Элсэгчид 750 оноо авбал 70 хувийн тэтгэлэг хүртэнэ
Их, дээд сургуулиуд өчигдрөөс босго онооны шаардлага хангасан элсэгчдээ бүртгэж эхэллээ.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн шалгуулагчид онлайнаар оноогоо харж болно. Түүнчлэн ихэнх их, дээд сургуульд онлайнаар бүртгүүлэх боломжтой. Ингэхдээ сонгосон сургуулийнхаа цахим хуудаст нэвтрэн бүртгэлийн дугаараараа бүртгүүлэх юм байна.
МУИС, ШУТИС, СЭЗДС онлайн бүртгэлийг сүүлийн дөрвөн жил хийж байгаа туршлагатай. Харин МУБИС-д элсэхийг хүсэгч заавал биечлэн очиж бүртгүүлэх гэнэ. Энэ талаар тус сургуулийн сургалтын менежер Д.Цэдэвсүрэнгээс тодрууллаа.
-Энэ хичээлийн жилд танай сургууль хэдэн оюутан элсүүлэх вэ?
-Манай сургууль 2238 оюутан элсүүлнэ. Босго оноо 650-750 байгаа. 46 мэргэжлээр элсэлт авахаар болсон.
-Ихэнх сургууль бүртгэлээ онлайнаар давхар хийж байна. Танайх заавал биечлэн ирж бүртгүүлэхийг шаардаж байгаа гэсэн?
-Бусад сургууль онлайнаар бүртгэж байгаа гэсэн. Манайх биечлэн ирж бүртгүүлэхийг шаардаж байгаа. Ирэх жилээс онлайн системд шилжих байх. Харин орон нутгийн элсэлтийг МИДСК хариуцаж байгаа.
-Багш болох сонирхолтой оюутан тэтгэлгээр суралцах боломжтой болсон талаар тайлбарлахгүй юу?
-Энэ жил багш болох сонирхолтой оюутанд Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломж бий. Өөрөөр хэлбэл, 650-750 хүртэлх оноо авсан бол 70 хувийн, 750-иас дээш оноо авсан бол 100 хувийн тэтгэлэгт хамрагдахаар болсон. Тэтгэлэгт хамрагдан мэргэжлээрээ төгссөний дараа таван жил энэ чиглэлээрээ ажиллах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа.
Д.Баттогтох
/ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: