Хайртай охиныг нь авч одсоны хариуд хоёр жилийн ял ногдууллаа

1_1370480375-Б.Есүгэн охины амийг хөнөөсөн этгээдүүдийн толгойг илээд өнгөрлөө-

Өнгөрсөн оны есдүгээр сарын 3-нд хичээлээ тараад ээж, дүүгийнхээ хамт явж байсан Б.Есүгэн охины дээрээс зуурмаг шахдаг помпны сум унаж, амийг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан билээ.

Энэ хэргийг шүүх хурал Баянгол дүүргийн шүүхэд боллоо. Олон нийтийг цочроосон эл хэргийн шийдвэрлэлт ямар байх бол гэж хүлээсэн хүмүүс олон байсан. Гэхдээ хүмүүсийг удаан хүлээлгэсэн шийдвэр гарсангүй.

Тодруулбал, “Орд гео” ХХК-нд бетон зуурмаг шахагч автопомпны оператор жолоочоор ажиллаж байсан Г.Гантөмөрт Эрүүгийн хуулийн 94.1 буюу бусдыг болгоомжгүйгээс болж амь насыг нь хохироосон хэмээн үзэж, 1.6 жилийн хорих ял оноолоо.

Мөн тус компанид бетон зуурмаг шахагч автопомпны туслах ажилтнаар ажиллаж байсан Б.Дашнямд Эрүүгийн хуулийн 94.1-д зааснаар нэг жилийн хорих ял ногдуулан жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болжээ.

Түүнчлэн “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батболд, “Төгс Гүрэн” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Болд нарт Эрүүгийн хуулийн 183.1 буюу Уул, уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан хэмээн үзэж тус тус тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хасч, хоёр жилийн хорих ял ногдуулжээ.

Мөн “Орд гео” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Б.Саранхүү, “Буянтрак” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Буянтэгш, “Премиум Конкрет” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Батмөнх нарын урьд явуулж байсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, шүүгдэгч тус бүрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 28 сая 80 мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэжээ.

Харин “Премиум конкрет” ХХК-ийн хөдөлмөр хамгааллын ажилтнаар ажиллаж байсан С.Очирсүрэн, Консолит ХХК-ийн хяналтын менежерээр ажиллаж байсан Б.Баттулга нарын үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэж, хэрэгсэхгүй болгосон байна.

Хөдөлмөр аюулгүй байдлын улмаас хүний амь нас хохироосон хэргийг анх удаа шийдвэрлэж, олонд танилцуулж байгаа гэхэд болно. Өмнө нь болдог байсан ч ял эдэлж байсан хүн бараг үгүй. Хэрэг хийсэн хүн хариуцлагаа хүлээх ёстой гэдгийг энэ шийдвэрлэлт харуулсан ч тийм нүдээ олсон ял байсангүй. Хуульдаа санамсар болгоомжгүйгээс болж хүний амь нас хохироосон гэж үзэн ногдуулах жил нь бага ч хүний амийг хоёр жилээр үнэлнэ гэдэг дэндүү харамсалтай бас гомдолтой байна.

Хуулийнхаа дагуу гэх боловч дахин ийм хэрэг гаргахгүй байх гэдэг үүднээс чангахан шиг ял ногдуулж, сургамж өгөх ёстой байлаа. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниуд хөдөлмөр аюулгүй байдал дээрээ анхаарч, ажиллах байсан юм.

Санамсар болгоомжгүйгээс гэх тодотголтойгоор амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийг тоолж баршгүй. Ийм тохиолдолд компанийн зүгээс хэдэн төгрөг өгөөд л салдаг. Ямар нэгэн ял шийтгэл сонслоо гэж үгүй. Гэтэл тухайн барилгын компани ажилчдынхаа хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж, өглөө ажилд гарахад нь аюулгүй байдлыг нь бүрэн хангаж, үүнийг хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан хүн шалгах ёстой. Гэтэл энэ байдлыг хангалгүй ажилдаа алдаа гаргасан компани нь ямар нэгэн осол болсон үед санамсаргүй байдлаасаа гэх ганц үгээр таглаа хийгээд өнгөрдөг.

Энэ байдлыг халахын тулд Б.Есүгэн охины хэрэгт чанга ял ногдуулах байсан юм. Гэмт этгээдүүдэд ногдуулсан ял магадгүй дараа дараагийн ийм хэргүүдээс урьдчилан сэргийлэх байлаа. Хүний амь хөнөөсөн хэргийг нэг жилээр хязгаарлана гэдэг дэндүү харамсалтай байна.

11-хэн насандаа хорвоог орхисон охины амь ямар ч үнэ цэнэгүй байсан гэж үү. Хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиагүй хүмүүсийн балгаар хүүхдийн амийг хөнөөсөн этгээдүүд өнөөдөр эрх чөлөөтэй, дур зоргоороо алхаж буй. Олон хүн энэ хэргийн эздэд ногдуулсан ялыг дэндүү хөнгөдөж байна гэж ярьж байна.

Г.Төгс


URL:

Сэтгэгдэл бичих