НӨАТ-гүй болъё
Бизнесмэн, үйлдвэрлэгчид бас иргэд нэмэгдсэн өртгийн албан татвар буюу НӨАТ-ын учрыг олохгүй явна. Тэд ойлгохгүй байна уу, эсвэл төрийн зохицуулалт дутуугаас тэр үү олон хүн энэ татварын ач холбогдол, цаад зорилгыг тодорхойлж чадахгүй байна. Тэднийг эцсийн хэрэглэгч болох иргэдийн байр сууриас харах гээд үзье. Баянзүрх дүүргийн иргэн Буджавынх өрхийн аж ахуй эрхэлдэггүй, эхнэр нь насаараа улсад ажилласан, харин өөрөө малын эмч. Худалдааны төвүүдээс авсан бараа, зоогийн газарт идсэн хоол, ярьсан утасны төлбөрийнхөө үнийг арван хувийн татвартай нь хамт төлж буй шалтгаанаа тэрээр бас тайлбарлах арга эвээ олохгүй явна.
Тэр яахав гэхэд энэ татвараа бусад компани улсаас буцаан аваад байхад Буджав энэ ангилалд багтахгүй. Яагаад гэвэл тэр НӨАТ төлөгч биш. Дэлгүүрээс 70 мянган төгрөгөөр хүнсээ цуглуулаад гараад ирэхэд долоон мянгыг нэмж төлнө, утасны ярианы төлбөр 45 мянган төгрөг гарсан бол 4500-г нь бас “хачир” болгох жишээтэй. Учир нь тэрээр НӨАТ төлөгчид орлого оруулсан болохоор өөрөө биш өрөөлд “тусалж” буй хэрэг. Энд л хамаг учир бий.
ХУВЬ ХҮН ХЭЗЭЭ Ч ЭНЭ БУЦААН ОЛГОЛТЫГ АВАХГҮЙ ГЭЖ ҮҮ?
Манай улсад НӨАТ-ыг 1998 оноос нэвтрүүлжээ. Энэ бол шууд утгаараа компаниудын орлого, зарлагыг томруулдаг шилний цаанаас харах боломж олгодог болохоор тухайн үедээ санхүүгийн сайн хувилбар байж. Гэхдээ улсын төсөв одоогийнх шиг байсангүй. Өнөөдөр шиг долоон их наяд төгрөг биш дөнгөж 214 тэрбум төгрөгөөр бүхэл бүтэн улсын төсөв хэмжигдэж байсан учраас аргагүй биз. Тэгээд ч олон татвар төлөгч байгаагүй. Компаниуд бүгд орлого, зарлагынхаа падааныг нэг бүрчлэн улсад тушааж байж НӨАТ-ын мөнгөө буцаан авдаг болохоор яах аргагүй энэ нь тухайн үедээ шилдэг арга байж. Харин өнөөдөр сампин барьж тоо боддог цаг өнгөрсөн, дэлгэцийн цаанаас ганцхан товч дараад санхүүгийн аливаа гүйлгээ, тооцоо тэнцлийг амжуулдаг болсон болохоор энэ татвар ч нийгмээ дагаад шинэчлэлийг шаардаж байна. Зөвхөн аж ахуйн нэгжүүд гэлтгүй худалдаа, бараа үйлчилгээ авсан хэн бүхэн энэ татварын үр шимийг хүртэх шударга тогтолцоог санхүүгийн өөрчлөгдөн буй өнөөгийн ертөнц өөрөө нэхэж байгаа хэрэг.
Уг нь НӨАТ хэрэглээний татвар юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3.1-д “Иргэн, хуулийн этгээдийн импортолсон буюу экспортолсон бараа, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ” хэмээн заасан байна. Энэ ойлголтын түлхүүр нь юу гэвэл, арван сая төгрөгөөс дээш орлоготой иргэн, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийг энэхүү татварыг төлөгч, бас энэ татварыг улсаас буцаан олгох эрх бүхий этгээд гэж үзээд байгаа юм. Үүнийг тус хуулийн 5.3-д “Хөдөлмөрийн гэрээгээр байнга болон түр хугацаагаар ажиллаж байгаа иргэнийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид тооцохгүй бөгөөд түүнд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл, тэтгэвэр тэтгэмж, шагнал урамшилд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй” гэж зааснаас харж болно. Түүнээс биш сардаа 450 мянган төгрөгийн цалинтай жилдээ 5.4 сая төгрөгийн орлоготой иргэн Болд үүнд хамаагүй.
