэнэ гэдэг. Тэрээр дөнгөж 27 настай. Анхныхаа хүүх­дийг тэврэх баярт мөч нь амьдралынх нь хамгийн бараан түүхээр солигдсонд гомдоод ч ба­рахгүй байгаагаа ярьж сууна. Охиноо харах бол­гондоо эдгэчих байх гэ­сэн итгэлээ алдчихгүйг хичээн суугаа түүнд үнэ­хээр хэцүү зүйл то­хиолджээ. Эхлээд охины биеийн байдлын талаар өгүүлье. Төрөх үед удаан хугацаанд усгүй байс­наас хүчилтөрөгчийн ду­тагдалд орж тархиндаа харвалт өгсөн, гавлын яс нь зөрсөн, тархины ховдол хоо­рондоо мэдэгдэхгүй сааралтсан. Цаашид тар­хины ямар ч хөгжил байхгүй, мэдрэлийн эмчийн хяналтад байнга байх шаардлагатай гэсэн оноштойгоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байна. Өөрөөр хэлбэл, энэ хүү­хэд цаашид хэр удаан амьдрах нь тодорхойгүй, тархины эд эс нь төрс­нөөс хойшхи гурван са­рын хугацаанд огтхон ч төлжөөгүй нь түүний ирээдүй яаж эргэхийг хэ­­лэхэд бэрх болгожээ. Тү­мэннаст охин хөхөө өө­рөө хөхөж чаддаггүй, гуур­саар хооллодог, төрс­нөөсөө хойш уйлж, инээгээгүй, нүд нь тог­тоогүй, тайван унтаж чадахгүй, гурван сартай хүүхдийн хэмжээнд орчноо мэдэрч чадахгүй байдалтай байна. Нарийн шинжилгээгээр түүний тархины хөгжил зогссон, бусад бүх эд эрхтэн эрүүл байгаа нь гарчээ. Гаднаас нь харахад толгой нь жижиг. Духнаас доошхи хэсэг нь хэвийн бойжиж байгаа ч, орой хэсэг нь дөнгөж төрсөн үеийнх шигээ байгаа юм.

 

З.Зул-Эрдэнэ: ЯДАЖ ОХИНЫХОО ДУУГ СОНСОХСОН

 

Гэхдээ Түмэннаст охин ийм болохгүй байх байсан. Хүн төрүүлэх үйлсээ мөнгөний сонирх­лоор сольсон эмч, уусан архиа гаргачихгүйн тулд ус нь гарчихсан ээ­жид нь нойрсуулах эм өгөөд унтуулсан согтуу сувилагчтай таараагүй бол тэр өнөөдөр бусад хүүхдийн адил уйлж, инээж чадах байж. Болсон явдлыг сийрүүлэхэд, З.Зул-Эрдэнэ Булган айм­гийн Могод сумын иргэн.  Угаас хөдөөний хүн, дээрээс нь нас залуу учир бие сайтай, тө­рөх тасагт хэвтэх хүрт­лээ ажлаа хэвийн хийж, хөнгөн шингэн байсан гэнэ.  Анх энэ оны гуравдугаар сарын 4-нд Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн жижүүр эмч ЭХО оношилгоо хийж “Ураг хэвийн, бойжилт сайн, хүйгээ ороосон, ус багадалттай” гэсэн тодорхойлолтоор төрөх тасагт хүлээн авчээ. Ингээд долоо хоногийн дараа З.Зул-Эрдэнийн дотуур хувцас норсон тул сувилагчдаа хандсан байна. Тэр өдөртөө өв­дөж, шөнөдөө 30 ми­нутын зайтай өвдөж хо­ножээ. Маргааш өг­лөө нь эмчийн үзлэгт оро­ход савны амсар нь гурван хуруу нээгдсэн байж. Эмчлэгч эмч Т.Эр­дэнэсүрэн нь үдээс хойш дахиж үзээд “Нэмж нээгдээгүй байна. Өнөө шөнөдөө харзная” гэжээ. Тэр шөнөдөө эх таван минутын зайтай өвдөж хоносон гэнэ. Ингээд мар­гааш нь дахин үзлэг хийхэд нэмж нээгдээгүй байсан тул өвдүүлэх эм тавьж төрүүлэхээр бол­жээ. Т.Эрдэнэсүрэн эмч оройны ээлжийн су­вилагч н.Энхтуяад “Зул-Эрдэнэд эм тавьж өнөө шөнө төрүүлээрэй. Хэд хоног өвдсөн шүү” гэж захижээ. Гэвч тэр өдөртөө эм тавиулчих сувилагч нь олдохгүй, З.Зул-Эрдэнэ өвдсөөр л байж. Гэтэл өвдөж эхэлснээс нь хойш эмнэлгийн үүд сахисан ээж нь оройны 21 цагт “Нөгөө эмч нар чинь архи ууж байна.

 

Хүүг /З.Зул-эрдэнийн нөхөр/ архинд яваад өгөөч гээд гуйгаад байна” гэсээр орж иржээ. Цагийн дараа тухайн үед жижүүр эмч хийж байсан В.Маналжав орж ирээд тоосон шинж­гүй “Өнөө шөнө ун­таж хонохоос яахав” гэ­чи­хээд гараад явчихжээ. Да­раахан нь ээлжийн су­вилагч н.Энхтуяа архи үнэр­түүлэн орж ирээд нош­фа, аналгинтай хольж судсанд нь хийсэн байна. Төрөх нь дөхчихсөн, ус нь гарчихсан ээж эм тавьж төрүүлэх ёстойг са­нуулахад “Жижүүр эмч өнөө шөнөдөө ун­туулья” гэсэн гээд гараад явжээ. Маргааш өглөө нь В.Маналжав эмч до­туур үзлэг хийхэд нээлт нэмэгдээгүй байсан тул усыг нь хагалахад балга ч хүрэхгүй ус гарсан гэнэ. З.Зул-Эрдэнэ ээж, нөхөр хоёртоо ядарч байгаагаа хэлээд хийсвэрээр төрүүлэхийг гуйж, Т.Эрдэнэсүрэн эм­чид хэлүүлэхэд хүлээж аваагүй байна. Ингээд өвдүүлдэг шингэн хоёрыг угсран залгаж, оройны 17.30 цагийн үед төрөх орон дээр гаргажээ. Өө­рөөр хэлбэл, З.Зул-Эрдэнийн ус нь гарч, өв­дөж эхэлснээс хойш дө­рөв дэх өдрийнхөө орой төрсөн гэсэн үг. Ус байхгүй, дээрээс нь тайвшруулах тариа та­риулчихсан байсан нь нө­лөөлсөн үү дүлэлт огт өгч чадахгүй байж. З.Зул-Эрдэнэ сүүлдээ ухаан нь балартаж, эмч, сувилагчид хоёр хоёроороо гэдсэн дээр нь шахаж дарсаар эцэст нь хүүхдийг гаргаж авчээ. Төрөх орон дээр гарснаас хойш бүтэн нэг цаг 30 минутын хугацаанд ноцолдсон гэнэ. Хүүхдийн толгой нь хагас гарчихаад бараг цаг болжээ. Ингээд охин хөдөлгөөнгүй, уйлж дуу гаргахгүй, хөхөрч харласан өнгөтэй төрсөн байна. Төрснийхөө дараа дөрвөн цагийн дараа хөл гараа хөдөлгөөд, нүдээ муухан нээж. Харин хоёр дахь өдрөөсөө дахин хөдөлгөөнгүй болж, нүдээ нээж чадахгүй болжээ. Үүнийг жижүүр эмч нь ямар нэг  хүчтэй тариа хийснээс боллоо хэмээн тайлбарлаж байжээ. Охины ээж цаашид болсон явдлын талаар ийнхүү ярьж байна.

-Төрсний дараа охинд ямар эмчилгээ хийсэн бэ. Хотод хэзээ ирэв?

-Хүүхдийн эмч нар хуралдаж миний охиныг тархиндаа цус харвалттай гэж оношилсон. Улаан­баатарт очиж нарийн шинжилгээ хийлгэе гэж гуйсан ч биеийн байдал нь замын ая даахгүй гэсэн шалтгаанаар 38 хоногийн дараа эмнэлгээс гарсан юм. Бид гарахдаа аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Б.Шижирбаатараас түр­гэний эмчтэй машинаар хүргүүлье гэж гуйсан. Ха­рин дарга хүүхдийн би­еийн байдал замын ая даана гэсэн. Ингээд бид Эрдэнэтээс такси дуу­дуулж Улаанбаатар хотод ирсэн. Энд ирэхдээ хүчилтөрөгчийн дутагдалд орчихсон байсан. Шууд нь Эх нялхсын эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн дээ.

-Одоо биеийн байдал нь ямархуу байна?

-Өвдөж байна уу, үгүй юу гэдгийг нь мэдэх аргагүй. Нялх амьтан гавлын яс нь товойгоод, нүд нь бүлтэлзээд хэ­цүү. Тархины хөг­жил нь зогсчихсон бо­лохоор уйлж, хөхөө хө­хөж чадахгүй. Үе үе хү­чилтөрөгчийн дутагдалд орж хамаг бие нь татдаг. Бие нь ерөнхийдөө хүйтэн байдаг.Тархинаасаа бо­лоод цусны эргэлт нь удаа­ширчихсан. Эмч нар найдваргүй л гээд байгаа. Гэхдээ охиноо харах болгонд хагалгаа хийгээд эдгэчих болов уу гэж итгэх юм. Тархиных нь заадас зөрснийг ха­галгааны аргаар эмчил­бэл, эд эс нь ургаад төлж­чих болов уу гэж горьд­дог. Шинжилгээгээр тархинаас бусад эрхтэн нь эрүүл гарна. Төрснөөс нь хойш тархины хэсэг нь огтхон ч томроогүй. Өдөр хоног өнгөрч, охины минь бие томрохын хэрээр яана даа гэж айж байна. Уг нь 3.5 килограмм төрсөн. Үнэхээр гомдоод барахгүй нь. Хэрэв тэр эмч нарт эмнэлэгт хэвтсэн даруйдаа мөнгө төгрөгийг нь өгчихсөн бол өдийд миний охин эрүүл саруул байх байсан биз.

 

С.Нарантуяа: МАНАЙ ЭМНЭЛГИЙНХЭН ТОМ АЛДАА ГАРГАСАН

 

Бид Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяатай утсаар холбогдсон юм.

 

-Танай аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудын буруугаас болж ийм хэрэг гарчээ. Хариуцлага алдсан эмч, сувилагч нарт хариуцлага тооцсон уу?

-Үнэхээр харамсалтай явдал болсон. Манай нэгдсэн эмнэлгийнхэн дэндүү хэнэггүй хандсан байсан. Уг нь бүгдээрээ олон жил ажилласан туршлагатай эмч, сувилагчид байгаа. Том алдаа гаргасныг бид хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Шижирбаатар даргыг ажлаас нь чөлөөлсөн. Яг энэ явдлаас болоод гэж хэлэхэд хэцүү. Өөрөө орон нутгийн сонгуулийн үеэр хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн байсан юм. Тэгээд ялагдаад буцаж ажилдаа орох хүсэлт тавьсан. Буцаан түр үүрэг гүйцэтгэгчээр томилсон хугацаанд ажлаа хангалттай хийгээгүй учир ажлаас нь чөлөөлсөн юм. Гэтэл намайг хүртэл элдвээр гүтгэж, шалгуулж эхэлчихээд байна. З.Зул-Эрдэнийн хувьд маш харамсмаар явдал болсон. Бид тусалж, дэмжих боломжтой бүх талаас нь харж байна. Тухайн үед хариуцлага алдсан эмч, сувилагчдын асуудлыг шат шатны ёсзүйн хороогоор хэлэлцээд аймгийн ёс зүйн хороонд шилжүүлсэн байгаа. Тэндээс шийдвэр нь удахгүй гарах байх.

-Ямар хариуцлага хүлээх бол?

-Ёс зүйн хороогоор хэлэлцүүлж байгаа болохоор торгох, эсвэл ажлаас нь чөлөөлөх л байх. Гэтэл тэр ээж, аавын сэтгэл санааны хохирлыг яах билээ. Дахиад ийм явдал гаргахгүй байх талаас сайтар анхаарах хэрэгтэй байна. Би өдөр бүр нэгдсэн эмнэлгийнхэнтэй уулзаж, дахин дахин сануулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих