Цахим эрх чөлөө

Фэйсбүүк, твиттерийг мэдэхгүй хүн үгүй болжээ. Хот хөдөөгүй цахим ертөнцөөр аялаад завгүй. Цахим сүлжээ Монголыг бүү хэл, дэлхийг чичрүүлж байна. Алдарт Ассанжаас эхэлсэн энэ дуулиан Хятадын кибер тагнуулчдаар хүч түрж, Америкийн тагнуулч Сноудэний дуулианаар үргэлжилж байна. Компьютер гэгч эдийг арван хуруу шигээ мэддэг хүнд тэндээс юуг л бол юуг олж авч болж байна. Компьютер, гар утсаараа хүссэн газраасаа интернэтэд холбогдож байна. Алба, амины байр, автомашины замын түгжрэл, агаарт, усан доогуур ер хаанаас ч. Сүлжээний бизнес, хүний болоод бараа таваарын наймаа худалдаанаас өгсүүлээд алга болсон нэгнийг эрэн сурвалжилж, бас амьд нэгнийг үхүүлж чадаж байна. Харин хэн ч цахим ертөнцтэй хариуцлага тооцдоггүй. Ийм учраас энд хэн юу дуртайгаа хийж байна. Хамгийн аюултай нь энэ. Монголд цахим ертөнц бүрэн утгаараа хөгжиж байгаа нь үнэн ч үүнийг ашиглан хүмүүс юу хүссэнээ хийж байна. Аливаа сонгуулийн өмнө, Сонгуулийн хуулийг зөрчиж сурталчилгаа, хар пиар, хүний нэр төрийг гутаасан зурагт эвлүүлэг, сэтгэгдлийг дуртай цагтаа бичиж, нийтэлж байна. Твиттерчид өөрсдийн санал бодлыг хуулиас давж илэрхийлж байна. Энэ бол цахим эрх чөлөө, бас хүний хэвлэн нийтлэх, санал бодлоо илэрхийлэх эрх чөлөө. Энэ эрх чөлөө хязгааргүй үргэлжилж байна. Монголчуудыг гутаан доромжилсон гадныхны үйлдэл ч “нээт”-ээр чөлөөтэй тэнэж явна. Хоёр хоногийн өмнө гэхэд л гадны нэгэн сайтын эх сурвалжтай мэдээлэл фэйсбүүкээр тарсан. Гадаадын хэдэн охид монгол бөхийн зодог шуудгийг өмсчихсөн барилдаж байгаа зураг нийтлэв. Өмнө нь мөн л гадаадын хэдэн ижил хүйстэн залуус монгол бөхийн зодог шуудгийг өмсчихсөн ёс бус үйлдлээ хийж байгаа бичлэгийг тавьсан байв. Хятадууд Монгол Улсын газрын зургийг өөрийн улсын нутаг дэвсгэр хэмээн зурж, дунд сургуулийн сурагчдад үзүүлэн болгон ашигладаг тухай нийтлэсэн. Энэ бүхэнтэй хэн хариуцлага тооцсон бэ. Манай хууль хяналтынхан цахим ертөнцөд ямар ч хяналт тавьдаггүй нь илт. Харин зарим байгууллага, тухайлбал, Замын цагдаагийн газар цахим ертөнцөөр дамжуулан замын хөдөлгөөний дүрэм зөрчигсдөд хариуцлага хүлээлгэж эхэлсэн байна билээ.        Түүнчлэн цагдаа, тагнуулынхан, мэргэжлийн хяналтынхан энэ мэт зөрчил дутагдалд шүүмжлэлтэй хандаж, эх сурвалжаа болгож ажиллахад болохгүй гэх газаргүй. Харин буруу ташаа мэдээлэл түгээсэн нэгэнд хариуцлага тооцдог байх хэрэгтэй.

Зөвхөн фэйсбүүкт л гэхэд нөхрөө араар нь тавьсан эмэгтэй, эхнэрээ хаясан нөхрийн зураг хөргийг олонтаа нийтэлдэг. Хаягдсан эхнэр, нөхөр буруутай байж болох ч энэ бол хүний эрх. Түүнийг хүүхдээ зодсон эцэг, хулгай луйвар хийсэн нэгэнтэй харьцуулж боломгүй. Цахим ертөнц дэндүү хэрцгий юм гэх нэгэнтэй таарч байв. Тийм ээ, энэ үнэн. Цахим ертөнцөөр хэн юу ч гэж харааж зүхэж болдог. Нууц гэж байхгүй. Интернэт, цахим ертөнц үүгээрээ сул талтай. Тиймдээ ч цаасан хэвлэл хүчтэй хэвээрээ байгаа юм. Буух эзэнтэй, буцах мөртэй болохоор тэр. Харин интернэтэд хэн ч юу ч бичиж болдог, түүнийгээ хэдэн мянга, хэдэн сая хүнд зэрэг түгээж болдог болохоор аюултай. Хэнийг ч гутаан доромжилж болдгоороо аймшигтай.

Би таньдаг таньдаггүй хэн нэгнийг яг одоо юу хийж байгааг нь мэднэ. Бороонд норж явааг нь, борцтой цай ууж байгаа нь, хурал дээр сууж байгааг нь, бааранд ууж байгааг нь ч мэднэ. Бас хэнд хайртайг нь мэднэ, хэнийг үзэн яддагийг нь мэднэ. Тэр хийж буй бүхнээ “нээт”-ээр цацдаг болохоор тэр. Цахим ертөнцөд соёлтой, боловсон, нэгнээ хүндэтгэж харилцдаг хүмүүс өч төчнөөнөөрөө байна. Мэдэхгүй юмаа мэдэж авна, олохгүй байгаа зүйлээ олоод авчихна. Сэтгэлээр гутарсан нэгэндээ сайхан үг хэлж, сайхан дуу илгээнэ. Зовлонтой нэгэндээ санаа нийлээд тусалчихна. Бурууг шүүмжилж, зөвийг дэмжинэ. Дэлгүүрт хулгай хийж байгаа ээж охин хоёрыг фэйсбүүкчид нэг нэгэндээ “шэйрлэсээр” байгаад хулгайч нарыг цагдаагийнхан барьж авсан гэж дуулдсан. Машиныхаа цонхоор хог хаягсад цөөрч байна, замын хөдөлгөөний дүрэм зөрчигсөд багасч байна, төрийн албан хаагчдын хүнд суртал багасч байна. Энэ бол цахим ертөнцийн ач тус. Фэйсбүүк, твиттерээс хэрэгцээтэй мэдээллээ яаж ийгээд олоод л авчихна. Цахим ертөнцийн эрх чөлөө гэдэг уг нь энэ.

 

Б.Оюунгэрэл


URL:

Сэтгэгдэл бичих