Гэтэл захын дэлгүүр хэсэхэд л төлбөрийн хуудсан дээр нь НӨАТ нэмсэн үнэ байгаа, тэрийг нь бид хараад л төлж орхидог. Угтаа бүгдээрээ дэлгүүр хэснэ, бүгд л энд тэнд хоол иднэ, утсаар ярина. Энэ бүхнийхээ төлбөрийг бүгд нэмэгдсэн үнээр нь төлдөг хэрнээ нэг хэсэг нь мөнгөө буцаан авна, харин нөгөө хэсэг нь буцааж авах нь битгий хэл бусдыгаа нэмэлт мөнгө авахад нь “хөрөнгө оруулна”. Ийм болохоор энэ татвар зах зээлийг ялгасан, нэг үгээр бол бохир тогтолцоог өөгшүүлж байна хэмээн эдийн засагчид шүүмжлэх болоод удлаа. Энэ татвар байх ёстой юу, үгүй юу гэдэг маргаан урт настай үргэлжилж байгаа ч иргэдийн нуруун дээр ирж буй үнийн нэмэгдлийн ачааллыг бууруулах тухай яриа одоо хэр нь шийдлээ олоогүй байна. Иргэд төлдгөөрөө төлж, бусад нь авдгаараа авсаар цаг хугацаа үргэлжилсээр.
“ШОГ ХУВААРИЛАЛТ”
Татварын байцаагч нар ийм тайлбар хийж байна. “НӨАТ бол тухайн бараа, үйлчилгээнд шингэсэн хүмүүсийн хөдөлмөр. НӨАТ-ыг төлөгч биш бол тухайн хувь хүн татвараа буцаан авч болохгүй” гэж. Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн захирал Д.Батжаргал “Бараа үйлчилгээнд энэ татвар шингэсэн үнээр иргэд худалдан авч байгаа. Гэхдээ тэд үүнийгээ буцаан авахгүй. Авдаг хууль ч байхгүй. НӨАТ төлөгч нь л авна. Тэр нь хэн бэ гэвэл, 10 сая төгрөгөөс дээш борлуулалт хийж байгаа аж ахуйн нэгжүүд НӨАТ төлсөн хугацаа нь болоход тайлангаа гаргаж өгөөд авдаг. Хувь хүн хэзээ ч энэ буцаан олголтыг авахгүй” гэсэн юм.
Энэ оны эхний таван сарын байдлаар татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 164.6 тэрбум төгрөг буюу 10.1 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ бол НӨАТ дөнгөж “мэндэлж” байхад хэцүүхэн байсан төсвийн тэн хагасаас илүү дүн. Та, бидний хуруу хумсаа хуйхлах шахам зүтгэж олсон цалин, түүнээс суутгасан татварын дараах орлогоо арай ядан хүргэж буй хэрэглээ маань энэ орлогыг бүрдүүлж байгаа. Бодоод үз дээ, үндэсний үйлдвэрлэгч, импортлогчдоо алагчлалгүй иргэд урамшуулж худалдан авалт хийлээ. Эцэст нь татвар төлөгч нь иргэд биш харин түүнийг нийлүүлж байгаа компани болж хувирав. Уг нь иргэд, худалдан авагчидгүй бол үндэсний үйлдвэрлэгч ч, импортлогч ч хаашаа ч хөдлөхгүй дээ. Тэгвэл гарцыг хаанаас хайх вэ. Д.Батжаргал энэ тухайд “Ер нь татварын тэгш байх зарчим л үйлчлэх ёстой” гэсэн нь энэ татварт иргэдийн эрх ашгийг хамгаалах нэг сэжүүр болж мэдэх юм. Бүгд НӨАТ төлөгч байх, эсвэл ерөөсөө ийм татвар байхгүй байвал яасан юм гэсэн бизнесмэн, үйлдвэрлэгчдийн бас нэг санал байна. 10 сая төгрөг гэдэг жижиг, дунд үйлдвэрлэгчийн хэмжээнд яригдаж байгаа дүн. Дөнгөж хөл дээрээ босох гэж ядаж байхад нь энэ мэт татвараар хавчаад байхаар өсөж өндийх нь ховор юм. Тийм болохоор манай улсад НӨАТ төлөгч болохгүйн тулд, төлөх татвараа нэмэхгүйн тулд орлогоо хуурамчаар бүртгүүлж, татвараас бултах арга бизнесмэнүүд, үйлдвэрлэгчдийн дунд бас хүчээ аваад байна. Өөрөөр хэлбэл, томоохон аж ахуйн нэгжүүд нь энэ татвараа буцаан авсан ч аваагүй ч асуудалгүй бол дөнгөж бүрэлдэж буй “жижиг”-чүүд нь хэрхэн мултрахаа хайсан утга учиргүй тэмцэл өнөөдрийн НӨАТ-ын цаад “хөшиг”-ний ард бий.
Үүний эхний үр дагавар хэдийнэ гарчихсан. Хууль хяналтын байгууллагын мэдээлж буйгаар НӨАТ-ын падааныг хуурамчаар үйлдэгчид олширчээ. Тухайлбал, импортын барааны НӨАТ ногдуулах үнэлгээг бууруулахын тулд хуурамч гэрээ хэлцэл үйлдэж, гаалийн мэдүүлэг бүрдүүлэх замаар төлөх татвараа бууруулах зэрэг зөрчил одоогоор мэдэгдээд байна. Энэ бүхний араас хуулийн байгууллага хөөцөлдөж, харин дөнгөж хөл дээрээ босох гэж ядаж байгаа аж ахуйн нэгжүүд зах зээлд “амьд” үлдэхийн төлөө хууль бусаар ч болов аргацаах гэж ядаж буй хөл толгой нь олдохгүй тогтолцоо бий болоод байна.
ГАДААДАД КАРТААРАА НӨАТ-АА БУЦААН АВНА
“Манай компани НӨАТ төлөгч болохоор падаанаа цуглуулаад мөнгөө буцаан авдаг. Харин хувь хүн НӨАТ-аа буцаан авч чадахгүй байгаа нь байж болшгүй зүйл. Бараа авах гэж нэмэлт мөнгө төлчихөөд түүнийгээ буцаан авахгүй байна гэж бодохоор сэтгэл гонсойдог юм” хэмээн эх сурвалж ярилаа. Харин вэб сайт хөгжүүлэгч “Содонсолушн” компанийн менежер А.Мягмар “НӨАТ-аас төлөөлөгдсөн компаниуд бий. Тэд манайхаар вэб сайт хийлгэхдээ НӨАТ нэмж төлдөг нь тэдний хувьд их ойлгомжгүй байдаг. Тэгсэн хэрнээ манай санал болгосон үнэ дээр НӨАТ нэмэхгүй байхыг хүсдэг” гэсэн юм. Олон компанийн хувьд энэ татвар оньсого болоод байгаа бол иргэдийн амьдралд үнийн өсөлт дээр нэмэгдэж буй бас нэг бэрхшээл.
Ер нь манайхаас өөр ингэж иргэдээ ялгаварлан гадуурхаж, нэгийг нь илүү төлүүлээд нөгөөгийнх нь толгойг илдэг тогтолцоо байдаг юм уу гэвэл бас үгүй аж. Автобусны тасалбар, ганц “ногоон”-ы үнэтэй хийжүүлсэн ундаанд хүртэл төлсөн татварын хуудсаа цуглуулаад иргэд нь НӨАТ төлдөг, төлдөггүй ялгаагүй мөнгөө буцаан авдаг жишээ байна. Сингапурт жуулчлаад ирсэн нэгэн танилд минь үйлчлүүлсэн бараа, үйлчилгээнийх нь НӨАТ-ын буцаан олголт илгээмжээр ирсэн тохиолдол ч бий. Солонгос руу явсан монголчууд авсан бараанд нь шингэсэн НӨАТ-аа цаг алдалгүй буцаан авдаг жишээ байна. Түүнээс биш бидэн шиг нэмэгдсэн үнээр худалдан авалт хийчихээд хэнд, хэрхэн хандахаа мэдэхгүй явдаг жишиг Өмнөд Солонгос дахь гадаад жуулчдад хүртэл алга. За тэгээд, хамгийн ойрын хөрш Бээжинд хүртэл иргэд нь картаар тооцоогоо хийж, тэр дор нь НӨАТ-аа бодуулан авч байна. Энэ жишиг нь хамгийн олон гадны гийчдийг цуглуулдгаараа алдартай хятадуудыг нэг талаар ажлын байртай болгож байна. Яагаад гэхээр, хэн нэгэн гаднын жуулчин худалдаа хийхэд хажуунаас өөрийн картаараа тооцоо хийж НӨАТ-ыг нь өөртөө бодуулах, хувааж авах гээд олон хувилбар байгаа болохоор тэр. Тэгвэл Их Британийн Татварын албаны “http://www.hmrc.gov.uk” цахим хуудаст “Таны төлсөн НӨАТ-ыг бид таны хүсэлтийг хүлээж авсан даруйдаа шилжүүлэх болно” хэмээн дурджээ.
Харин манай улсад санхүүгийн систем нь сампингаасаа салаагүй, эдийн засгийн “цаг агаар”-ыг шинжих зориулалттай НӨАТ нь утгаа алдаад, эцэстээ иргэдийн нуруун дээр хамгийн том ачаа үүрүүлж байна. Ингээд бодохоор ерөөсөө л НӨАТ-гүй болчихвол яасан юм.
URL: